Хятадын дараагийн удирдагч хэн бэ

    Нэг намын тогтолцоотой Хятадын Коммунист намын 18 дахь удаагийн их хурал энэ сарын 8-нд болно. Энэ хурлаар шийдэх хамгийн гол асуудал нь эрх шилжүүлэх. Өөрөөр хэлбэл, хурлаас Хятадын дараагийн Ерөнхийлөгч тодорно. Олонхи ажиглагчийн таамаглаж буйгаар, Хятадын дараагийн Ерөнхийлөгчөөр томилогдоно гэж эртнээс яригдсан дэд Ерөнхийлөгч Си Зиньпин Ху Жинтаогийн халааг авах бололтой.
Нэг намын тогтолцоотой Хятадын Коммунист намын 18 дахь удаагийн их хурал энэ сарын 8-нд болно. Энэ хурлаар шийдэх хамгийн гол асуудал нь эрх шилжүүлэх. Өөрөөр хэлбэл, хурлаас Хятадын дараагийн Ерөнхийлөгч тодорно. Олонхи ажиглагчийн таамаглаж буйгаар, Хятадын дараагийн Ерөнхийлөгчөөр томилогдоно гэж эртнээс яригдсан дэд Ерөнхийлөгч Си Зиньпин Ху Жинтаогийн халааг авах бололтой.

    Гэхдээ Коммунист намд түүнийг үл дэмжигчид олон байна. Учир нь Коммунист нам хоёр том хэсэгт хуваагдаад байгаа юм. Албан бусаар "элитист", "популист" гэж хуваагдсан байна. Түүнчлэн олон жижиг фракц үүсчээ. Элитистүүд Си Зиньпинийг Ху Жинтаогийн халаагаар сонгоод байгаа бол популистууд Ерөнхий сайд Вэнь Зябаог сонгох бололтой. Гэхдээ тэд их хурлаас хэдхэн минутын өмнө эцсийн сонголтоо хийх аж. Учир нь Вэнь Зябао Бо Силайн адил дуулиант хэрэгт холбогдоод байгаа юм.

    Популистуудын сонголтын тэргүүнд нэрлэгдэж байсан нөлөө бүхий улстөрч Бо Силай эхнэрийнхээ дуулиант хэргийн улмаас улстөрийн карьертаа цэг тавьсан. Харин Вэнь Зябао их хурлын өмнөхөн түүнээс дутахааргүй дуулиант хэрэгт холбогдсон юм. Саяхан АНУ-ын "Нью-Йорк Таймс" сонин "Вэнь Зябаогийн гэр бүл болон хамаатан садан В.Зябаог одоогийн албан тушаалдаа томилогдсоноос хойш 2.7 тэрбум гаруй ам.долларын нууц хөрөнгө хураасан" гэж мэдээлсэн.

    Үүний дараа Вэнь Зябао болон түүний гэр бүлийн өмгөөлөгчид уг мэдээллийг няцааж, "Нью-Йорк Таймс" сониныг гүжирдсэн мэдээлэл цацсанд буруутгасан. Тэгвэл Вэнь Зябао их хурлаас хоёр өдрийн өмнө гэр бүлийнхнийгээ шалгуулах болсноо дуулгалаа. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын гэр бүлийн гишүүд болон хамаатан саднууд байцаагдах гэнэ. Уг хэрэг Бо Силайн хэргийн дараах Хятадын хоёр дахь том улстөрийн дуулиан гэгдэж байна.

    "Нью-Йорк Таймс" сонин түүнчлэн "Вэнь Зябаогийн эхнэр асар их хөрөнгө эргэлдэж байдаг Хятадын зах зээлийг бараг бүхэлд нь атгадаг. Харин ээж нь даатгалын бизнест хувь эзэмшдэг. Хүү нь Хятадын хамгийн том хөрөнгө оруулалтын хувийн компанийн эзэн" гэж нийтэлсэн юм. Мэдээж энэ хэрэг Вэнь Зябаог Ерөнхийлөгчөөр сонгогдоход хамгийн том саад учруулах нь дамжиггүй. Тиймээс В.Зябао гэр бүлийнхнийгээ цагдаад шалгуулахаар өгсөн бололтой.

    Ямартай ч Мао Зедун, Дэн Сяопинийг дагагч, хуучинсаг үзэлтэй элитистүүд Си Зиньпинийг сонгосон юм. Харин популистууд өөрийн хүнийг удирдагчийн албан тушаалд сонгуулахын тулд "ширүүн тэмцэл" өрнүүлэх бололтой. Түүнчлэн бусад жижиг фракцаас ч гэсэн өөрсдийн төлөөний хүмүүсийг нэр дэвшүүлэх нь тодорхой болоод байна. Учир нь Си Зиньпин фракцуудаас дэмжлэг авч чадаагүй аж. Тэд түүнийг "хэт нууцлаг" хүн хэмээн шүүмжилж байгаа юм. Тиймээс энэ удаагийн их хурал харьцангуй ширүүн уур амьсгал дор өрнөх нь гарцаагүй. Бүр төрийн эргэлт ч гарч болзошгүй хэмээн барууны хэвлэлүүдэд бичжээ.

Э.ТӨГС



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)