Барак Обама Америкчуудыг зөв сонголт хийсэн гэдгийг нотолно

    АНУ-ын анхны африк гаралтай Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч мягмар гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж одоогийн албан тушаалдаа дахин дөрвөн жил ажиллахаар болсон билээ.
    АНУ-ын анхны африк гаралтай Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч мягмар гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж одоогийн албан тушаалдаа дахин дөрвөн жил ажиллахаар болсон билээ. Түүнийг нийт сонгогчдын тал гаруй хувь, түүний дотор өнгөт арьст сонгогчдын 96 хувь нь дэмжсэн юм. Тиймээс Б.Обама ирэх дөрвөн жилд цагаан арьст иргэд болон бүгд найрамдахчуудыг эртнээс дэмжиж ирсэн төвийн нутгуудад илүү анхаарал хандуулах гэнэ. Гэхдээ африк гаралтай үнэнч дэмжигчдээ орхигдуулахгүй аж.
   Б.Обама сонгуулийн өмнөх мэтгэлцээнд Митт Ромнигоос багагүй шүүмжлэл хүлээсэн. М.Ромни түүнийг ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа бүрэн хэрэгжүүлж чадаагүй, улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагаж, тэргүүлэгч байр суурийг алдсанд буруутгасан юм. Тиймээс Б.Обама ажлын байрыг олон мянгаар нь бий болгохын сацуу АНУ-ын нэр хүндийг өсгөхийн тулд Ойрхи Дорнод дахь байр сууриа бэхжүүлэх тал дээр илүү анхаарал хандуулахаар төлөвлөжээ. Гэхдээ Б.Обама Бүгд найрамдах намын адил дайнч бодлого баримтлахгүй, урьдын адил ардчилсан бодлогоо хэрэгжүүлж, илүү төгөлдөржүүлэхийг хичээх бололтой.
   Тиймээс Б.Обамагийн үед тогтсон АНУ-ын Ойрхи Дорнод дахь байр суурьт онцын өөрчлөлт гарахгүй нь. Гэхдээ Израиль тус улсыг Иранд цохилт өгөхөд нь дэмжлэг үзүүлэхийг хүссээр байгаа юм. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Иранд цохилт өгөх асуудалд Б.Обамаг ятгахаар Вашингтонд зочилсон ч удаа дараагийн шахалтаас залхсан уу Б.Обама сонгуулийн ажлын улмаас зав байхгүй хэмээн Б.Нетаньяхуг буцааж байсан. Тиймээс тун удахгүй Б.Нетаньяху АНУ-д дахин зочилно. Энгийнээр тайлбарлавал, Б.Обама Б.Нетаньяхугийн ятгалгад автахгүй бол АНУ-ын Ойрхи Дорнод дахь бодлого, байр суурьт өөрчлөлт орохгүй. Ямартай ч Б.Обама түүнийг сонгосон нь зөв байсан гэдгийг АНУ-ын иргэдэд харуулахаа амласан юм. Тиймээс АНУ-д ирэх дөрвөн жилд хүмүүсийн амьдрал улам сайжирна.
  Үндсэндээ Б.Обама эх орондоо илүү анхаарал хандуулна. Тэрбээр Ойрхи Дорнодоос цэргээ татаж, бүс нутагт зарлагадаж буй олон зуун тэрбум ам.долларыг дотооддоо ашиглахаар болжээ. Үүний улмаас уу Б.Обамагийн бодлогыг Ойрхи Дорнодод түгээх ажлыг гардан явуулж байсан Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо. Гэхдээ тэрбээр өнгөрөгч мягмар гаригийн сонгуулийн дараа албан тушаалаа орхино гэж эртнээс мэдэгдэж байсан юм.
  Үүнтэй холбогдуулан төрийн департаментын тэргүүнийг яаралтай сонгох хэрэгтэй болсон бөгөөд Сенатын олон улсын хорооны өнөөгийн тэргүүн Жон Керри, НҮБ дахь АНУ-ын Элчин сайд Сьюзан Райс нарын хэн нэг нь дараагийн Гадаад харилцааны сайд болно. Энэ муу мэдээтэй зэрэгцэн сайн мэдээ Б.Обама хүлээн авчээ. Түүнд ОХУын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж улиран сонгогдсонд нь баяр хүргэжээ. В.Путин "Өнгөрөгч хэдэн жилд Орос-Америкийн харилцааг хөгжүүлэхэд тодорхой үр дүн гарсан.
  Цаашдаа харилцаа улам бэхжүүлж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна. ОХУ АНУ-тай бүс нутаг болон дэлхийд тулгамдаад буй адармаатай асуудлаар хэлэлцэх, хамтарч ажиллахыг хүсч байна. ОХУ, АНУ дэлхийн хөгжил, тогтвортой байдлыг хамгаалахад чухал нөлөөтэй орон" гэж хэлжээ. Мөн түүнийг ирэх онд ОХУ-д айлчлахыг албан ёсоор урьжээ. Үүнээс өмнө Москва дахь АНУын Элчин сайд Майкл Макфол "Б.Обама ОХУ-д айлчлахдаа таатай байх болно" гэж мэдэгдэж байв. Харин Ерөнхий сайд Дмитрий Медведев "Оросыг ¹1 дайснаа гэж боддог хэн нэгэн ялалт байгуулаагүйд баяртай байна" гэж хэлжээ.

МИССИСИПИЙН ОЮУТНУУД Б.ОБАМАГ ЭСЭРГҮҮЦЭВ
   АНУ-ын зүүн өмнө зүгийн Миссисипи мужийн Оксфорд хот дахь Миссисипийн их сургуулийн оюутнууд Ерөнхийлөгч Б.Обамаг дахин сонгогдсоныг эсэргүүцэж жагсчээ. Өнгөрөгч лхагва гаригийн орой болсон энэхүү жагсаалд 400 гаруй оюутан оролцсон бөгөөд цагдаа нар хоёрыг нь баривчилжээ.
  Тэд "твиттер" хуудас ашиглан жагсаалд оролцохыг уриалсан зар тараасан байна. Миссисипийн оюутнууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан уриа лоозон барьж жагссан аж. Харин тус сургуулийн ректор Дан Жонес оюутнуудыг арьс өнгөөр ялгаварласан жагсаал зохион байгуулсанд зэмлэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч мягмар гаригт болсон. Энэ сонгуульд Б.Обама өрсөлдөгчөөсөө ялимгүй илүү санал авсан.
   Гэхдээ нэр дэвшигч 538 суудалтай конгрессоос олонхийн санал авч энэ ялалтаа баталгаажуулах ёстой. Б.Обамад конгрессоос 270 санал авахад л хангалттай байсан юм. Харин тэрбээр 303 санал авч албан тушаалдаа дахин дөрвөн жил үлдэх эрхээ өвөртлөв. Тэгвэл түүний өрсөлдөгч Митт Ромни 206 санал авчээ. Үүний дараа М.Ромни Б.Обамад Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна.

Э.ТӨГС



www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)