Өмнөд Солонгос Японтой маргаантай арлын оргилыг нэрлэнэ

    Япон, Хятадын хоорондох Сенкаку буюу Дяойатао арлын маргаан хурцдаад буй энэ үед Өмнөд Солонгос, Японы арлын маргаан сэдэрсэн юм. Япон Улс Хятадтай маргаж буй таван жижиг арлыг Сенкаку, Хятад Дяойатао гэж нэрлэдэг. Тус хоёр улсаас гадна Тайвань уг бүлэг арлын эзэмшлийн асуудлаар маргаан дэгдээдэг.
    Япон, Хятадын хоорондох Сенкаку буюу Дяойатао арлын маргаан хурцдаад буй энэ үед Өмнөд Солонгос, Японы арлын маргаан сэдэрсэн юм. Япон Улс Хятадтай маргаж буй таван жижиг арлыг Сенкаку, Хятад Дяойатао гэж нэрлэдэг. Тус хоёр улсаас гадна Тайвань уг бүлэг арлын эзэмшлийн асуудлаар маргаан дэгдээдэг.
Харин Япон, Өмнөд Солонгосын дунд маргаан тариад буй Такешима буюу Докдо бүлэг арал нь хоёр жижиг арлаас бүрддэг. Арлын эзэмшлийн асуудлаар хүчтэй маргалдаж эхэлсэн улс орнууд бүлэг арлыг өөрсдийнх гэдгийг батлахаар янз бүрийн үйлдэл, шийдвэр гаргаж буй энэ үед Өмнөд Солонгосын Засгийн газар Японтой маргаантай хоёр арлын оргилд нэр өгөхөөр шийдсэнээ мэдэгдлээ. Үүнээс өмнө уг хоёр арлын оргил япон нэртэй байсан гэнэ. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өнгөрөгч даваа гаригт нэр сонгох үйл ажиллагаа эхэлжээ. Одоогоор шинэ нэрсийг танилцуулж байгаа аж.
    Хэдийгээр нэрийг албан ёсоор сонгоогүй байгаа ч тус улсын Газар, тээвэр, далайн хэргийн яамнаас мэдээлснээр, Дэханно, Усан хэмээх нэр сонгогдох магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, Докдо бүлэг арлын баруун талын 168.5 метр өндөр арал нь Дэханно, зүүн талын 98.6 метр өндөр арал нь Усан нэртэй болох юм. Учир нь Чосон гүрний үед буюу 1910 он хүртэл Докдо арлыг “Усан” гэж нэрлэдэг байж. Харин Дэханно нь солонгос хэлэнд Өмнөд Солонгос гэсэн утгыг агуулдаг аж. Өмнөд Солонгосын Засгийн газрын албаныхны хэлснээр, Япон Улс Дэлхийн II дайны дараа Өмнөд Солонгосын газар нутагт харьяалагддаг Докдо арлыг Японы эзэмшил гэж мэдэгдэх болжээ.
   Уг бүлэг арал Японы баруун талын тэнгист оршдог байна. Өнгөрөгч наймдугаар сард Япон Улс Өмнөд Солонгосын Засгийн газарт маргаантай арлын асуудлаар Олон улсын хууль зүйн шүүхэд хамтдаа хандахыг санал болгож, албан ёсны эзэмшигчийг тогтоолгохыг хүссэн.
Харин Өмнөд Солонгос үүнээс татгалзаж, Олон улсын шүүх, Японыг арлын эзэмшигчийг тодруулах ёсгүй гэжээ. Мөн Докдо арлын эзэмшлийн асуудлаар хэн нэгэн маргаан дэгдээх ёсгүй. Учир нь “Солонгосын түүхэнд ч тэр олон улсын хуульд ч тэр Докдо арал Өмнөд Солонгосын өмч гэдгийг заасан байгаа” гэжээ. Юутай ч, Япон Улс Өмнөд Солонгос, Хятад, ОХУ-тай арлын маргаантай байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)