Британийн парламентад Монголын тухай мэдээлэл хийв
- 2012-10-22
- Дэлхий
- 0
Британийн парламент дахь Зүүн Азийн орнуудтай тогтоосон бизнесийн
харилцаа, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих бүс намын бүлэг болон Монгол
Улсын Элчин сайдын яам хамтран “Монгол Улсын эдийн засгийн хөгжил,
худалдаа, хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт мэдээллийн уулзалтыг тус
улсын парламентын ордны У.Черчиллийн нэрэмжит танхимд энэ сарын 16-ны
өдөр зохион байгуулжээ.

Уулзатад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сайжирч, ДНБ-ий өсөлт хурдацтай нэмэгдэхийн хэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжин хөгжих боломж нэмэгдэж буйг Британийн улстөрчдөд танилцуулахад тус дөхөм үзүүлсэн энэхүү арга хэмжээнд парламентын Нийтийн танхимын гишүүд, лордууд, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, Монгол Улстай харилцдаг болон шинээр холбоо тогтоож хамтарч ажиллахыг сонирхож буй пүүс компани, худалдаа-аж үйлдвэрийн танхим, их сургуулийн төлөөлөл зэрэг 50 орчим хүн оролцсон юм.
Парламентын Лордын танхимын гишүүн Вэйний санаачлагаар зохиогдсон энэхүү мэдээллийн уулзалтын үеэр Элчин сайд Б.Алтангэрэл “Монгол Улсын эдийн засаг, ялангуяа уул уурхайн үйлдвэрлэлийн хурдацтай өсөлтөд гадаад хамтын ажиллагааны үр өгөөж, уул уурхайн салбараас олсон орлогыг боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах, сайн засаглал, ил тод байдлыг хөгжүүлэхэд түлхүү анхааран хөрөнгө оруулж эхэлсэн” гэж мэдэгджээ. Мөн үүнтэй холбогдуулан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд буйг ч мэдэгдсэн байна.
Харин Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн гүйцэтгэж буй үүрэг, оролцоо өсөн нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж буй талаар “MCS” компанийн дэд ерөнхийлөгч Ж.Од, Британийн талаас хоёр орны харилцааг хөгжүүлэхэд анхаарч тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буй Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази-Номхон далайн газрын дэд захирал Ч.Дэвис нар мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн тэд уулзалтад оролцогчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн байна.

Сэтгэгдэл (0)