“Аливааг сэтгэлээсээ хий”

-2008 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ТҮҮНИЙ ОНОЛООР ДАВАН ТУУЛЖЭЭ-
Европын сэтгүүлчид дэлхийн нөлөө бүхий гурван эдийн засагчаар Адам Смит, Карл Маркс, Жон Мейнард Кейнс нарыг нэрлэж байв. Эдгээр гурван эрхмийн боловсруулсан онолоор өнөөдрийн хүн төрөлхтөн амьдарч буй. Ялангуяа Жон Мейнард Кейнсийн боловсруулсан онолоор 2008 онд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг даван туулсан юм. Энэхүү аугаа эдийн засагч төр эдийн засагт оролцох нь зөв гэсэн цоо шинэ томьёолол гаргаж ирсэн нь өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдаагүй байна. Энэ удаагийн “Дэлхийн хүн” буландаа Англи Улсын толгой эдийн засагч /тэртээ 1946 онд нас барсан ч Английн эдийн засагчид түүнийг ийн нэрийддэг/ Жон Мейнард Кейнсийн туулж ирсэн амьдрал, эдийн засгийн өндөрлөгт хэрхэн хүрснийг хүргэхийг зорилоо.



“ЭДИЙН ЗАСГИЙН ТОМ ЗҮТГЭЛТЭН БОЛНО”
   Бүх цаг үеийн шилдэг эдийн засагч Ж.М.Кейнсийн эцэг Жон Невил Кейнс /1859-1949/ хүү шигээ аугаа эдийн засагч байгаагүй ч улсдаа эхний аравт багтах эдийн засагч байжээ. Аав Кейнсэд үүнээс ч илүү гялалзах боломж байсан ч тэрбээр ашиглаж чадаагүй гэдэг. Тухайлбал, өнгөрсөн зууны шилдэг эдийн засагч Альфред Маршал эцэг Кейнсийг Оксфордын тэргүүлэх зэргийн албан тушаалд зүтгүүлэхэд өөрийн үзэл бодолтой нь авцалдахгүй байсан учир татгалзсан байна.
   Энэ нь хожмын карьерт муугаар нөлөөлөхөөс гадна Альфред Маршалыг түүнээс хөндийрүүлэхэд хүргэжээ. Гэсэн ч эцэг Кейнс үүнд огтхон ч харамсдаггүй. Учир нь тэрбээр “Хэрэв би энэ албан тушаалд очсон бол миний хүү өнөөдрийн өндөрлөгт хүрч чадахгүй байсан. Би хүүгээ бага байхад нь “Эдийн засгийн том зүтгэлтэн болно” гэж ярьдаг байлаа. Миний таамаг буруу байгаагүйг хүү минь нотлон харуулж байна” хэмээн ярьсан байдаг. Кейнсийн удамд олон алдартай хүн бий. Ж.М.Кейнсийн ээж Флоренс Ада Браун тухайн үедээ чамгүй нэр алдарт хүрсэн төдийгүй түүний бичсэн номуудаас өнөөдөр бестсейлер болж байгаа ном ч байдаг ажээ. Мөн үеэл Полли Кейнс нь алдартай эдийн засагч. Мөн Поллийн эцэг нь 1923 онд анагаах ухаан, физиологийн салбарт Нобелийн шагнал хүртэж байв.
   Эдгээр жишээнээс харахад зүгээр ч нэг язгууртны гэр бүл байгаад зогсохгүй дэлхийн энхтайвны төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан шилдэг гэр бүл болохыг харж болно. Хамгийн сонин баримт нь манай үеийн шилдэг эдийн засагч мэндэлж байх тэр үед өнгөрсөн зууны суут хүн Карл Маркс нас баржээ.

ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨРӨӨ
   Ж.М.Кейнс 14 настайдаа Итоны коллежид элсэн орсон байна. Түүний сурч байсан эл коллеж 2040 онд 600 нас хүрнэ. Англи төдийгүй дэлхийн баячуудын дунд алдартай байсан эртний энэ сургууль хатуу дэглэмтэйгээрээ зартай. Эрх дураараа өссөн Кейнсэд эл сургуульд сурч, дотуур байранд амьдарна гэдэг яг л загас шиг санагддаг байж. Гэхдээ тэрбээр өөрийн мэрийлт чармайлт гэхээсээ илүүтэйгээр аавынхаа ятгалгаар Итоны коллежийг төгсчээ. Үүний дараа Кембрижэд элсэн оров. Кембриж ч тухайн үед Итоны коллежоос ялгаагүй байсан гэдэг. Аавын анд найз болох Маршал, Пигу нар түүнтэй уулзах болгондоо хүн төрөлхтөнд тоогдох мэргэжлийн эдийн засагч болох ёстойг сануулдаг байжээ. Гэвч Ж.М.Кейнсэд сэтгэл дотроо бодсон хэд хэдэн төлөвлөгөө байв. Тэрбээр өөрийн эрэгтэй найздаа /хожмоо түүндээ дурласан. Энэ нь түүний сул тал байжээ/ бичсэн захидалдаа төмөр замын газрыг удирдах, шинэ төмөр замын компани байгуулах хүсэлтэй байгаагаа дурдсан аж.
   Гэсэн ч түүний хүсэл талаар болж төрийн албанд дайчлагдаж, Энэтхэгт томилогдон санхүүгийн бичиг цаастай зууралдаж эхэлсэн байна. Энэ бүх уйтгартай ажил нь түүний дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Тэвчээрт хязгаар байдаг гэгчийн үлгэрээр нэг л өдөр Энэтхэгийг орхиж өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн Кейнс томоохон ажлаа эхлүүлэв. Сүүлд түүний эл шийдвэр өөрийнх нь магадлалын онол болон хувирсан юм. Түүнийг гэрчлэх сэтгүүл, сонин өнөөдөр ч Английн жижиг музейнүүдэд хадгалагдсаар байна. Учир нь тухайн үед Кейнс магадлалын онолоороо нэрд гараад байсан хэд хэдэн эдийн засагчийг халз мэтгэлцээнд урин ялалт байгуулжээ. Ингэснээр түүний амьдрал орвонгоороо эргэж, бичсэн нийтлэл, эдийн засгийн дүгнэлт, тойм анализ нь олон хүний сонирхлыг татаж эхлэв.
   Энэ нь Кейнсийн нэрт эдийн засагч болох анхны алхам нь байж. Багагүй хугацаанд олны анхааралд байсан Кейн гэнэт л Энэтхэг рүү буцах болов. 1913 онд түүний “Энэтхэг дэх мөнгөний хандлага ба санхүү” ном гарсан нь дэлхийн шилдэг гэсэн эдийн засагчдыг цочролд оруулсан байна. Тэд Кейнсийн авьяас чадварыг магтаад зогсохгүй ирээдүйд бидний толгой дээр цахиур хагалж мэдэх залуу хэмээн ам уралдан ярьцгаах болжээ.

