С.Мөнгөнцэцэг: Таеквондогоор шантрахгүй хичээллэвэл олимпоос медаль авах боломж бий

Монголд төдийлөн хөгжөөгүй таеквондогийн спортоор хичээллэн, үеийнхнийгээ манлайлж олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн Дорнодын "Зэрэн" холбооны тамирчин, спортын мастер С.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.
Монголд төдийлөн хөгжөөгүй таеквондогийн спортоор хичээллэн, үеийнхнийгээ манлайлж олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн Дорнодын "Зэрэн" холбооны тамирчин, спортын мастер С.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр БНСУ-ын Кёнжу аймагт зохион байгуулсан "Korea open" олон улсын тэмцээнд амжилттай оролцоод өчигдөр эх орондоо иржээ.

-Алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээнд явсан зорилгоо биелүүлээд ирсэн гэж бодож байна?

-БНСУ-ын Кёнжу хотод болсон олон улсын таеквондогийн тэмцээний 46 кг-ын жинд өрсөлдөж аварга болсондоо баяртай байна. Тэмцээнд оролцож түрүүлэх чухал байлгүй яахав. Энэ тэмцээнд түрүүлснээр би ОУХМ цол хангаж байгаа юм. Энэ нь хамгийн чухал байлаа. Ер нь манай тамирчид энэ удаагийн тэмцээнд багаараа амжилттай оролцсон. Тэмцээнд 44 улсын 2000 гаруй тамирчин өрсөлдлөө. Манай улсаас 22 тамирчин хүч үзсэн. Биднийг багш С.Ган-Эрдэнэ, Н.Эрдэнэбаатар дасгалжуулсан. Теаквондо бусад спортын төрлөөс ялгаатай. Зарим спортын төрөлд нэг жинд өрсөлдөх тамирчдын тоог заачихсан байдаг. Харин таеквондод нэг жинд хэдэн ч тамирчин оролцох боломжтой. Дээрээс нь жиндээ I, II, III гэсэн зэрэглэлтэй учраас өрсөлдөөн их. Аваргыг шалгаруулахдаа зэрэглэл бүрээс тодорсон тамирчид дахин хүч үздэг. Тиймээс л таеквондо хүнийг тэвчээр хатуужилд сургадаг гэдэг.

-Та хэддүгээр зэрэглэлд нь өрсөлдсөн бэ. Гол өрсөлдөгч аль улсынх байв?

-Би 46 кг-ын хоёрдугаар зэрэглэлд оролцсон. Тэгээд өөрийн оролцсон багаасаа нэгээр гарч I, III зэрэглэлээс шалгарсан тамирчинтай өрсөлдөж алтан медаль хүртсэн юм. Миний өрсөлдсөн жинд 10 гаруй тамирчин оролцсон. Бага жингийн тулаан болохоор хүчтэй өрсөлдөгчид таардаг. Энэ удаагийн тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Солонгосын багийнхан байлаа. Солонгост таеквондогийн спорт их хөгжсөн юм шиг санагдсан. Дүүрэг бүрээс нь шилдэг тамирчид ирдэг юм билээ. Мөн АНУ, Францын нэгдүгээр багийн тамирчид хүчтэй байсан шүү. Таеквондогийн тэмцээн хасагдах журмаар явагддаг учраас тамирчин бүр дор бүрээ бэлтгэлээ сайн хангах шаардлагатай. Тэгээд ч тэмцээн бүрээс тамирчид шинэ зүйл сурдаг. Энэ удаагийн тэмцээнээс би техникийн талаар чамгүй зүйл мэдэж авлаа.

-Монголоос Таны жинд оролцдог хүчтэй өрсөлдөгч бий юу?

-Би ихэвчлэн 46, 47 кг-ын жинд өрсөлддөг. Харин надтай ойролцоо 49 кг-ын жинд оролцдог С.Янжинлхам гэж охин бий. Батлан хамгаалах их сургуулийн тамирчин байгаа юм. Тэр бид хоёр л өрсөлдөгч юм болов уу. С.Янжинлхам БНСУд болсон тэмцээний 49 кг-ын жинд мөн алтан медаль хүртсэн.

-Та Дорнодын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тамирчин. Тэмцээнд танай аймгаас олон тамирчин оролцсон уу?

