Үйлчдэд үйлдвэрийн байр дутагдалтай байна

    Нийслэлийг зорих замдаа аглаг буйдхан Алтанбулаг суманд дөрөө мулталлаа. Сумын сонин хачин хуучилж байх зуур энэ суманд эсгий урлал нэлээд хөгжиж, үйлчин бүсгүйчүүд бүлэг болж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж нутгийн иргэд хэлсэн юм. Ингээд тэдний нэг "Мөнгөн саваа" бүлгийн үйлчин бүсгүйчүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцан хоромхон зуур саатлаа. Хүн амын төвлөрөл багатай уг суманд төөрөхийн зовлон алга. Хажуугаар өнгөрөх хэн нэгэнтэй таарахад л айл өрх, албан газруудыг төвөггүйхэн зааж өгнө. 
    Нийслэлийг зорих замдаа аглаг буйдхан Алтанбулаг суманд дөрөө мулталлаа. Сумын сонин хачин хуучилж байх зуур энэ суманд эсгий урлал нэлээд хөгжиж, үйлчин бүсгүйчүүд бүлэг болж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж нутгийн иргэд хэлсэн юм. Ингээд тэдний нэг "Мөнгөн саваа" бүлгийн үйлчин бүсгүйчүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцан хоромхон зуур саатлаа. Хүн амын төвлөрөл багатай уг суманд төөрөхийн зовлон алга. Хажуугаар өнгөрөх хэн нэгэнтэй таарахад л айл өрх, албан газруудыг төвөггүйхэн зааж өгнө. 

    Гэр хорооллын дунд орших нэлээд хуучирсан хөндлөн цагаан байшин "Мөнгөн саваа" бүлгийн үйлдвэрийн байр аж. Энэ бүлэгт өрх толгойлсон эмэгтэйчүүд, олон хүүхэдтэй, орлого багатай өрхүүд нэгджээ. Үйлдвэрт ороход ноосны эхүүн боловч нэг л танил үнэр ханхийж, үйлчид ширээ тойроод суучихсан уран шаглаа хатгаж байлаа. Уран гэсний учир дарайсан цагаан эсгий дээр үйлчид монгол хээг тун ч сайхнаар урлаж байсан нь их л содон харагдав. Есөн хүнтэй уг бүлэг эсгий бүтээгдэхүүн урлаж, орлого олдог аж.

    Манай бүлэг анх 12 гишүүнтэй байсан. Одоогоор "Охин" бүлэг тасарч мөн л эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар "Мөнгөн саваа" бүлгийн тэргүүн Д.Цэндсүрэн сонирхуулав. Энэ бүлэг эсгий ширдэг, олбог, улавч, бэлэг дурсгалын зэрэг 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Анх 2003 онд "Хустай" байгалийн цогцолборт газраас сургалт авч, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн байна. Тахь нутагшуулж эхлэх үедээ "Хустай" байгалийн цогцолборт газрынхан нутгийн ардуудтай хэл амаа ололцох хэрэгтэй болсон аж. Малын бэлчээрээ тахийн эзэмшилд алдсан малчид сэтгэл хангалуун үлдээгүй нь лав.

    Ийнхүү тохиролцсоны үр дүнд малчид бүлэг болж эсгий үйлдвэрлэх, ногоо тарих, цагаан идээ үйлдвэрлэж эхэлсэн нь өдгөө үр дүнгээ өгч эхэлсэн гэх. "Мөнгөн саваа"-гийнхан анх "Хулстай"-гаас 300 мянган төгрөгийн зээл авч ноос худалдаж аваад гар аргаар сэмлэж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол өдгөө ноос сэмлэх төхөөрөмжтэй болсноор арай л ачаалал багассан гэдгийг ажилчид хэлж байв. Ноос сэмлэх төхөөрөмжөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орон нутагт хуваарилдаг "Сум хөгжүүлэх сан"-гийн зээлд хамрагдаж авсан байна.

...Сум хөгжүүлэх сангаас тодорхой хэмжээний зээл авдаг. Гэхдээ эргэлт удаантай учир их хэмжээний мөнгө зээлвэл өрөнд орох эрсдэлтэй хэмээн эмээдэг гэж бүлгийн тэргүүн хэлсэн. Энэ суманд эсгийний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Уран ширмэл" "Алтан угалз" "Мөнгөн саваа" гэсэн бүлгүүд ажиллаж байна. Бүлгүүд орон нутгийнхаа монгол хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас хямд үнэтэй аж. Бүлгүүдэд тулгамдсан асуудал нь үйлдвэрлэл явуулах байрны асуудал. "Мөнгөн саваа" л гэхэд анх сургуулийн дотуур байр, хувь айлын нэг өрөөнд ажиллаж байжээ. Үйлдвэрлэлээ тасдахгүйн тулд олон газраар дамжиж ажилласан байна...

