Лиононель Месси: Бөмбөг бид хоёр ах дүү хоёр л гэсэн үг
- 2012-11-15
- Спорт
- 0
Испанийн "Ла" лигийн шилдэг баг "Барсалено"- гийн довтлогч, Аргентины шигшээ багийн тоглогч Лионель Месси энэ оны эхээр "Sport club" сэтгүүлд ярилцлага өгчээ. Түүнтэй амьдрал, хөлбөмбөгийн тухай хөөрөлдсөнийг бүрэн эхээр нь хүргэе.




Испанийн "Ла" лигийн шилдэг баг "Барсалено"- гийн довтлогч, Аргентины шигшээ багийн тоглогч Лионель Месси энэ оны эхээр "Sport club" сэтгүүлд ярилцлага өгчээ. Түүнтэй амьдрал, хөлбөмбөгийн тухай хөөрөлдсөнийг бүрэн эхээр нь хүргэе.

-Лионель Мессигийн бага нас хэрхэн өнгөрөв?
-Аргентин хүүхдүүд ямар байдаг вэ, тэгж л өнгөрсөн дөө. Хичээлдээ тааруу бол гудамжинд бөмбөг өшиглөж л өдрийг өнгөрөөнө. Би хар багаасаа л Росарио хотын гудамжинд үеийнхэнтэйгээ хөлбөмбөг тоглож өссөн. Бөмбөг бид хоёр ах дүү хоёр шиг л байсан шүү /инээв/. Тэгэхэд би хорооллынхоо хөлбөмбөгийн клубт тоглодог байлаа. Харин 14 настайдаа "Барса"-гийн хүүхдийн багт ирсэн. Тухайн үед эх орон, гэр бүлийнхнийгээ санаад эхлээд хэцүү байсан. Харин одоо нэгэнт би Барселона хотын иргэн болсон болохоор аз жаргалтай байна.
-Ингэхэд Та "Барса"-д ирсэндээ харамсч байв уу?
-Үгүй. Хэзээ ч харамсч байгаагүй. Ер нь харамсах ч үгүй байх. Би "Ньювеллс олд бойс" багт тоглодог байлаа. Аргентинд шүү дээ. Бие жижигтэй болохоор бэртэл авах нь амархан байсан. Тэгээд нэг удаа их хүнд гэмтсэн. Харин миний тоглож байсан баг эмчилгээний мөнгийг минь гаргаж чадаагүй. Бүр намайг багаасаа явуулсан. Түүний дараагаар "Райвер плейт"- эд тоглосон. Тэр үед бэртэл бүрэн эдгэрээгүй байсан болохоор олигтой тоглож чадаагүй. Дараа нь "Барса"-гийн хүүхдийн багаас татгалзахын аргагүй санал ирсэн. Ер нь миний өнөөдрийн амжилтын салшгүй нэг хэсэг бол "Барселона" клуб. "Барса" намайг хэзээ яв гэнэ тэр болтол би багтаа байж л байна.
-Алдартай олон хөлбөмбөгчин "Барса"-гаас "Реал" уруу урваж байсан. Та хэзээ нэгэн цагт "Реал Мадрид"-ад тоглоно гэж боддог уу?
-Надаас хэзээ ч тийм муухай зүйл гарахгүй байх. Би урвалтыг үзэж чаддаггүй муу зантай /инээв/. Дэлхийн хөлбөмбөг сонирхогчид намайг "Барса"-гийн нэрийн хуудас гээд бодчихсон байхад би яаж "Реал" уруу явах вэ дээ. Бүр тодорхой хэлвэл би чинь "Каталони"-ийн бахархал шүү дээ /инээв/.
-Танд анх "Реал" санал тавьсан бол тоглох байсан биз?
-Тэгвэл өөр хэрэг. Бодож үзэх л байсан. Гэхдээ нэгэнт болоод өнгөрчихсөн зүйл шүү дээ. Намайг "Барса" Испанид авчирсан, эмчилсэн, эдгээсэн. Харин одоо би өөрийн чаддаг бүхнээ "Барса"-д зориулах ёстой.

-Өнөөдрийн хөлбөмбөгийн оддын ихэнх нь ядуу гэр бүлээс гаралтай. Таныг ч ядуу гэр бүлээс гаралтай гэж ярьж байсан?
-Бурхны авралаар манайх тийм үгээгүй ядуу айл байгаагүй. Би эцэг эхээс дөрвүүлээ. Аав минь биднийг тэжээх гэж өдөржин ажилладаг байсан. Хааяа би аавынхаа ажилд тусална. Түүнийхээ хүчинд хоёр сард нэг удаа шинэ бөмбөг авахуулдаг байж билээ. Энэ бүх амьдралын дурсамжаа эргээд сөхөхөд сайхан байна шүү.
-Таныг багын андууд чинь их дуу цөөтэй хүн гэлцэх юм билээ. Энэ байдалд аав, ээжийн тань хүмүүжил нөлөөлсөн үү?
-Үгүй байх аа. Манай ээж их чөлөөтэй, хэнтэй ч ярилцаад ойлголцож чаддаг хүн байдаг. Харин аав минь их дуугүй, тайван хүн байдаг юм. Бодвол би аавыгаа дууриасан байх. Харин бусад нь ээжийг дууриасан их яриа хүмүүс байдаг шүү.
-Криштиано Роналдотой Таныг үргэлж харьцуулдаг. Үүнд Та эмзэглэдэг үү. Мөн Криштиано нэг ярилцлагадаа Таныг дэндүү даруухан гэсэн байна лээ?
-Хүн бүр л байгаагаараа байхыг хүсдэг. Криштианогийн хувьд онгироо зан нь надад таалагддаггүй. Харин түүний бөмбөг эзэмшилт, төрөлхийн ур чадвар нь таалагддаг. Хааяа түүнээс суралцах тохиолдол ч гарна. Ер нь би их дуугүй хүн л дээ. Криштианогийн онгироо зан надад тохирохгүй байх аа. Хэрэв би онгироод явж байвал дэндүү хиймэл харагдана. Зарим хэвлэлд намайг тийм загвар өмсөгчтэй ингэж зугаалж гэнэ. Тэр дуучинтай амрагийн холбоотой байж гэх мэтээр бичдэг. Яг үнэнийг хэлэхэд би тийм хүн биш шүү дээ.

