Ц.Оюунчимэг: Ямар ч ажлыг зориглож эхлүүлбэл нас оройтдоггүй юм байна

Украинд болсон хүндийн өргөлтийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн Ц.Оюунчимэгтэй ярилцлаа.
Украинд болсон хүндийн өргөлтийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн Ц.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн юм. Хэр баргийн хүний дийлэхгүй хүнд штангийг ажрахгүй өргөж, дэлхийн аваргуудтай эн зэрэгцэн өрсөлдсөн түүний дараагийн зорилго Италид болох тоглолтод оролцох ажээ.

-Та хүндийн өргөлтийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна?

-Штанг өргөж эхэлснээс хойш жил дөрвөн сар өнгөрчээ. Өнгөрсөн оны хавар гэр бүлийнхнийхээ зөвлөгөөг дагаж уг спортоор хичээллэхээр шийдсэн. Миний удамд сайн бөхчүүд байдаг учраас ийм зөвлөгөө өгсөн байх. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн байдал тааруу байсан нь хүндийн өргөлтөөр хичээллэх шалтгаан болсон. Тухайн үед спортоор хичээллэх шийдвэр дасгалжуулагчидтайгаа гаргаад ирж уулзахад намайг элэгсэг дотноор хүлээн авч байлаа. Түүнээс хойш тасралтгүй хичээсний дүнд одоо бие бялдрын хувьд эрүүл чийрэг болжээ. Хөдөлгөөн хүнийг эрүүл болгодог гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн дээ.

-Та хэн гэдэг бөхийн удмын хүн бэ?

-Би Булган аймгийн Хангал сумын харьяат. Монголын үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Тийм учраас бяр тэнхээ надад байгаа болов уу гэж бодоод хүндийн өргөлтөөр хичээллэсэн. Энэ спортоор нас явсан хойноо хичээллэсэндээ харамсдаг. Бага залуудаа хичээллэсэн бол одоо бусдын адил бэлтгэл нь жигдэрсэн тамирчдын нэг явах байсан ч юм бил үү гэж боддог юм. Залуудаа бичиг хэргийн ажил эрхэлдэг байснаас их хөшингө, шохойжилттой болчихсон байсан. Их спортын ачаар одоо өвчингүй болсон.

-Медаль хүртсэн тэмцээн тань хэр өрсөлд өөнтэй болов. Зорьсондоо хүрч чадсан уу?

-Украинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 50 гаруй орны тамирчинтай өрсөлдлөө. Би эмэгтэйчүүдийн 50-54 насанд 75 кгын жингийнхэнтэй хүч үзсэн. Нийт 700 гаруй тамирчин оролцсоноос 100 нь эмэгтэй байлаа. Миний жинд зургаан тамирчин оролцох байсан ч хоёр нь шалтгаанаар хасагдсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь дэлхийн зургаан удаагийн аварга Их Британийн тамирчин Сандра байсан. Тэмцээний явцад түүнээс илүү жинтэй штанг өргөхөөр их хичээсэн ч зургаан кг-аар дутуу өргөж мөнгөн медаль хүртсэн. Би огцмоор 52, түлхэлттэй өргөлтөөр 64 кг өргөсөн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд санасан амжилтаа гаргаж чадаагүй. Тэмцээний өмнөх бэлтгэлд 115-130 кг өргөж байсан юм. Харин тэмцээнд 116 кг өргөсөн.

-Та залуудаа спортоор хичээллэдэг байв уу?

-Ерөөсөө спортоор хичээллэж байгаагүй. Бүр сонирхож ч яваагүй шүү.

-Тэмцээнд оролцох эрхээ хэзээ биелүүлсэн бэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох босго оноо 90 кг байдаг. Би өнгөрсөн оны есдүгээр сар 100 кг өргөж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ биелүүлсэн. Гэсэн ч тухайн үед хугацаа хожигдсоноос болоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй.

-Жилийн өмнө анх энэ спортоор хичээллээд амжилт гаргасан танаар бахархаж байна. Хүнд штанг өргөөд анхандаа хэцүү санагдаж байсан болов уу?