    Байгалийн цогцолборт газрын эргэн тойронд амьдардаг малчдаа дэмжиж, тэтгэхдээ Хустайнхан гаршжээ. Тэднийг сургах, гадаад түншүүдтэй холбох, зээл тусламжид зуучлах ажлыг тэд гарамгай хийдэг аж. Тахь сэргээн нутагшуулах ажил эхэндээ нутгийн иргэдтэй муудалцахад хүргэдэг хангалттай шалтаг болсон ч нутгийн иргэдэд тулгуурлан байгаль хамгаалах аргыг тэд олжээ. "Хулстай"-н тэргүүн Н.Баньд "Малчдыг байгаль хамгаалахад татаж оруулахын тулд тэдэнд амьдралаа дээшлүүлэхэд нь туслах хэрэгтэй.

    Бид малчдад хэрхэн аялал, жуулчлал эрхлэх, төмс, хүсний ногоо тарих, эсгий эдлэл хийх талаар сургалт хийсэн" гэв. Б.Гантуяа "Нэг том хэмжээний ширдэг хийхийн тулд 28 хоног зарцуулж байсан бол одоо бид эсгийгээ түргэн хугацаанд хийж, хатаах төхөөрөмжтэй болсноор 15 хоногт амжиж байна" гэлээ. Зөвхөн Алтанбулаг сумын эсгий урлалын бүлэг төдийгүй зэргэлдээх сумдын гар урлалын бүлгүүд ч эднийд эсгий захиалах боломжтой болжээ. Уг бүлгийн тэргүүн Д.Цэндсүрэнгийн ээж, эмээ нь дэвсгэр ширдэг оёдог байж. 

    Иймээс ширмэл ширдгийн урлалыг үр хүүхэд, ач зээдээ өвлүүлэхийг хүсч "Мөнгөн саваа" бүлгийг байгуулсан талаараа хуучлав. Өдгөө түүний дөрвөн ач, зээ, хоёр хүргэн ширмэл ширдэг урлаж байна. Эднээс гадна энэ эмэгтэй олон шавьтай хэмээн бүтүүхэн сайрхаж байв. Увс, Архангай, Булган аймагт 300 гаруй шавьтай гэж ярина лээ. Тэд төрийн хүндэтгэлийн өргөөг гоёх эсгий ширмэл ширдэг, сандлын олбог, өрх хаяавч зэргийг дөрвөн сарын турш 15-уулаа урлаж байсан гэх.

    Мөн Америкийн Ерөнхийлөгч Буш ирнэ гээд Засгийн газрын хүндэлтгэлийн өргөөний дэвсгэр оёх дөрөв хоногийн хугацаатай захиалга ирэхэд бид дөрвөн өдөр, шөнө сууж оёод хүлээлгэн өгч байлаа" хэмээн үйлчин эмэгтэй дурсав. Хуруугаа эвэрштэл ажиллаж байгаа энэ эмэгтэйчүүдийг харахад асар их тэвчээр шаардах мэт санагдсан. Зарим бүсгүйчүүд хэд хоноод хэцүүг нь гайхаад гарч байхад байгуулагдсанаас нь хойш үйлээ мэтгэж суугаа хэд хэдэн бүсгүй байна билээ.

    Уг бүлгийн зорилго нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх аж. Тиймдээ ч олон хүүхэдтэй эхчүүд голдуухан ажилладаг байна. Харин сүүлийн үед охидууд эсгий урлалыг ихээхэн сонирхож сургалтад хамрагдах, ажиллах хүсэлт ирүүлж байгаа гэнэ. Гэтэл тэр бүгдийг ажлын байраар хангах нөхцөл боломж төдийлөн байхгүй байгаа нь борлуулалтын асуудал аж. Бүтээгдэхүүнийг гар аргаар хийдэг учраас хугацаа их шаарддаг байна. Гэтэл захиалга өгсөн газрууд хугацаагаа маш давчуухан хэлдгээс хүн хүч хүрэлцэхгүй тохиолдол цөөнгүй байдаг байна.

    Зарим үед орлого муу байдаг болохоор тогтмол цалин өгөх боломжгүй гэнэ. Үйлчид хийснээрээ цалинждаг юм байна. Жишээлбэл, орны дугалуур 120 мянган төгрөгөөр оёод 60 хувийг нь цалин болгож авдаг байна. Үүндээ ч тэд сэтгэл хангалуун байна лээ. Энэ нь тогтмол цалингаас илүү байх үе ч байдаг гэсэн. Сум хөгжүүлэх сангаас тодорхой хэмжээний зээл авдаг. Гэхдээ эргэлт удаантай учир их хэмжээний мөнгө зээлвэл өрөнд орох эрсдэлтэй хэмээн эмээдэг гэж бүлгийн тэргүүн хэлсэн.

