О.Алтанпүрэв: Улсын зардлаар тэмцээнд оролцож үзмээр байна

Барууны кино жүжиг, бараа бүтээгдэхүүн нууцаар орж ирж байсан 1980-аад оны үед хүүхэд залуус тулаантай киног ихэд сонирхон үздэг байлаа. Тиймээс тухайн цаг үеийн тулааны урлагийн шилдэг мастер Брюс Лиг шүтэн биширч, түүн шиг сайн тулалддаг болохыг мөрөөддөг байсан хүүхэд залуус тулааны урлагаар хичээллэж эхэлсэн юм.
    Барууны кино жүжиг, бараа бүтээгдэхүүн нууцаар орж ирж байсан 1980-аад оны үед хүүхэд залуус тулаантай киног ихэд сонирхон үздэг байлаа. Тиймээс тухайн цаг үеийн тулааны урлагийн шилдэг мастер Брюс Лиг шүтэн биширч, түүн шиг сайн тулалддаг болохыг мөрөөддөг байсан хүүхэд залуус тулааны урлагаар хичээллэж эхэлсэн юм. Тэр л хүүхдүүдийн нэг нь О.Алтанпүрэв. Тэрбээр зорьсон зорилгодоо үнэнч байж Монголын тулааны урлагийг дэлхийн төвшинд хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж чадсан дасгалжуулагч болсон юм. Кикбоксын ОУХМ, 2001 оны кикбоксын дэлхийн аваргын хүрэл, 2003 оны оны дэлхийн аваргын алт, мөнгөн медальт түүнтэй тулааны урлагийн тухай хөөрөлдлөө.

-Таныг хүүхэд ахуйдаа нууц бүлгэм байгуулж байсан гэж сонссон?

-Намайг хүүхэд байхад дэлхий нийтэд тулааны спорт оргилдоо хүртэл хөгжиж байсан. Хүүхдүүд л болсон хойно өөрт таалагдсан шилдэг тулаанчдыг дууриаж тоглодог байлаа. Эрэгтэй хүүхэд бүр л тулааны спортыг сонирхож хаана ямар кино гарна түүнийг олж үзэхийг хичээдэг байсан. Тухайн үед сонирхлоороо нэгдсэн хүүхдүүд бүлэг байгуулж хамт бэлтгэл хийх, шинэ сонирхолтой киногоо солилцож үздэг байлаа. Тухайн үед зодооны урлаг, спорт хаалттай, хөрөнгөтнүүдийн спорт гэсэн ойлголттой байсан болохоор бидний цугларалтыг нууц бүлэг гэж хэлж болох байх л даа.

-Тулааны спортоор хичээллэснээр Таны амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Бид сонирхлынхоо дагуу ном, кино орчуулж үздэг байсан. Үүний үр дүнд зургадугаар ангид байхдаа л гадаад хэл гадарлаж бие даан сурч эхэлсэн. Мөн тулааны урлагийн бүхий л хэрэгслээ гараараа хийдэг байсан. Энэ нь миний өнөөдрийн амьдралын бие даах бэлтгэл болсон. Намайг арван хэдхэн настай байхад Монголын жукондогийн клуб байгуулагдаж намайг мастер багшаараа авч байлаа. Хүүхдүүдийн сонирхоод байгаа тулааны урлагийг аваад явах чадвартай гэж үзсэн байх. Монголд анхны мэргэжлийн тамирчид бэлтгэх түүх ингэж эхэлж байлаа.

-Тэр цагаас хойш олон шавь төрүүлсэн байх?

-Миний гараар таван мянга гаруй хүүхэд бэлтгэгдэж гарсан. Шавь нартайгаа хамт өтөлж байна. Би 19 настай багшаар ирж байсан. Сүүлийн үед энэ спортоор хичээллэж байгаа шавь нар маань шигшигдээд маш өндөр зэрэглэлд бэлтгэгдэж байна.

-Монголын кикбоксыг олон улсынхтай харьцуулбал ямар төвшинд байна?

