Б.Обамагийн сонгуулийн байр уруу гал нээжээ
- 2012-10-15
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Колорадо мужийн Денвер хот дахь сонгуулийн байр уруу үл таних зэвсэглэсэн этгээд гал нээсэн гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагдаагийн газраас эш татан мэдээллээ. Уг байр Цагаан ордны тэргүүний Колорадо муж дахь сонгуулийн төв штаб аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Колорадо мужийн Денвер хот дахь сонгуулийн байр уруу үл таних зэвсэглэсэн этгээд гал нээсэн гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагдаагийн газраас эш татан мэдээллээ. Уг байр Цагаан ордны тэргүүний Колорадо муж дахь сонгуулийн төв штаб аж. “НБС Ньюс”-ийн мэдээлснээр энэ хэрэг өнгөрөгч баасан гаригийн үдээс хойш гарчээ. Гэмт этгээд нэг удаа буудсан бөгөөд сум сонгуулийн байрны цонхыг хагалж, хананд туссан байна. Азаар энэ үеэр хэн нэгэн шархдаагүй байна. Денвер хотын Цагдаагийн газрын төлөөлөгч Ракель Лопес “Мөрдөн байцаагчид хэргийг шалгаж эхэлсэн. Хэдийгээр нэг хүн буудсан ч гэмт этгээд олуулаа байсан гэж бид үзэж байна. Учир нь автомашин дотроос буудсан байсан” гэж мэдээлжээ. Б.Обама энэ хэрэгтэй холбогдуулан одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ түүний дэмжигчид уг хэргийг өрсөлдөгчийнх нь хийсэн үйлдэл гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Б.Обама, түүний өрсөлдөгч Митт Ромни нар хэрэг гарахаас хоёр өдрийн өмнө буюу өнгөрөгч лхагва гаригт Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны халз мэтгэлцээнээ Денвер хотод хийж байсан юм. Дашрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.

Сэтгэгдэл (0)