    Энэ суманд эсгийний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Уран ширмэл" "Алтан угалз" "Мөнгөн саваа" гэсэн бүлгүүд ажиллаж байна. Бүлгүүд орон нутгийнхаа монгол хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас хямд үнэтэй аж. Бүлгүүдэд тулгамдсан асуудал нь үйлдвэрлэл явуулах байрны асуудал. "Мөнгөн саваа" л гэхэд анх сургуулийн дотуур байр, хувь айлын нэг өрөөнд ажиллаж байжээ. Үйлдвэрлэлээ тасдахгүйн тулд олон газраар дамжиж ажилласан байна.

    Өрхийн орлогыг дэмжих зорилгоор зээл тусламж ирдэг хэдий ч төдийлөн байр шинээр барих хэмжээний мөнгө төсөвлөгддөггүй аж. Одоогийн үйлдвэрлэл эрхэлж байгаа байр нь ханын пийшингээр халдаг, нэг өрөө байшин. Дэд бүтэц төдийлөн хийж амжаагүй хөдөөгийн сумд үүнээс өөр ямар ч арга байх билээ дээ. Гэхдээ "Мөнгөн саваа" бүлгийнхэн хийж бүтээхийн чин хүсэл эрмэлзлэлтэй нь харагдсан. Тэнд утас ээрч байхад, нөгөө талд дээс томж, үүдний жижиг өрөөнд ноос зулаад жинхэнэ монгол ахуй өрнөж байлаа. 

    Тиймдээ ч тэдний мэтгэсэн урлан цаанаа л өнгө үзэмж, хийц нь ялгарна. Нийслэлд худалдаанд гардаг эсгий бүтээгдэхүүн наандаж л цэвэр ноосоор хийдэггүй. Энэ нь хэрэглэхэд төдийлөн тааламжтай бус. Хийц нь мөн л үйлдвэрийн аргаар хийсэн учраас эдэлгээ даах нь тааруухан байдгийг бид мэднэ. Бүтээгдэхүүнээ "Хулстай"-н жуулчдад зориулсан дэлгүүрт тавьж борлуулдаг юм байна. Тэд түүхий эдээ орон нутгаасаа худалдаж авдаг аж. Ахар, уртын ноос нэг кг нь 600 төгрөгөөр малчдаас авна. Үүнийгээ борлог, хар, хөх өнгийг ялгаж тусад нь бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

    Харин өнгөрсөн жилүүдэд малчдыг хувь хүнд ноосоо өгсөн гэж үзээд ноосны урамшуулал олгоогүй байна. Иймээс малчид бүлгүүдэд ноосоо өгөхдөө дурамжхан байсан бол энэ жилээс бүлгийн тэргүүн Д.Цэндсүрэн ноос ноолуурын холбоонд гишүүнээр элссэнээр малчдад ноосны урамшуулал олгох боломжтой болжээ. Зун оюутан сурагчдын амралт эхлэхээр нэлээд хүч нэмдэг аж. Өнгөрсөн хоёр жил 8-9 дүгээр ангийн 10 гаруй хүүхдэд "Мөнгөн саваа" бүлэг эсгий бүтээгдэхүүн урлах анхан шатны сургалт явуулсан аж. Тус бүлгийн ажилчин Б.Цэцэг "Ажилд ороод хоёр жил болж байна.

    Эсгийний анхан шатны сургалтад хамрагдаж ажилд орсон. Гэрт ажилгүй сууж байснаас хамт олонтойгоо инээж, хөөрөөд ажиллах сайхан. Хийснээрээ авдаг болохоор сайн оёвол 2-3 хоноод 200 гаруй мянган төгрөг авах тохиолдол ч бий. Хамгийн гол нь бид орон нутагтаа ажиллаж байгаа нь бахархууштай. Хотод очоод ажиллах гэхээр гэр бүлээ орхиод явах хэцүү. Түүний оронд нутагтаа автобус унааны мөнгө зарахгүй, өдрийн цайгаа гэртээ очоод уучихна, зарлага багатай" гэж байлаа.

    "Мөнгөн саваа" бүлгийн бүтээгдэхүүн саяхан Ордос, Манжуур, Хөх хотод болсон олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцоод иржээ. Өвөрмонголчууд эсгий урлалыг ихээхэн сонирхож нэлээд захиалга өгсөн байна. Ийнхүү "Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн" алтан медальт, улсын гурван удаагийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйлчид хөдөөгийн эгэл сууринд даруухан хэрнээ хийж бүтээхийн их хүслээр жигүүрлэж байхын чинээ санасангүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)