-Би Таныг хүүхдэд их хайртай юм болов уу гэж боддог. Учир нь Та үргэлж л хүүхдийн буяны ажилд оролцож явдаг?
-Хүн бүр л хүүхэд насыг дайрдаг. Хүссэн зүйлээ авч чадахгүй уйлаад явж байгаа хүүхдийг хараад би өрөвддөг юм. Миний амьдралд ч тийм зүйл тохиолдож л байсан. Тийм болохоор би аль болох буяны ажил, үйлсэд оролцохын хичээдэг, зорьдог. Ер нь миний амьдралын гол зарчмын нэг болчихоод байгаа. Гарын үсэг зуруулах, хамт зураг авахуулъя гээд хүрээд ирвэл би хэзээ ч үгүй гэж хэлж чаддаггүй. Хүүхдийн инээд, сэтгэл хоёр ямар ч мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл.
-Таны нэртэй хүүхдийн сан байдгийг хүн бүхэн мэднэ. Та өөрөө байгуулсан уу?
-Үгүй ээ. Миний аав Хорхе, ах Родриго нар санаачилсан. Миний хувьд тэдний санаачлан зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцохыг хичээдэг. Хааяа бэлтгэл сургуулилт, тэмцээн гээд очиж амжихгүй үе гардаг. Тэгэхэд хүүхдүүдийн нүдэнд нулимс цийлэгнээд намайг харах гэсэн хүсэл нь байхгүй болчихдог гэж Родриго ах ярьж байсан. Энэ яриаг сонссоноос хойш хэлсэн амандаа заавал хүрч байя гэж боддог болсон.
-2010 оны ДАШТ-ий хүрээнд зохион байгуулсан хандивын арга хэмжээнд оролцсон. Тэр үеэ эргээд дурсаач?
-"Хөлбөмбөг эрүүл мэндийн төлөө" гэж ФИФА-гаас зохион байгуулсан аян байсан юм. Тэгэхэд хэд хэдэн багийн шилдэг тоглогчдыг арга хэмжээнд оролцооч гэж урьсан боловч татгалзсан хариу өгсөн гэсэн. Яагаад гэдгийг нь би өөрөө ч мэдэхгүй байна. Хүүхэд багчуудад чиглэсэн бүхэн хүнд сайхан энерги бэлэглэдэг. Тэгээд над уруу хандаж арга хэмжээнд оролцож өгөөч гэж урьсан. Би ч татгалзаагүй. Татгалзах эрх ч надад байхгүй. Би бас хэдэн тоглогчидтой хамт Өмнөд Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд тусалсан. Мөн нэг өдөржингөө хөлбөмбөг тоглож өнжсөн. Сайхан байсан шүү.
-Аугаа Пеле, Марадоны хоёрын аль нэгийг багтаа сонго гэвэл Та хэнийг сонгох вэ?
-Мэдээж Марадона. Би Пелегийн тоглож байхыг хараагүй. Дээр нь Марадона Аргентин төдийгүй дэлхийн домогт хөлбөмбөгчин шүү дээ.
-Ийм учраас л Таныг Марадонагийн ирээдүй гэж ярьдаг байх?
-Би үүнтэй санал нийлдэггүй. Марандонаг би биширдэг, хүндэлдэг. Гэхдээ түүнтэй адилхан тоглоё, дууриая гэж хичээдэггүй. Марадона өөрийн гэсэн арга барил, техникээр тоглодог. Би ч ялгаагүй өөрийнхөө л арга барил, техникээр тоглодог. Товчоор хэлбэл, Марадона нэг ертөнц, би бас тусдаа ертөнц юм.
-Аргентины шигшээ дэлхийн аварга, тивийн аваргад төдийлөн амжилттай тоглохгүй байгаа. Үүнийг Таньтай холбож яриад байх шиг?
-Би үүнтэй санал нийлдэггүй. Хөлбөмбөг чинь багийн спорт шүү дээ. Би ганцаараа 11 хүний эсрэг тоглоогүй. Манай багийнхан бүгд л ялалт, ялагдлыг үүрэлцэх ёстой. Эхлээд ямар нэг асуудал гарахад надад огт хамаагүй мэт санагддаг байсан. Харин хүмүүс надаас болсон мэтээр яриад байгаа нь утгагүй санагдсан. Би хэзээ ч, хаана ч байсан Аргентины шигшээ багт сайн сайхныг л хүснэ. Бүр хатуугаар хэлбэл, би үхэн үхтэлээ Аргентины шигшээ багийн тоглогч байх болно.
З.ЦЭЦЭНБИЛЭГ

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)