УРЛАГТ ХАЙРТАЙ ЭДИЙН ЗАСАГЧ
   Кейнс хэзээд Английн үнэнч сурвалжтан байсан. Түүний амьдралын зарчим нь Итоноос аавдаа бичсэн захидалд өгүүлсэн “Аливааг сэтгэлээсээ хий. Үргэлж хийсэн шиг хий” хэмээх үг байсан юм. Өөрөө ч хэлсэн үгэндээ хүрч бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг байв. Тиймдээ ч дэлхийн эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмэр их юм. Кейнс тоймгүй олон зүйлийн үнэнч “шүтэн бишрэгч” нь байжээ. Тухайлбал, уран зураг, бүжгэн жүжигт гар татдаггүй нэгэн байсан гэдэг. Мөн олон тооны зураач найзтай байснаас гадна амьдралынхаа туршид давхардсан тоогоор 300 зураачийн үзэсгэлэнг ивээн тэтгэжээ. Лондоны төвд оршдог театрт өөрийн сонирхон үздэг 10 гаруй жүжгийг ивээн тэтгэж тоглуулсан байна. Энэ бүхэн түүний залуу цагийн мөрөөдөл байсан аж. Тэрбээр нэг удаа “Хэрэв би эдийн засагч болоогүй бол зураач болох байсан байх. Зураач болоогүй бол жүжигчин болох байсан. Гэхдээ хувь заяа гэдэг сонин юм. Намайг эдийн засагч болж энэ бүх урлагийг хайрлаж яваарай гээд бурхан зурчихсан байх л даа” хэмээн ярьжээ.
   Кейнсийн урлагийн сонирхол үүгээр зогсохгүй. Түүний амьдардаг байшингийн зочны өрөөний нэг хана тэр чигээрээ номын сан байсан бол нөгөө хана нь кино одуудын зургаар дүүрсэн байдаг байв. Энэ нь мөн л түүний залуугийн мөрөөдөл. Кино урлаг дөнгөж хөгжиж эхэлж байхад тэрбээр жүжигчин болно хэмээн мөрөөддөг байжээ.
   Кейнсийн өөр нэгэн сонирхол нь алдартнуудын гар бичвэр байсныг хожим илрүүлсэн юм. Түүний ховор цуглуулгад Исаак Ньютоны эртний гар бичвэр нэлээд хэд байсныг эрдэмтэд тогтоосон. Кейнсийн бүхий л ухамсарт амьдрал зөвхөн хүн төрөлхтний эдийн засаг уруу чиглэж байв. Тиймдээ ч түүний онолоор 2008 оны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралд бага хохирол амссан.
   Өнөөдрийн бидний амьдарч буй цаг үеийн шилдэг эдийн засагчид түүнийг багшаа хэмээн хүндэтгэдэг. Ойрын хэдэн жил нүүрлэх дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг мөн л түүний онолоор давна гэж ихэнх эдийн засагчид таамаглаж буй. Хэдий 1946 онд золгүй байдлаар амь насаа алдсан Жон Мейнард Кейнсийн эдийн засаг дахь нөлөөлөл 80 жилийн дараа буураагүй байгааг дээрх баримтууд нотлох биз ээ.
   Харин түүнийг эцсийн замд нь үдэхэд Английн алдарт “Таймс” сонины эхний нүүрт “Нэрт эдийн засагч Жон Мейнард Кейнсийн үхэл Англи Улсыг төдийгүй дэлхий нийтийн эдийн засгийг цочроолоо” хэмээн товчхон бөгөөд гарцаагүй үнэнийг бичсэн байна. “Хүүгийнхээ шарил дээр тонгойж яах учраа олохгүй сандран байгаа аавыг харах л хэцүү байсан. Түүний хүүдээ ямар хайртай байсныг би мэдэх юм. Надаас илүү эдийн засагч болж, миний хүрээгүй өндөрлөгт хүрнэ гэж үргэлж ярьдаг байсан. Жон Мейнард Кейнс хэдий богино насалсан ч хүн төрөлхтөнд их зүйл хийж өгсөн” хэмээн эцэг Кейнсийн эртний анд Маршал дурсан ярьжээ.

З.ЦЭЦЭНБИЛЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • nuts noen (124.158.125.83)

    2013-11-13

    пигугын талаар мэдэээлэл бну