Вашингтон Хятадтай маргаантай АСЕАН-ы орнуудыг дэмжихээр шийджээ

   Тайландын “Бангкок Пост” сонинд бичсэнээр АНУ Хятадтай далайн бүс нутгийн асуудлаар маргаад буй АСЕАН-ы орнуудыг дэмжихээр зүүн өмнөд Ази уруу нисэх онгоц тээвэрлэгч байлдааны хөлөг онгоцоо илгээжээ.
   Тайландын “Бангкок Пост” сонинд бичсэнээр АНУ Хятадтай далайн бүс нутгийн асуудлаар маргаад буй АСЕАН-ы орнуудыг дэмжихээр зүүн өмнөд Ази уруу нисэх онгоц тээвэрлэгч байлдааны хөлөг онгоцоо илгээжээ. Тус улс ихэвчлэн шаардлагатай тохиолдолд өндөр зардалтай уг тээвэрлэгчээ замд гаргадаг юм. Үүнээс өмнө АНУ дэлхийн газрын тосны экспортын гуравны нэг дамжин өнгөрдөг Персийн булангийн хамгийн нарийн хэсэг болох Ормузын хоолойг хаахаар сүрдүүлсэн Ираны эсрэг уг онгоцоо илгээж байв.
АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэгт Индонез, Филиппин, Бруней, Вьетнам, Камбож, Лаос, Малайз, Сингапур, Тайланд, Мьянмар зэрэг орон багтдаг. Уг нийгэмлэг саяхан Өмнөд Хятадын тэнгист хэт ноёрхож буй Хятадыг эсэргүүцэн хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Хятадын өмнөд хилтэй залгаа уг тэнгистэй АСЕАН-ы гишүүн орнуудын эрэг мөн нийлдэг. Тэд хамтарсан мэдэгдлээрээ Өмнөд Хятадын тэнгис хэмээх нэрийг өөрчлөх, дундын эзмшлийн тэнгист дангаар ноёрхохыг санаархаж буй Хятадын нөлөөг бууруулах, шаардлагатай тохиолдолд баруунаас дэмжлэг авах зэрэг хүсэлтэй байр сууриа ил тод болгосон юм. Үүний дараахан буюу өнгөрөгч есдүгээр эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ОХУ-ын алс дорнодын Владивосток хотод зохиогдсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ны 24 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох нэрийдлээр Азид томоохон хэмжээний айлчлал хийгээд буцсан. Тодруулбал тэрбээр Владивостокт газардахаасаа өмнө Кукын арлууд, Индонез, Хятад, Зүүн Тимор, Брунейд зочилсон.
АНУ Өмнөд Хятадын тэнгис болон түүний дотор орших арлуудын асуудлаар Бээжинтэй маргалддаг Филиппинийг дэмжсээр ирсэн. Харин энэ он гарсаар АСЕАН-ы өөр нэг нөлөө бүхий гишүүн Индонез Хятадыг дээрх асуудалд буруутгаж буй байр сууриа нээлттэй илэрхийлэв. Тус улс Х.Клинтоны айлчлалын өмнө Бээжингийн эрх баригчдыг Өмнөд Хятадын тэнгис болон түүний дотор орших хүн суурьшаагүй арлуудыг Японы Сенкаку арлын адил өмчлөхөөр завдаж буйд буруутгасан юм. Х.Клинтон Индонезийн энэ байр суурийг дэмжихийн сацуу “Барууны орнууд (тодруулбал АНУ) уруу чиглэсэн, Өмнөд Хятадын тэнгисийг дайран өнгөрдөг өөр орнуудын худалдааны хөлөг онгоцны замд саад учрахгүй гэдэгт найдаж байна” гэж Хятадын эрх баригчдад хандан мэдэгдсэн.
Гэсэн ч Цагаан ордны албаныхан хамгийн хүчирхэг хөлөг онгоц “Жорж Вашингтон”- оо Ази уруу илгээхээр шийджээ. “Бангкок Пост”-д мэдээлснээр АНУ-ын экс Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн уг хөлөг онгоц өнгөрөгч бямба гаригт Вьетнамын эрэгт зангуугаа буулгажээ. Вьетнамын Засгийн газрын хүсэлтээр уг хөлөг онгоц тус улсын эрэгт ирсэн бөгөөд тэнгисийн хүчний хамтарсан сургуулилт хийх юм байна. Үүнээс гадна уг хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист “хянагч”-аар ажиллах аж. Түүнчлэн “Бангкок Пост” сонин энэ мэдээлэлдээ “Вьетнамын Засгийн газар сайн хөршийн харилцааг үргэлжлүүлэхэд заримдаа хүндрэл гаргадаг хүчирхэг хөрш Хятадын эсрэг тэнцвэртэй байдлыг сахихаар хуучин дайсан АНУ-аас дэмжлэг авч байна” гэж онцолжээ. Вьетнамын Засгийн газрын албаныхан ч мөн АНУ-аас дэмжлэг авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн цааш нь бичсэнээр, Бээжингийн эрх баригчид Өмнөд Хятадын тэнгист орших бүс арлыг “Манайх” гэдэг байна.
Энэ нь Өмнөд Хятадын тэнгистэй хил залгадаг АСЕАН-ы орнуудын ундууцлыг хөдөлгөж байгаа юм. Хэдийгээр энэ асуудал хэдэн арван жилийн турш яригдсан ч өнгөрөгч хоёр жилд хүчтэй яригдаж, маргаан дэгдээсэн юм. Гэхдээ ЮНКЛОС буюу НҮБын далайн хуулийн конвенцоор бүс нутгийн орнуудын дундын өмч, олон арван аралтай 370600 км тойрог бүхий эдийн засгийн онцгой бүс энэхүү тэнгисийн асуудлаар Филиппин Хятадтай өнгөрсөн хоёр жилд “тэмцэлдсэн” байна. Энэ асуудлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-4-нд Камбожийн нийслэл Пном Пень хотод болсон “АСЕАН 2012” хэмээх 20 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт дээр улс орнууд сөхөн ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй.
Харин ирэх онд болох 21 дэх удагийн дээд хэмжээний уулзалт дээр тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Нийгэмлэгийн гишүүн орнууд ирэх уулзалтад АНУ, Япон, ОХУ, Хойд болон Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Европын холбоог яриа хэлэлцээрийн зуучлагчаар оролцуулахаар төлөвлөжээ. Ямартай ч Хятадын эсрэг энэ уулзалтын үр дүнг хүлээх л үлдлээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)