-Дөрвөн тамирчин оролцож нэг алт, гурван мөнгөн медаль хүртлээ. Би 2006 оноос "Дорнын од" клубт хичээллэсэн. Тухайн үед хүүхэд бүр л таеквондог сонирхдог байсан. Нэг үе олон хүүхэд клубт таеквондогоор хичээллэхээр орсон ч шантраад гарчихсан. Тухайн үед клубт хамрагдсан хүүхдүүдээс одоо дөрөв нь л тууштай хичээллэж байна. Ер нь таеквондогийн спорт манай аймагт сайн хөгжсөн. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сум бүрээс тамирчид ирдэг. Нэг удаагийн тэмцээнд 100 гаруй тамирчид тулалддаг болохоор өрсөлдөөн ихтэй. Одоо манай аймгийн тамирчин паралимпийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

-Таеквондогийн спортын онцлогийн талаар сонирхуулаач?

-Гар оролцдоггүй, зөвхөн хөлөөр тулалддаг. Цээжинд оновол гурав, толгойд цохивол таван оноо авна. Харин бүсэлхийнээс доош цохих хориотой. Мөн нүүр рүү цохихыг хориглодог. Тэмцээний үед хараалын үг хэлдэггүй зарчимтай. Хэрвээ эдгээр зарчмыг зөрчвөл сануулга авах цаашлаад хөөгдөх хүртэл арга хэмжээ авдаг. Бидний цээжний хамгаалалтыг хугу гэдэг. Толгойныхыг шилем, шүднийхийг кап, хөлнийхийг подем гэж нэрлэдэг.

-Толгой оновол өндөр оноо авдаг юм байна. Бэртэл гэмтэл авах эрсдэл өндөр байдаг юм шиг санагдлаа?


-Тархи доргих энүүхэнд. Гэхдээ хориотой цохилт хийхгүй бол бэртэл авахгүй. Дээрээс нь өөрийнхөө жинд тулалдаж байгаа үед эмээх зүйл гардаггүй юм. Ер нь эрсдэлгүй юм гэж юу байх вэ. Энэ спортоор хичээллээд тэвчээр хатуужилтай болъё гэж бодсон. Одоо санасандаа хүрсэн гэж бодож байна. Ямар ч байсан хүний үг даахаар болсон шүү./инээв/

-Гэр бүлийнхэн тань ийм спортоор хичээллэе гэхэд хэрхэн хүлээн авч байв?

-Би айлын ганц охин. Хоёр ах, дүүтэй. Гэр бүлд маань спортын хүн байдаггүй. Түүнээс болоод ч тэр үү аав, ээж хоёр "Охин хүүхэд биеэ хамгаалж сурах хэрэгтэй" гэж дэмждэг. Миний үерхдэг залуу ч гэсэн таеквондогийн тамирчин. Тийм болохоор спорт миний амьдралын чухал зүйл яахын аргагүй мөн.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-"Дорнод" дээд сургуулийн нийгмийн ажилтны ангийг төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Цаашдаа аймагтаа таеквондогийн клуб нээж, спортод элэгтэй хүүхдүүдийг дасгалжуулах зорилготой. Таеквондогийн тамирчдыг дэмжвэл амжилт гаргаж чадахыг харуулах хүсч байна. Яг үнэндээ манай улсад олон улсын тэмцээн зохиох ямар ч боломжгүй шүү дээ. Гадаадын тамирчидтай туршлага солилцвол бидний ур чадвар нэмэгдэнэ. Цаашлаад олимпоос медаль авах ч боломжтой.

-Саяхан таеквондогийн тэмцээнийг шүүх шинэ техник нэвтрүүллээ гэсэн. Энэ талаархи мэдээллийг өгөөч?

-Электрон хугу-тай болсон. Энэ нь хэн нэгэн шүүгч гараар оноо даралгүйгээр тамирчдны бие рүү довтолсон тохиолдолд автоматаар оноо орно гэсэн үг. Өнгөрсөн улсын аварга шалгаруулах тэмцээнийг электрон хугутай шүүсэн. Тэмцээн элдэв яриагүй сайхан болсон.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?


-Удахгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тиймээс тэмцээний бэлтгэлд гарахаасаа өмнө гэртээ харина даа.

Б.СЭЛЭНГЭ



www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Т.Бямбасүх (122.201.22.70)

    2013-03-12

    Би ч бас таеквондогоор хичээлэлдэг бас дорнийн од клубд явдаг дорндын хүүхэд.Энэ спорт гоё баттай хэлж чадна.Би ч бас Мөнгөө багш шиг болж чаднаа гэдэг тэй итгэлтэй байна.Би Мөнгөө багшаш асуух юм байна би тан шиг яаж ийм хүн болох вэй.Сүүлдэн хэлхэд Анхаа багш даа баярлалаааааааааааа

  • (112.72.12.7)

    2013-01-19

    анай та ёстой сайн бнй би өөрөө таеквондогоор хичээллэдэг гэхдээ жаахан намхан болохоор өндөр хүүхдүүдэд ялагдчих юм ер нь өндөр хүүхдүүдтэй яаж тулалдвал зүгээр юм болоо