Б.Обама Мьянмарт түүхэн айлчлал хийлээ

АНУ-ын 44 дэх, анхны Африк гаралтай Ерөнхийлөгч Барак Обама Мьянмарт түүхэн айлчлал хийлээ.
АНУ-ын 44 дэх, анхны Африк гаралтай Ерөнхийлөгч Барак Обама Мьянмарт түүхэн айлчлал хийлээ. Тэрбээр энэ улсад айлчилсан АНУ-ын анхны төрийн тэргүүн болж байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон түүний хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд хийх анхны хилийн чанад дахь айлчлал улс орнуудын хувьд чухал байв. Гэхдээ тэрбээр энэ айлчлалаараа хэний ч таамаглаагүй зүүн өмнөд Азийн хөгжиж буй гурван орныг сонгожээ. Б.Обама зүүн өмнөд Азид хийх айлчлалынхаа хүрээнд Тайландад эхэлж зочилсон. Түүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дагалдаж яваа бөгөөд Б.Обама Тайландад өнгөрөгч 18-19-нд зочлох үеэрээ тус улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн отгон дүү Ийнглак Шинаватратай уулзжээ.
Тэрбээр тус улсад АНУ-Тайландын хооронд дипломат харилцаа тогтсоны 180 жилийн ойг тохиолдуулан хүрэлцэн ирсэн бөгөөд И.Шинаватрагаас гадна тус улсын хаан Пхумипон Адульядеттай уулзжээ. Харин хоёр дахь орноороо хүн ам, газар нутаг том ч эдийн засаг, хөгжлийн үзүүлэлтээр доогуур бичигддэг Мьянмарт айлчилсан юм. Тэрбээр өнгөрөгч 19-ний өдөр Мьянмарт хэдхэн цаг саатжээ. Түүнийг Мьянмарын хуучин нийслэл Янгон хотод газардахад тус улсын олон иргэн угтаж авсан бөгөөд зарим нь АНУ-ын далбааг барьсан байжээ.
Б.Обама Янгон хотын гудамжаар тэдний дундуур явж тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзсан аж. Харин дараа нь ардчиллыг дэмжигч удирдагч Аун Сан Су Китэй уулзаж, Янгоны их сургуульд лекц уншсан байна. Учир нь энэ сургууль 1988 онд тус улсад дэгдсэн ардчиллыг дэмжсэн эсэргүүцлийн ажиллагааны "зүрх" нь байжээ. Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн 2010 оны арваннэгдүгээр сард Мьянмарт цэргийн дэглэм нурсны дараа одоогийн албан тушаалдаа томилогдсон юм. Б.Обама энэ айлчлалаараа Тейн Сейнээс Мьянмарт дэлгэрч буй ардчилсан шинэчлэлд дэмжлэг үзүүлэхийг хүсэхийг зорьжээ.
Энэ айлчлалаасаа өмнө Б.Обама Мьянмарын удирдлагуудаас шинэчлэлийн үйл явцыг дэмжиж үргэлжлүүлэхийг хүссэн юм. Мөн ямар нэгэн арга хэмжээ авахыг уриалсан. Б.Обама Мьянмарт үндэстэн ястнуудын хоорондын зөрчил, торны ард сууж буй улстөрийн хоригдлуудын талаарх сөрөг хүчний шүүмжлэл дор айлчилсан. Харин Тейн Сейн Б.Обамагийн энэхүү түүхэн айлчлалаас өмнө улстөрийн 452 хоригдол суллажээ.
Ерөнхийдөө Б.Обама Мьянмарт олон арван жил үргэлжилсэн цэргийн дэглэм нурсны дараа тус улсад ардчилсан шинэчлэл хэрхэн явагдаж буй байдалтай танилцахаар иржээ. Харин түүнийг дагалдаж яваа Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон жил орчмын дараа тус улсад айлчилсан байна. Ингэснээр Х.Клинтон тус улсад хоёр дахь удаагаа айлчилжээ. Мөн Б.Обама Мьянмарт хийсэн айлчлал нь тус улсын одоогийн дэглэмийг дэмжээгүй гэж мэдэгдсэн юм. Мьянмарт одоо цэргийнхний оролцоотой иргэний Засгийн газар оршиж байгаа юм. Үүнийхээ дараа тэрбээр Камбожийг зорьсон байна.
Б.Обама Камбожийн нийслэл Пномпеньд болох Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг /АСЕАН/- ийн 21 дэх дээд хэмжээний уулзалт болон Зүүн Азийн долоо дахь дээд хэмжээний уулзалтад оролцох аж. Харин энэ үеэр Хятад, Япон, ОХУ, Энэтхэг болон Ази-Номхон далайн бүс нутгийн бусад орны төр, засгийн тэргүүнтэй уулзана.
Ямартай ч Б.Обама энэ айлчлалаараа "АНУ Азид анхаарлаа хандуулна" гэсэн өөрийн өмнөх байр сууриа сэргээж байна. Б.Обама дээрх гурван улсад АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа зочилсон ч Мьянмарт айлчилсан АНУ-ын анхны, Камбожид Рональд Рейганаас хойш айлчилсан анхны төрийн тэргүүн болж байна.

 Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)