“Цаазын тавцан дээр”
- 2012-10-11
- Дэлхий
- 0
Цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн өдөр өчигдөр тохиолоо. Дэлхий нийтээрээ бүтээлчээр тэмдэглэдэг эл өдөрт манай улс нэгдэж дуу хоолой хүргэв.
Цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн өдөр өчигдөр тохиолоо. Дэлхий нийтээрээ бүтээлчээр тэмдэглэдэг эл өдөрт манай улс нэгдэж дуу хоолой хүргэв. Монголын уран зургийн галерейд “Цаазын тавцан дээр” нэртэй үзэсгэлэн нээгдэж цаазын ял сонссон хоригдлууд амьдралынхаа эцсийн хором хүртэл ямар газар байрладгийг дүрсэлжээ. Үзэсгэлэнд Нигерийн “Амьдралын гүүр” байгууллагын үндэслэгч Артур Жуда Энжелийн зурсан бүтээлийг дэлгэсэн байв. Түүний бүтээлд Нигерийн Инугу гянданд цаазаар авах ял сонссон хориглуудын нэг өдрийг зуржээ.
Уран бүтээлч өөрөө 1986 онд уг шоронд хоригдож байсан нь түүнийг ийн зурахад нөлөөлсөн байна. Артур есөн жил хоригдсоны эцэст хүний эрхийг хамгаалах идэвхтнүүдийн тусламжтайгаар 2000 онд суллагдсан аж. Суллагдсаныхаа дараагаар тэрбээр цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд нэгджээ. Түүний “Цаазын тавцан дээр” нэртэй эл үзэсгэлэн нь 2004 онд Лагос дахь Нигерийн үндэсний музейд тавигдсан байна. Ял эдлэх хугацаандаа Артур хоригдлуудыг үй олноор нь буудан хороох болон дүүжлэх ялын гүйцэтгэл, эрүүдэн шүүхийн гэрч болж байснаа өөрийн зурсан зургаар өгүүлжээ. Түүний бүтээл зөвхөн хар, цагаан өнгөтэй.
Артурын “Үзэмжгүй муухай ертөнц” нэртэй зураг үзэсгэлэнд зочилсон олны анхаарлыг татаж байв. Зурагт хоригдлууд ямар бага хэмжээтэй өрөөнд амьдардгийг дүрсэлжээ. Тэр умгар өрөөнд арав, хориулаа хооллож, усанд орохоос гадна зарим нь мөргөлөө хийнэ. Мөн бие засах суултуур нь ил байх агаад ямар нэгэн тусгаарлах хаалтгүй аж. Хоригдлууд унтахдаа яг л хураалгатай мод шиг амардаг байна. Үүнийг боолын унталт хэмээн нэрлэдэг. Харин өөр нэгэн зурагт ямар нэгэн зүйлийг хайж байгаа хоригдлыг дүрсэлжээ. Тэд ингэж бясааны эрэлд гардаг байна. Хэрвээ ингэж хайж өрөөний ханыг цэвэрлэхгүй бол өвчин тусах аюултай байдаг ажээ. Ингэж л эрхээ хасуулсан хоригдлууд маргаашгүй ертөнцөд эцсийн мөч хүртлээ амьдардаг байна.

Сэтгэгдэл (0)