“Турктай харилцаагаа сэргээхэд бэлэн”

“Сирийн Засгийн газар Турктай харилцаагаа сэргээж, үүсээд буй хурцадмал байдлыг намжаахад бэлэн байна” гэж тус улсын Гадаад харилцааны яам мэдэгджээ. Түүнчлэн Турктай хоёр орны хоорондох хурцадмал байдлыг намжаах шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна. 
    “Сирийн Засгийн газар Турктай харилцаагаа сэргээж, үүсээд буй хурцадмал байдлыг намжаахад бэлэн байна” гэж тус улсын Гадаад харилцааны яам мэдэгджээ. Түүнчлэн Турктай хоёр орны хоорондох хурцадмал байдлыг намжаах шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна. Энэ сарын эхээр Сирийн нутгаас Туркийн хилийн ойролцоох тосгон уруу их буугаар буудаж таван хүний аминд хүрсэн билээ. Туркийн тагнуулын албаныхан энэ халдлагыг Сирийн Засгийн газрын цэргүүд үйлдсэнийг тогтоосон бөгөөд энэ нь хоёр орны муудаад байсан харилцааг улам дордуулсан юм.

    Үүний дараа Туркийн парламент Сириэс ирж болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд Засгийн газартаа Сирийн хилийг давж цэргийн ажиллагаа явуулах нэг жилийн эрх олгосон юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхий сайд Сергей Лавров Турк, Сирийн эрх баригчдыг шууд яриа хэлэлцээ явуулахыг уриалж, зөрчилдөөнийг шийдэх хамгийн сайн арга нь энэ байх болно гэдгийг онцолжээ. Сири С.Лавровын энэ мэдэгдлийг Сири, Туркийн хооронд үүсээд буй хурцадмал байдлыг намжаах шууд яриа хэлэлцээ хийхэд нөхцөлийг бүрдүүлсэн чухал мэдэгдэл боллоо гэж сайшаасан байна.

    Мөн Дамаск дахь ОХУ-ын Элчин сайдад хандан Турк, Сирийн хооронд уулзалт зохион байгуулахад дэмжлэг хүсч, Туркийн болзошгүй дайралтыг анхааралдаа авахыг хүсчээ. Сирид олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөснөөс хойш Турк, Сири улсууд нэг ч удаа уулзаагүй. Учир нь Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Сирийн Ерөнхийлөгч Башар альАссадыг ард түмнийхээ эсрэг харгис хүчирхийлэл явуулж байна гэж удаа дараа буруутган огцрохыг шаардсан юм. Харин Сирийн эрх баригчид үүний хариуд Туркийг Сирийн босогчдыг санхүүжүүлж, зэвсэглэж байна гэж буруутгасаар ирсэн юм.

    СИРИД ОРОСЫН СЭТГҮҮЛЧ АЛГА БОЛОВ

    Сирийн Хомс хотод ажиллаж байсан Оросын сэтгүүлч эмэгтэй Анхара Кочнева сураггүй алга болжээ. Түүний адил Сирид ажиллаж буй Оросын сэтгүүлч эмэгтэй Елена Громов энэ тухай “Оросын дуу хоолой” агентлагт мэдээлжээ. Харин энэ хэргийн талаар Сири дэх ОХУ-ын Элчин сайдын яам одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Е.Громов “Оросын дуу хоолой”-д “Бид өнгөрөгч даваа гаригт Тартус хотод очсон. Тартуст А.Кочнева байсан. Тэр хотын оршин суугчдад лекц уншиж байсан юм. Дараа нь тэр Хомс хот уруу явсан. Намайг хамт явахыг санал болгоход тэр ганцаараа явахыг хүссэн. Мягмар гаригийн 17.00 цагт тэр Хомс уруу явсан. Тухайн оройныхоо 21:00 цагийн үед тэр надтай холбоо барьж лхагва гаригийн орой Дамаскт буцаж очно гэж хэлж байсан. Түүнээс хойш түүнтэй холбоо бариагүй” гэж хэлжээ. Харин А.Кочнева Аль-Кусейр хотын ойролцоо хулгайлагдсан гэж нөхөртэйгээ интернэтээр холбоо тогтоон хэлжээ. А.Кочнева Сирид хүчирхийлэл дэгдсэний дараа тус улсад очсон бөгөөд түүнээс хойш уг улсад ажиллаж байгаа юм байна. А.Кочнева Утро.ру веб сайтад ажилладаг аж.

Э.ТӨГС 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)