“Ливерпүүл” багийн түүхийн алтан хуудас
- 2012-10-17
- Спорт
- 0
Английн Премьер лигийн алдарт баг “Ливерпүүл” одоогоос 120 жилийн тэртээ байгуулагдаж байжээ. Тодруулбал, 1892 оны гуравдугаар сарын 15-нд үүсгэн байгуулагдсан. Энэхүү аугаа түүхтэй багийн хэрхэн байгуулагдсан түүх, хөгжөөн дэмжигчдийн тухай залуустаа бэлтгэн хүргэж байна.




Английн Премьер лигийн алдарт баг “Ливерпүүл” одоогоос 120 жилийн тэртээ байгуулагдаж байжээ. Тодруулбал, 1892 оны гуравдугаар сарын 15-нд үүсгэн байгуулагдсан. Энэхүү аугаа түүхтэй багийн хэрхэн байгуулагдсан түүх, хөгжөөн дэмжигчдийн тухай залуустаа бэлтгэн хүргэж байна.
БАГИЙН ТҮҮХ

“Ливерпүүл” клуб “Эйнфейлд” цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн асан Жон Холдинг, “Эвартон” клубын эзэн Майкл Курнан хоёрын маргаанаас болж үүссэн ажээ. “Эвартон” багийн “Эйнфейлд” цэнгэлдэхтэй хийсэн гэрээ дуусахад Жон Холдинг цэнгэлдэх түрээслэх үнээ нэмсэн нь Майклд таалагдсангүй. Үүний улмаас Майкл Холдингийг “Санхүүгийн асар их сонирхолтой. Хөлбөмбөгийг өөрийн хувийн эрх ашигт нийцүүлэн мөнгө олдог” хэмээн буруутгаж байсан түүхтэй. Учир нь үл ойлгогдох энэхүү маргааны эцсийн ялагч нь Жон Холдинг болж таарсан. Тэрбээр “Эйнфейлд” цэнгэлдэхээ эзэнгүй байлгахыг хүсээгүй юм.
Тиймээс “Ливерпүүл” клубын тулгын чулууг тавьж анх “Эвартон хөлбөмбөгийн клуб” нэртэй байгуулсан ч Английн хөлбөмбөгийн холбоо энэ нэрийг хүлээж аваагүй учир “Ливерпүүл” болгож өөрчилсөн байна. Домогт клуб байгуулагдсан жилээ “Ланчишер” лигт аваргалж, дараагийн улирлаас хоёрдугаар лигт тоглох болсон аж. Хоёр жилийн дараа лигийн аварга болж нэгдүгээр лиг рүү шилжсэн байна. Ийн хурдацтай хөгжиж буй “Ливерпүүл”-ийг зогсоох чадалтай баг тухайн үед Англид олдоогүй гэдэг. Улмаар 1900-1901 онд анх удаа мэргэжлийн лигт түрүүлсэн бол 1905-1906 оны улиралд аваргаа бататгаж хошой аварга болсон билээ.
Харин 1914 онд анх удаа Хөлбөмбөгийн холбооны цомын финалд үлдсэн ч 1:0-ийн харьцаатай “Бүрнли” клубт хожигдсон байна. 1921-1923 оны хооронд лигтээ аваргалснаас хойш “Ливерпүүл” баг уналтад орж эхлэв. Энэ нь багийн дотоод уур амьсгал, санхүүгийн бодлоготой шууд холбоотой байсан аж. Гэсэн ч 1946-1947 оны улиралд аваргалсан нь тав дахь түрүү байжээ. Үүнээс гурван жилийн дараа Хөлбөмбөгийн холбооны финалд хоёр дахь удаагаа үлдсэн боловч “Арсенал”- ыг бараагүй юм. Үүнээс хойш багийн амжилт аажим аажмаар буурч 1953 онд доод лиг рүү унасан нь хөгжөөн дэмжигчдийг багагүй бухимдуулав.
