Укрианы эрх баригчид ялалт байгуулав

   Украины парламентын сонгуулийн саналын хуудасны 99 хувь тоологдсоны дараа эрх баригч Бүс нутгуудын нам 30.08 хувийн санал авч тэргүүлэв.
   Украины парламентын сонгуулийн саналын хуудасны 99 хувь тоологдсоны дараа эрх баригч Бүс нутгуудын нам 30.08 хувийн санал авч тэргүүлэв. Харин шоронд хоригдож буй экс Ерөнхий сайд, сөрөг хүчний удирдагч Юлия Тимошенкогийн Эх орон нам 25.47 хувийн санал авч удаалжээ.
Тэгвэл нэрт боксчин Виталий Кличкогийн “Цохилт” буюу Ардчилсан шинэчлэлийн холбоо нам 13.92, Коммунист нам 13.20, Эрх чөлөө нам 10.42 хувийн санал авч эхний тавд багтсан аж. Үндсэндээ энэ байр өөрчлөгдөхгүй. Гэхдээ Юлия Тимошенко сонгуулийн үр дүнг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Түүнчлэн бусад нам ч сонгуулийн үр дүнд дурамжхан байна. Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, намд өгсөн саналын 99.12, нэр дэвшигчдэд өгсөн саналын 98.71 хувийг тоолж дуусчээ. Тус улсын парламент 450 суудалтай. Үүний тал нь намаас, тал нь ард түмний саналаар сонгогдоно. Дээрх дүнгээр Ерөнхийлөгч Виктор Януковичийн тэргүүлдэг Бүс нутгуудын нам мандаттай тойргоос 114, намын 73 суудал авах аж. Өөрөөр хэлбэл 450 суудлаас 187 суудал авч олонхи болж байна.
Харин гол сөрөг хүчин болох Ю.Тимошенкогийн Эх орон нам 103, үүний 61 нь намын, 42 нь мандаттай тойргийнх аж. Тэгвэл дэлхийд данстай боксчин Виталий Кличкогийн нам 34, сонгогчдын шууд сонгосон зургаан суудал буюу 40 суудал авчээ. Харин Эрх чөлөө нам 25, нэр дэвшигчийн 12 нийлсэн 37, Коммунист нам дан ганц намын жагсаалтаас бүрдсэн 32 суудал авсан байна. Харин бие даан нэр дэвшигчид 44 суудал авчээ. Тэгвэл бусад нам таваас доош суудал авсан байна. Энэ удаагийн сонгуульд сонгогчдын 58 хувь нь оролцжээ. Дашрамд дурдахад, өнгөрөгч ням гаригт явагдсан энэ удаагийн парламентын сонгуульд нийт 5000 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)