Уго Чавес дахин сонгогдлоо

ОХУ, Хятад, АНУ, Венесуэл. Мэдээж Латин Америкийн холбоотнуудыг тэргүүлэгч Венесуэл Улс бүс нутагтаа хамгийн нөлөөтэй нь. Тус улсын дараагийн тэргүүнээр өнөөгийн Ерөнхийлөгч Уго Чавес сонгогдлоо.
   Энэ жил дэлхийн орнуудын хувьд чухал он болж байна. Тодруулбал энэ онд дэлхийн 50 гаруй оронд Ерөнхийлөгчийн сонгууль товлосон. Ихэнх оронд Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогддог гэж үзбэл 200 гаруй улстай бидний гаригт жил бүр 50 гаруй оронд Ерөнхийлөгчийн сонгууль болдог нь хэвийн үзэгдэл мэт. Гэхдээ энэ онд дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөөтэй орнуудад Ерөнхийлөгчийн сонгууль болж, болох гэж буйгаараа онцлог байна. Үүний жишээ нь, ОХУ, Хятад, АНУ, Венесуэл. Мэдээж Латин Америкийн холбоотнуудыг тэргүүлэгч Венесуэл Улс бүс нутагтаа хамгийн нөлөөтэй нь. Тус улсын дараагийн тэргүүнээр өнөөгийн Ерөнхийлөгч Уго Чавес сонгогдлоо.
   Өнгөрөгч 7-ны өдөр болж өндөрлөсөн тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ долоон улстөрч нэр дэвшсэн. Гэхдээ гол өрсөлдөөн Уго Чавес болон сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес нарын хооронд өрнөсөн юм. Учир нь бусад таван нэр дэвшигч У.Чавесийн талын хүмүүс байв. У.Чавес саналын хуудсын 90 гаруй хувь тоологдсоны дараахь байдлаар нийт сонгогчдын 55.42, Э.Каприлес 44.97 хувийн санал авсныг тус улсын Сонгуулийн төв хорооны дарга Тибисей Люсена Рамирес мэдэгджээ. Ингэснээр У.Чавес дөрөв дэх удаагаа улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Тус улсад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг бөгөөд У.Чавес хэдийнэ 18 жилийг энэ албандаа үдсэн байна. 29 сая орчим хүн амтай тус улсад энэ удаагийн сонгуульд 19 сая орчим хүн санал өгөх эрхтэй байсан бөгөөд сонгогчдын 70 гаруй хувь сонгуульд оролцжээ.
    Энэ нь өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудаас харьцангуй өссөн үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл, У.Чавес Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тус улсад Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох идэвх тогтмол өссөөр иржээ. 2006 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 63 хувь байсан бол 1998 оны сонгууль 56 хувь байжээ. Сонгуулийн дараа У.Чавесын өрсөлдөгч Энрике Каприлес ялагдлаа хүлээн зөвшөөрсөн ч сөрөг хүчний дэмжигчид үүнийг эсэргүүцэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан албаныхан олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж байна. Юутай ч, У.Чавес “Сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Сонгуулийн өрсөлдөөн миний хувьд хэвийн л зүйл байлаа” гэж мэдэгдэв. Дашрамд дурдахад, гадаадын орнуудад ажиллаж, амьдарч буй венесуэл иргэдээс санал авах ажиллагаа У.Чавесын ойрын холбоотон Куба улсад бусад орноос илүү идэвхтэй болж өндөрлөсөн байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)