Б.Иванишвили АНУ-д айлчилна

    Энэ сарын 1-нд болж өндөрлөсөн Гүржийн парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний Гүржийн мөрөөдөл эвслийн тэргүүн, тэрбумтан Бидзина Иванишвили хилийн чанад дахь анхны айлчлалаа АНУд хийхээр төлөвлөж байгааг тус улсын “Новости-Грузия” агентлаг мэдээллээ.
    Энэ сарын 1-нд болж өндөрлөсөн Гүржийн парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний Гүржийн мөрөөдөл эвслийн тэргүүн, тэрбумтан Бидзина Иванишвили хилийн чанад дахь анхны айлчлалаа АНУд хийхээр төлөвлөж байгааг тус улсын “Новости-Грузия” агентлаг мэдээллээ. Үүнээс өмнө буюу Гүржийн барууныг дэмжигч Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг ялагдсан нь тодорхой болсны дараа ОХУ “Гүржтэй харилцах харилцаагаа сэргээхэд бэлэн байна” гэж мэдэгдэж байсан юм. Харин Гүржийн дараагийн Ерөнхий сайд, цаашлаад Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай Б.Иванишвили “Миний гадаадад хийх анхны айлчлал АНУд байх болно” гэж мэдэгдсэн нь түүнийг барууныг дэмжсэн Засгийн газрын өмнөх бодлогыг бүрмөсөн устгахгүй гэдгийг нотлов.
Барууны хэвлэлүүдэд бичсэнээр, Б.Иванишвили ОХУд бизнес эрхэлж, суралцаж байсан аж. Тиймдээ ч түүнийг “ОХУ-ыг дэмжигч Гүржийн сонгуульд ялалт байгууллаа” гэж мэдээлж байсан юм. Хуучин ЗХУын гишүүн, Оросыг дэмжигч Гүрж, ОХУын харилцаа 2008 онд Өмнөд Осет, Абхазын асуудлаас болж муудсан. Өмнөд Осет мужид өрнөсөн таван өдрийн дайнд Гүрж цөөнгүй цэргээ алдаж, ОХУд ялагдсаны дараа Өмнөд Осет, Абхаз тусгаар тогтнож, Гүржийн захиргаанаас гарч, одоог хүртэл ОХУ дээрх хоёр бүс нутгийн дотоод хэрэгт оролцож, дэмжсээр байгаа юм. Үүний улмаас Гүржийн Ерөнхийлөгч М.Саакашвили АНУ-ыг түших болсон. Энэ нь тус улсыг ОХУ-ыг чиглэсэн гэх маргаантай, НАТО-гийн Европт байрлуулах пуужингийн хамгаалалтын системийн нэг түшиц газар болгох боломжийг барууны орнуудад олгосон юм. Юутай ч, АНУ Оросын адил Гүржийн парламентын сонгуулийн хөдлөшгүй үр дүнг дэмжсэн бөгөөд Б.Иванишвилиг Оросоос түрүүлж урьжээ. Б.Иванишвилиг ОХУ уриагүй байгаа. Мөн холбоо тогтоох болон ямар нэгэн баяр хүргэсэн мэндчилгээ хүлээн аваагүй аж. Тэрбээр саяхан “АНУ намайг хэдийнэ урьсан. Харин би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл энэ айлчлалаа хойшлуулахыг хүссэн” гэж хэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 6-нд болно. Гэхдээ ялагч нь арванхоёрдугаар сарын 17-нд албан ёсоор тодорч, албан тушаалаа хүлээн авна. Өөрөөр хэлбэл, Б.Иванишвили Цагаан ордны тэргүүний өрсөлдөөнд Барак Обама өвдөг шороодсон, шороодоогүй аль нь ч болов түүнтэй уулзах юм. Учир нь Б.Иванишвили арваннэгдүгээр сарын 6-нд АНУ-д сонгууль болж өндөрлөсний дараа тус улсад нэн даруй, шууд зочилно хэмээн амласан. Тэрбээр цааш нь “АНУ-д айлчилсныхаа дараа шууд Гүржид ирнэ” гэж мэдэгджээ. Түүнийг Европын цөөнгүй орон урьсан. Харин Б.Иванишвили тэдгээр оронд зочлолгүйгээр эх орондоо ирэх юм байна. Дашрамд дурдахад, Б.Иванишвили АНУ-д хийх айлчлалаа “Манай гол түнш, найз АНУ-ыг зорих олон шалтгаан байна” гэж тайлбарласан юм. Гүржийн парламентын сонгуулиас хоёр хоногийн дараа буюу өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Александр Лукашевич “Гүржийн сөрөг хүчний ялалт Гүржийн хөгжилд ач тусаа өгөх, хөрш орнуудтай харилцаа холбоогоо сайжруулах шинэ эхлэлийг тавьж байна” гэж мэдэгджээ. Гүрж ОХУ-ын харилцаа Өмнөд Осет, Абхазын асуудлаас болж гацсаны дараа Оросыг дэмжигч, хуучин ЗХУын бүрэлдэхүүн орнууд болон Гүржийн харилцаанд ч мөн саад учирсан юм. Гүржийн сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, нийт саналын хуудсын 97.03 хувийг тоолсны дараах байдлаар сөрөг хүчний Гүржийн мөрөөдөл эвсэл Ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн эрх баригч Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намыг 55:40.27 хувийн саналаар ялжээ. Ингэснээр олонхийн суудал авсан Гүржийн мөрөөдөл эвслийн тэргүүн Бидзина Иванишвили Ерөнхий сайд болох боломжтой болсон юм. Гэсэн ч тэрбээр Ерөнхийлөгч М.Саакашвилийн бүрэн эрхийн хугацаа дуусах 2013 оны аравдугаар сарыг хүлээхгүйгээр түүнийг албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардсаар байгаа юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)