-Эхэндээ маш хэцүү байсан. Би хүнд жинтэй штанг өргөөд суух нь битгий хэл зүгээр сууж чаддаггүй байлаа. Миний өвдөг шохойжилттой эрүүл мэнд тааруухан байсан шүү. Одоо хүндийн өргөлтийн техникийг сурахад нас ахисан болохоор хэцүү байна. Гэхдээ спортоор хичээллэвэл их уян хатан болдог юм байна. Анх бэлтгэл яаж хийдгийг ч мэдэхгүй хэрнээ 60 кг өргөсөн. Тэгээд өвдгөндөө бэртэл аваад хоёр сар бэлтгэл хийгээгүй. Тэр л үед тамирчин хүн бэртэл авах ямар хэцүү байдгийг бага ч гэсэн ойлгосон.

-Таны жинд өрсөлдөх нутгийн тамирчид бий юу?

-Миний нас, жинд Монголд надтай өрсөлдөх ахмад эмэгтэй тамирчин байхгүй. Өмнө нь ч байгаагүй гэсэн. Өрсөлдөх ахмад тамирчин байхгүй болохоор өөрийн жинд бэлтгэл хийдэг залуу тамирчидтай бэлтгэлээ базаадаг. Тэдэнтэй бэлтгэл хийхэд сайхан байдаг юм.

-Дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг шагнуулсан гэж сонслоо. Та ямар шагнал гардав?

-Олимпийн одонгоор шагнууллаа. Манай холбооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны тэргүүн Д.Загдсүрэн ажилладаг юм. Тэгээд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдаа хүндэт одонгоор шагнасан.

-Одоо амжилтаа хэрхэн ахиулъя гэж төлөвлөж байна вэ?

-Мэдээж дэлхийн аваргын тэмцээн дээр өргөсөн 116 кг-аа бататгахын зэрэгцээ өргөх жингээ нэмье гэж бодож байна. Ирэх жилийн наймдугаар сарын 1-15-нд Италид дэлхийн мастерын холбооны дөрвөн жилд нэг удаа болдог тоглолт болно. Ахмад тамирчдын хувьд олимп юм даа. Тэр тоглолтод миний нас, жингийн тоглолтын эзэмшдэг дээд амжилт гэж байдаг юм. Түүнийг л эвдэхийн төлөө эрчимтэй бэлтгэл сургуулилтаа хийхээр төлөвлөж байна. Ахмад тамирчид долоо хоногийн гурван өдөр бэлтгэл хийдэг. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө өдөр бүр бэлтгэл хийж байлаа. Ер нь хүн биеэ нөөгөөд байх хэрэггүй. Ямар ч ажлыг эхлүүлбэл оройтдоггүй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Манай улсад хүндийн өргөлтийн “Дэлхийн цом”- ын тэмцээн удахгүй болно. Та оролцох уу?

-Тэмцээнд оролцох хүсэлт гаргасан ч хугацаа нь оройтсон гээд больсон. Тэгээд ч бэлтгэл сургуулилт хийх хугацаа бага үлджээ.

-Таны жингийн Монголын дээд амжилт хэдэн кг байдаг юм бол?

-75 кг-ын эзэмшдэг дээд амжилт хэдэн кг байдгийг сайн мэдэхгүй юм байна. Ер нь насны ангиллаас хамаараад жин тус бүрт ялгаатай. Одоо манай залуу тамирчдаас гавьяат тамирчин Н.Баярмаа Монголынхоо хүндийн өргөлтийн дээд амжилтыг 100 гаруй удаа эвдээд байгаа. Би дүүгээ сайн тамирчин гэж үнэлдэг.

-Гэр бүлд тань спортын хүн бий юу?

-Б.Түвдэндорж аваргын охиных нь хүүхэд сумод барилддаг байсан ч энэ жилээс больсон. Хэдийгээр нэг их амжилт гаргаагүй ч тодорхой хэмжээнд өөрийгөө таниулсан. Мөн миний дүү үндэсний бөхөөр хичээллэдэг байсан. -Одоо Таныг ямар тэмцээн хүлээж байна? -Ирэх сард паурлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа. Гэхдээ штанг, паурлифтинг өргөх байдлаараа адилхан ч техникийн хувьд ялгаатай. Тиймээс дасгалжуулагч багшийнхаа зөвлөгөөг сонсоод бэлтгэлээ хийнэ.

Б.СЭЛЭНГЭ 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)