-1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 20 жилд эрчимтэй хөгжсөн. 1999 онд анхны улсын аваргын тэмцээн зохиогдож байлаа. Анхны цол зэргийг би санаачлан бий болгосон. Мөн анх удаа дэлхийн аваргад оролцсон, мэргэжлийн шоуг зохион байгуулсан гээд тоочоод байвал анхны тодотголтой зүйл их бий. Ямар ч ашиг харахгүй, сэтгэл зүрхээ гаргаж хийсэн юм л бүтдэг шүү дээ. Олон улс хүлээн зөвшөөрч улсын аваргын тэмцээнийг сайн зохион байгуулж чаддаггүй зарим улс оронд манай бичлэгийг явуулж үзүүлдэг жишиг дэлхий нийтэд тогтсон байна. Үүнээс дүгнээд хэлэхэд манай улсын кикбоксын хөгжил доогуур биш.

-Төр засгийн зүгээс тулааны спортыг хэр дэмждэг вэ?

-Манай улсын төр засгийн өндөрлөгүүдийн явуулж буй спортын бодлого доголдолтой. Хэдхэн амжилт үзүүлж байгаа төрлүүдээ санхүүжүүлдэг. Би 1986 оноос хойш өнөөг хүртэл улсаар зардлаа даалгаж үзээгүй. Зөвхөн олимпод оролцож байгаа тамирчдадаа л бүх юмаа зарцуулдаг болсон. Бид дэлхийн аваргаас олон медаль авах боломж байдаг ч зардал мөнгөгүйдээ зарим тамирчдаа авч явж чаддаггүй. Би улсынхаа зардлаар нэг тэмцээнд явж үзэх юмсан гэж боддог. Өнөөдрийг хүртэл тэмцээнд оролцохын тулд өр тавиад л явж байна. Амжилт үзүүлээд ирсэн ч нэг их тоодоггүй.

Нэг үгээр хэлбэл, олимпийн бус төрлөөр хичээллэсэн бол “хохь” нь гэсэнтэй л адил байхгүй юу. Хүн юугаа сонгож хичээллэх нь тухайн хүний л эрх биз дээ. Ганцхан жишээ хэлэхэд, энэ сарын 7-нд ОХУ-д дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Тэр тэмцээнд манай улсаас Л.Мягмарсүрэн гэж залуу өөрийнхөө зардлаар оролцоод ирлээ. Гэхдээ дасгалжуулагчгүй явсан. Учир нь зардал олдоогүй болохоор би үлдсэн. Шавь маань түрүүлж телевизээр гарах үед нь миний сэтгэл их хөдөлж уйллаа. Маш богино хугацаанд Л.Мягмарсүрэн дэлхийн хошой аварга болсон. Өмнө нь 2010 онд түрүүлж байсан. Тэгэхээр энэ тулааны төрөл монгол хүнд хэр их зохиж байгааг л харуулж байгаа юм. Энэ залуу хичээллээд дөрөвхөн жил болж байна.

-Кикбоксыг Таны амьдралын утга учир гэж ойлгож болох уу?

-Хүний амьдралын утга учир бол зорилготой амьдрах юм. Миний хувьд энэ тулааны урлагийг монголдоо хөгжүүлэх юмсан гэсэн хүсэл бодолтой явдаг. Тийм болохоор кикбокс миний амьдралын зорилго байж болох юм.

-Кикбоксоор амжилт үзүүлж дэлхийн аварга болсон залуус бий. Тэднийг төр засгийн зүгээс ямар шагналаар шагнасан бэ?

-Төр засгийн шагналтай хүн нэг ч байхгүй. Олимпийн төрөл биш болохоор тэгдэг байх л даа. Олон улсын хэмжээнд нэр хүнд нь өсчихсөн, удахгүй олимпийн төрөлд багтах спортын төрөл шүү дээ. Сонирхогчдоос гадна мэргэжлийн төрөлд тулалддаг. Дэлхий нийтийн сонирхож хөгжүүлээд байгаа спортыг нэг хэсэг нь хөгжүүлэх гэж хамаг байдгаа дайчилж, хүртэх ёстой цол, хүрэх ёстой амжилтад нь хүрчихээд байхад төр засаг нь сохор, дүлий юм шиг чимээгүй байдагт үнэнийг хэлэхэд гайхдаг. Гэхдээ юм бүхэн нэг хэвэнд цутгачихсан юм шиг байдаггүй л дээ. Хэзээ нэгэн цагт энэ байдал өөрчлөгдөх биз.

В.НЭРГҮЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)