Хятадын цэргийн бодлого өөрчлөгдөх үү
- 2012-11-13
- Дэлхий
- 0
Хятадын Ерөнхийлөгч, Коммунист намын дарга Ху Жинтао намын XVIII дахь
удаагийн их хурлын дараа энэхүү хоёр албан тушаалаас бууна. Тэгвэл
Хонконгийн "Өмнөд Хятадын өглөөний шуудан" сонинд Ху Жинтао 10 жилд нэг
удаа тохиодог эрх шилжүүлэх энэхүү хурлын дараа үүнээс гадна намын төв
хорооны Цэргийн зөвлөлийн тэргүүний албан тушаалаа мөн хүлээлгэн өгнө
гэж мэдээлжээ.

Ху Жинтао одоогоор улсын Ерөнхийлөгч, Коммунист намын дарга, намын төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга, цэргийн төв комиссын дарга, намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг тус тус хашиж байгаа аж. Намын их хурал таван жилд нэг удаа болдог. Харин 10 жилд нэг удаа эрх шилжүүлдэг юм. Энэ удаагийн эрх шилжүүлэх их хурал уламжлал ёсоор долоо хоног үргэлжлэх бөгөөд маргааш өндөрлөнө.
Энэ хурлаас гарах шийдвэртэй холбоотой мэдээлэл ихээхэн хомс байгаа ч Ху Жинтао дээрх дөрвөн албан тушаалын гурвыг нь хүлээлгэн өгөх нь тодорхой боллоо. Үүнтэй холбогдуулан намын Төв хорооны Цэргийн зөвлөлийн тэргүүнээр хэн сонгогдох нь баруун төдийгүй Ази, тэр дундаа Хятадын хөрш орнуудын анхаарлыг ихэд татаж байна. Зарим тохиолдолд Ерөнхийлөгчийн шинэ томилгооноос илүү анхаарал татаж байгаа аж. Ихэнх ажиглагчдын үзэж буйгаар тус улсын дараагийн Ерөнхийлөгчөөр Ху Жинтаогийн орлогч, дэд Ерөнхийлөгч Си Зиньпин томилогдоно. Тиймээс түүнийг Ху Жинтаогийн адил Цэргийн зөвлөлийн тэргүүн хэмээх чухал албыг хүлээн авна гэж таамаглаж байна.
Ямартай ч Си Зиньпин Хятадын Ерөнхийлөгчөөс гадна Коммунист намын даргын албыг хүлээн авах аж. Хятадын цэргийн командлалыг хэн авахаас шалтгаалж тус улсын байр суурь болон гаднын орнуудын бодлого өөрчлөгдөх боломжтой. Ямар ч байсан Ху Жинтаогийн үед боломжийн байсан гэж гаднын ажиглагчид тодорхойлж байна. Тэрбээр 2002 онд болсон намын XVI дахь удаагийн их хурлаас улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гэсэн ч экс Ерөнхийлөгч Зянь Зэмин 2005 он хүртэл цэргийн эрхийг атгаж байв. Харин 69 настай Ху Жинтао бүх албан тушаалаасаа буух аж.
Тиймээс дараагийн Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл төвлөрөх юм. Ху Жинтао ирэх оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө. Тиймээс түүнийг залгамжлагч ирэх оны гуравдугаар сараас эхлэн дээрх албан тушаалуудыг хүлээн авна. Коммунист намын Цэргийн зөвлөл нь Цэргийн төв комиссыг хянадаг байна. Цэргийн төв комисс нь 1982 онд байгуулагдсан Ардын зэвсэгт цагдаа, Ардын чөлөөлөх армийг удирдах зориулалтаар байгуулагдсан бөгөөд 1990 онд Дэн Сяопин анхны тэргүүнээр нь сонгогджээ.
Харин түүний халааг Зянь Зэмин хүлээн авч байсан юм. Юутай ч шинэ тэргүүн томилогдох сургаар Хятадын арми хуурай газрын сургуулилт хийж эхэллээ. Дэлхийд дотоодын зэвсэгт болон зэвсэггүй мөрг өлдөөн газар авч буй энэ үед тус улс дан ганц эдийн засаг гэлтгүй цэргийн салбарт анхаарлаа хандуулж байна. Саяхан Коммунист намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 251 цэргийн албан хаагчийн 80 орчим хувь нь дээд командлалын бүрэлдэхүүнд багтсан нь үүний бас нэг жишээ юм.


Сэтгэгдэл (0)