Дээр нь Хөлбөмбөгийн холбооны тэмцээнд сонирхогчдын “Ворсестр” клубт 2:1-ээр хожигдсон нь “улаан лооль”-оор шийдүүлэхэд хүргэсэн байна. Энэ бол Ливерпүүл хотын иргэд, багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд тэсвэрлэж болшгүй доромжлол байлаа. Тоглолт болсноос долоо хоногийн дараа Билл Шангли багийн дасгалжуулагчаар ирж 24 тоглогчийг ирсэн өдрөө багаасаа явуулж байсан нь хөлбөмбөгийн түүхэнд гарч байгаагүй гаж үзэгдэл болсон юм. Гэхдээ тэр “Ливерпүүл”-ийн шинэчлэлийг хийж чадсан. Зоорь болгож ашигладаг байсан өрөөг дасгалжуулагчдын өрөө болгож Жое Феган, Рүүбэн Биннет, Боб Дайсли нар уналтад орсон багийг босгохоор нойр хоолгүй зүтгэх болжээ.
Үүний үр дүнд 1961-1962 онд дээд лиг рүү дэвшиж, 1963-1964 оны улиралд дахин аваргалсан нь хөгжөөн дэмжигчдийн хөөрлийг дээд цэгт нь хүргэв. Мөн 1965- 1966 онд Хөлбөмбөгийн холбооны цомд түрүүлж буцаж ирснээ албан ёсоор зарласан юм. “Ливерпүүл”-ийн сэргэн мандалтын гол эзэн Билл Шангли тэтгэвэртээ гарахад түүний туслах Боб Дайсли залгамж халааг нь авлаа. Түүнийг дасгалжуулагчийн ажилд томилогдоход хотын иргэд төдийлөн итгэл үзүүлээгүй гэдэг. Гэвч тэрбээр “багш”-ийнхаа итгэлийг алдаагүйгээр барахгүй Шанглигаас ч илүү амжилт гаргасан юм. Ерөнхий дасгалжуулагчийн ажлаа аваад ердөө нэг жилийн дотор лигтээ болон Европын хөлбөмбөгийн холбооны аварга цомоо хамгаалж Европын цомыг анх удаа авчээ.
Гэхдээ энэ оргил амжилтын хажуугаар Хөлбөмбөгийн холбооны цомд дахин түрүүлнэ гэсэн хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл рүү ус цацав. Хэрэв Хөлбөмбөгийн холбооны цомд түрүүлсэн бол Англи төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхийн алтан хуудсыг шинээр нээх байлаа. Дараагийн улиралд “Ливерпүүл”-чүүд Европын цомоо хамгаалж лигийн аварга болсон юм. Энэ улирал тухайн багийн түүхэн дэх дээд амжилт байв. Учир нь лигтээ 68 оноогоор түрүүлж, 42 тоглолтод 16-хан гоол алдсан байна. Алдарт дасгалжуулагч Боб Дайсли клубыг есөн улирал дасгалжуулахдаа 21 тэмцээнд аваргалсны гурав нь Европын цом, Европын хөлбөмбөгийн холбооны цом нэг, лигийн зургаан удаагийн аварга болжээ.
“ЭЙНФЕЙЛД”-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД

“Эйнфейлд” клуб 1892 онд байгуулагдсан бөгөөд “Ливерпүүл” баг үүсгэн байгуулагдсан цагаасаа тус цэнгэлдэхэд тоглосон. Стенлей цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд 1884 онд баригдаж эхэлсэн цэнгэлдэхийг “Эвартон” клуб өөрийн түр эзэмшилдээ байлгаж байсан аж. Цэнгэлдэх тухайн үед 20 мянган хүний багтаамжтай байсан ч “Ливерпүүл” багийн анхны тоглолтыг үзэхээр 100 мянган хүн цугларсан байв. Энэ цагаас хойш цэнгэлдэх хүрээлэнд өргөтгөл хийсээр өнөөдрийн байдлаар 45.276 хүний багтаамжтай болжээ. Европын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнгийн жагсаалтад дөрвөн одтой хэмээн бүртгэгдсэн байдаг. 2004 оны долдугаар сард Ливерпүүл хотын захиргаа нэрийн хуудас болсон багтаа “Эйнфейлд”-ээс ердөө 270 метр зайд орших газарт 60 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн барих зөвшөөрөл өгсөн нь хөлбөмбөгийн түүхэнд цоо шинэ эринийг эхлүүлсэн байна. 2006 онд хотын захиргаа энэ газрыг 999 жил клубт эзэмшүүлэхээр болсон юм. Гэхдээ одоогоор санхүүжүүлэх хөрөнгө байхгүйн улмаас барилгын ажил эхлээгүй байна.
ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД

2008-2009 оны улирлын тоглолтоор Английн хөлбөмбөгийн клубуудын тоглолт үзсэн хөгжөөн дэмжигчдийн тоогоор дөрөвдүгээр байрт бичигдсэн байна. Нийт 44.318 хүн тойргуудын тоглолтыг тогтмол үздэг нь 96.8 хувь байжээ. “Улаанууд”-ын хөгжөөн дэмжигчид өөрсдийгөө “Копайтес” хэмээн нэрийддэг нь “Эйнфейлд” цэнгэлдэхийн хажууд орших толгойн нэр юм байна. Энэ толгой дээрээс хөгжөөн дэмжигчид багийнхаа тоглолтыг үзэж, “You’ll Never Walk Alone” дуу дуулдаг байсан нь хожим клубын сүлд дуу болжээ. Дээрх дуу нь “Carousel” хэмээх хөгжимт жүжгийн дуу байсан аж. 1960-аад оны эхээр хөгжөөн дэмжигчид дууг өөрийн эзэмшлийн болгож дуулсаар дэлхий даяар түгээсэн байна.
Английн алдарт багийн хөгжөөн дэмжигчдэд үргэлж сануулга болж явдаг хоёр айхавтар эмгэнэлт явдал тохиолджээ. Эхнийх нь “Хесвел” цэнгэлдэх хүрээлэнгийн эмгэнэлт явдлаас болж “Ювентус” багийн 39 хөгжөөн дэмжигч алагдсан явдал. Тэднийг “Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигчид буланд шахсанаас олон хүнийг даалгүй хана нурж доор нь байсан хүмүүсийг даржээ. Европын хөлбөмбөгийн холбоо хөгжөөн дэмжигчдийг буруутгаж 27 хүнийг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Энэ явдлаас болж Английн багууд таван жил, “Ливерпүүл” клуб зургаан жил Европын холбооны тэмцээнд оролцох эрхгүй болсон юм. 1989 онд Бельгид таван сар үргэлжилсэн шүүх хурлаас “Ливерпүүл”-ийн 14 хөгжөөн дэмжигч санамсаргүй хүн амины хэрэг хийсэн гэж буруутгагдан гурван жилийн хорих ял авчээ.
Хоёр дахь эмгэнэлт явдал нь 1989 онд Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний үеэр “Ливерпүүл” “Нотингам” багийнхантай тоглох үед болсон ажээ. Тус клубын 96 хөгжөөн дэмжигч дарагдаж нас барсан энэ хэргийг “Хиллсброу”-гийн гамшиг хэмээдэг. Тухайн үед Английн “Нар” сонин “Үнэн” гэдэг нийтлэлдээ “Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигчид бусдыг зодож, нас барсан хүний дээрээс шүлсээ хаяж, цагдаагийн өөдөөс дайрсан гэж бичиж байв. Энэ нийтлэлийн дараа болсон хэргийг мөрдөн шалгахад худал байсан нь нотлогдож Ливерпүүл хотын иргэд сониныг шүүхэд өгч байжээ.
З.ЦЭЦЭНБИЛЭГ


Сэтгэгдэл (0)