Ерөнхийлөгчийн онгоцыг дэлбэрсэн гэж бичсэн сонины ерөнхий эрхлэгч огцров

   Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскийн сууж явсан “Ту-154” онгоцны сүйрлийг “зүгээр нэг осол байгаагүй” гэж бичсэн “Речьпосполита” (Rzeczpospolita) сонины ерөнхий эрхлэгч Томаш Врублевский үүрэгт ажлаасаа огцорчээ. Тус сонины өнгөрөгч аравдугаар сарын 30-ны дугаарт “Лех Качиньскийн онгоц дэлбэрсэн. Онгоцны сэгээс ТНТ болон нитроглицерин өндөр тунгаар олдсон” гэж бичжээ.
   Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскийн сууж явсан “Ту-154” онгоцны сүйрлийг “зүгээр нэг осол байгаагүй” гэж бичсэн “Речьпосполита” (Rzeczpospolita) сонины ерөнхий эрхлэгч Томаш Врублевский үүрэгт ажлаасаа огцорчээ. Тус сонины өнгөрөгч аравдугаар сарын 30-ны дугаарт “Лех Качиньскийн онгоц дэлбэрсэн. Онгоцны сэгээс ТНТ болон нитроглицерин өндөр тунгаар олдсон” гэж бичжээ.
   Уг онгоц 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленск хотын ойролцоо осолдсон юм. Тиймээс онгоцны ослын шалтгааныг Москвагаас ирсэн ажлын хэсэг гаргасан байна. Тэдний тайланд онгоц гаднын ямар нэгэн оролцоогүйгээр осолдсон гэж дурдсан юм. Тухайн үед Польшийн Ерөнхийлөгчийн онгоцыг Смоленск хотын нисэх буудалд газардахад өтгөн манан татсан байжээ. Гэсэн ч энэ ослыг гаднын оролцоотойгоор үйлдэгдсэн гэдэгт итгэх хүн Польш, Орос төдийгүй дэлхийн олон оронд цөөнгүй байдаг юм. Саяхнаас энэ осолтой холбоотой мэдээллүүд цацагдах болсноор үл итгэгчдийн тоо бүр ч ихсэв. Онгоцонд багийн найман гишүүн, 88 зорчигч нийлсэн 96 хүн сууж явсан бөгөөд бүгд амь үрэгдсэн. Тэдний дотор Польш Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Лех Качиньскийгээс гадна экс Ерөнхийлөгч Рышард Качоровский сууж явжээ. Ер нь Польшийн тухайн үеийн хамгийн нөлөөтэй эрхмүүд сууж явсан юм.
  Польшийн Засгийн газар саяхан цөллөгөн дэх сүүлчийн Ерөнхийлөгч Рышард Качоровскийн цогцсыг булшнаас нь гаргасан. Варшавын албаныхны тайлбарласнаар, Москвагаас ирсэн бичиг баримтад зарим хохирогчийн нэрийг буруу тогтоожээ. Тиймээс залруулахаар ийнхүү хөндсөн байна. Тэд нэр бүхий дөрвөн хүний шарилыг хөндсөн юм. Мэдээж шарилуудаас ДНК-ийн шинжилгээ аваад буцааж булжээ. Үүнтэй зэрэгцэн уг ослын хамгийн гол гэрч гэгдэж байсан Польшийн иргэн Ремигиуш Мусь нас барсан юм. Албаныхан түүнийг амиа хорлосон гэж мэдэгдсэн. Р.Мусийн эхнэрийн хэлснээр, нисэх онгоцны инженер, 42 настай Р.Мусь өнгөрөгч аравдугаар сарын 29-нд Польшийн нийслэл Варшав хотын захад орших байшингийнхаа хонгилд өөрийгөө дүүжилжээ. Эхнэр нь түргэн дуудаж, нөхрийгөө амь оруулахыг хичээсэн байна. Харин тун удалгүй хүрч ирсэн эмч нар түүнийг нас барсан гэж оношилсон байна. Р.Мусийн үхлийн дараа онгоцны ослын шалтгааныг тогтоох Польшийн парламентын ажлын хэсгийн ахлагч, нөлөө бүхий улстөрч Антони Мацеревич “Р.Мусь Ту-154-ийн ослын гол хоёр гэрчийн нэг байсан. Тэр нас барсан болохоор бид нөгөө гол гэрч Артур Восзтилийг хамгаалалтад авах ёстой” гэж мэдэгдсэн юм. Р.Мусь Ерөнхийлөгч Лех Качиньскийн Орост үйлдвэрлэсэн “Ту-154” онгоцны осолтой холбоотой хоёр дахь амиа хорлосон хүн болж байна.
   Энэ оны нэгдүгээр сард ослын хэргийг шалгаж байсан прокурор Миколай Прзибил олон нийтэд товч мэдээлэл өгснийхөө дараа тодорхойгүй шалтгаанаар өөрийгөө бууджээ. Харин Р.Мусь 2010 оны хавар Польшийн Ерөнхийлөгчийн онгоцыг Смоленск хотын ойролцоох ойд осолдохоос нэг цагийн өмнө Смоленскийн нисэх буудалд газардсан Як-40 онгоцны нисгэгч байжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн онгоцны нисгэгчтэй хамгийн сүүлд холбоо барьсан хүн аж. Гэсэн ч тэрбээр уг ослын дараа ажлаасаа гарсан юм. Хачирхалтай нь, онгоц 1939 онд ЗХУ уруу нисч байгаад осолдсон онгоцны сүйрсэн газарт унасан байна. Тухайн үед Польшийн улстөр, цэрэг, бизнес, шашны хамгийн нөлөө бүхий эрхмүүд сууж явсан онгоц Смоленск хотоос баруун тийш 14 орчим километрийн зайд Катыний ойд унасан байна. Үүнтэй адил Польшийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд, тодруулбал хоёр Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, зэвсэгт хүчин, агаарын хүчин, тэнгисийн хүчин зэрэг цэргийн штабын дарга нар, Үндэсний банкны ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд, шашны тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын товчооны тэргүүн, парламентын гурван дэд дарга, Олимпийн хорооны тэргүүн, иргэний эрхийн комиссар, Ерөнхийлөгчийн хоёр туслах болон улсдаа хамгийн их танигдсан хууль тогтоогчид (Хууль ба шударга ёс намын цөм болсон гишүүд) болон хүний эрхийн нөлөө бүхий тэмцэгчид амь үрэгдсэн юм.
   Өөрөөр хэлбэл, дээрх хэрэг 2010 онд давтагджээ. Харин энэ осол дээр ажилласан мөрдөгчид болон шинжээчдийн дүгнэлтийг л зөвхөн хамгийн түрүүнд ганцаараа авч нийтэлсэн, олон уншигчтай “Речьпосполита” сонины эрхлэгч үүрэгт ажлаасаа хөндийрч байгаа нь бүр их сэжиг төрүүлж байгааг гаднынхан онцолж байна. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн онгоцыг дэлбэрсэн гэж мэдээлснийхээ дараа дээрх сонин залруулга хийж байсан юм. Мөн тус улсын прокурорууд онгоцыг дэлбэрсэн гэдгийг няцаасан юм.
   Эргэн сануулахад, Лех Качиньский, түүнийг дагалдан явсан төрийн өндөр албан тушаалтнууд болон чөлөөндөө гарсан эрхмүүд Дэлхийн II дайны үеэр орос цэргүүдийн гарт амь үрэгдсэн 22 мянга орчим польш иргэнийг дурсах хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоор Смоленскийг зорьсон юм. Тухайн үед “Катыний геноцид” хэмээх польш иргэдийг үй олноор хөнөөсөн хэргийн 70 жилийн ой тохиож байжээ. Ямартай ч, “Ту- 154”-ийн осол Польшийн түүхэн дэх хамгийн их эргэлзээ дагуулсан хэрэг гэгдэж байна.

 Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)