Кристиано Роналдо: Би хүүхэмсэг эр биш

Дэлхийн хамгийн алдартай клуб "Реал Мадрид"-ын хөдөлгөгч хүч бол Кристиано Роналдо. Үргэлж л хэвлэлийн гол нүүрийг сайн, муу мэдээгээр чимж байдаг түүнтэй "Online Sport" сэтгүүл ярилцжээ. Мөнхийн өрсөлдөгчид хэмээгддэг "Барса"-гийн Месси, "Реал"-ын Роналдо хоёрын ялгааг Та энэ ярилцлагаас олж уншина. Ингээд түүний ярилцлагыг дэлгэрэнгүйгээр хүргэе.
Дэлхийн хамгийн алдартай клуб "Реал Мадрид"-ын хөдөлгөгч хүч бол Кристиано Роналдо. Үргэлж л хэвлэлийн гол нүүрийг сайн, муу мэдээгээр чимж байдаг түүнтэй "Online Sport" сэтгүүл ярилцжээ. Мөнхийн өрсөлдөгчид хэмээгддэг "Барса"-гийн Месси, "Реал"-ын Роналдо хоёрын ялгааг Та энэ ярилцлагаас олж уншина. Ингээд түүний ярилцлагыг дэлгэрэнгүйгээр хүргэе.

-"Реал Мадрид"-ад ирснээсээ хойш Таныг багийн тоглолт хийх болсон тухай мэргэжилтнүүд ярьж байна. Харин Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Үнэн ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй /инээв/. Гэхдээ "Мадрид"-ын амжилт ганц тоглогчоос хамаарна гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт болно. Манай багийн бүхий л тоглогч дэлхийн хэмжээнийх. Тэгэхээр өөрийн чадах чинээгээр багтаа тус болохыг боддог. Өмнө нь ч бас тийм л байсан. Ганцаараа "амиа"-таж тоглодог байж байгаад багийн тоглолтод анхаардаг болсон гэвэл эндүүрэл.

-Өнөөдөр Таныг хүн болгон л "Хөлбөмбөгийн оргил үедээ ирсэн" гэж ярих болж?

-Ерөнхийдөө тэр хүмүүсийн яриад байгаа зүйл нь үнэн. Гэхдээ би бүх талаараа тэгш тоглогч болох болоогүй байна. Хэдийгээр манай баг, би сайн тоглож байгаа ч өөрсдийн хүсэл, мөрөөдөлдөө хүрч чадаагүй л байна шүү дээ.

-Бүх талаараа тэгш болохын тулд одоо юу хийх ёстой вэ?

-Би үргэлж л өөрийгөө хөгжүүлж ирсэн. Өнөөдөр ч гэсэн хөгжүүлсээр л байгаа. Хүн болгон л өөрийгөө хөгжүүлдэг. Гэхдээ миний хувьд тэднээс тэс өөр. Нэгдүгээрт, би дэлхийд үнэлэгдсэн тамирчин хүн. Хоёрдугаарт, миний тоглолт багт шууд нөлөөлнө. Тийм болохоор өөрийгөө сайн хөгжүүлэхгүй бол манай баг болоод би хэзээ ч амжилтад хүрэхгүй.

-Лионель Месси та хоёрыг үргэлж л харьцуулж байдаг. Та үүнд эмзэглэдэг үү?

-Эмзэглээд байх юу байх вэ. Месси чинь амьд домог шүү дээ. Би түүнийг хүндэлдэг. Тэр ч бас намайг хүндэлдэг гэсэн байна лээ. Бид хоёр талбайн гадна найзууд байж чаддаг. Харин талбай дээр дайснууд болцгоодог. Мессигийн ганц зүйл надад үнэхээр таалагддаггүй.

-Нууц биш бол юу нь таалагддаггүй юм бол?

-Талбай дээр үргэлж худлаа унадаг нь таалагддаггүй. Мөн дэндүү даруухан занд нь би үнэн голоосоо дургүй.

-Харин ч эсрэгээрээ Таныг Мессигээс олон удаа талбай дээр худлаа унадаг гэсэн байсан?

-Хамгаалагч болгон л намайг дэгээдэж унагаадаг шүү дээ. Зарим нэг нь бүр хууртагдсандаа дургүй нь хүрч бэртээх гэж оролдох үе ч бий. Тийм тохиолдолд өөрийгөө хамгаалж унахгүй гээд яах юм бэ. Би робот биш биз дээ. Бусадтай л адил мах, ястай болохоор хугарна, өвдөнө. Гэхдээ үргэлж худлаа унаад байхыг хүсдэггүй.

-Таныг гутаан доромжилдог хөгжөөн дэмжигч цөөнгүй. Тэд нар хэзээ нэгэн цагт Таны төлөө алга таших болов уу?


-Мэдээж. Би тэдэнд сонгодог хөлбөмбөг үзүүлэхийг зорьдог болохоор надад дургүй байж мэднэ. Дээрээс нь өөрсдийнх нь дэмждэг багийг хожоод байхаар яаж дуртай байх вэ. Тийм биз. Бүр зарим үед өөртөө "Үнэхээр сайн тоглолоо" гээд дүн тавьчихаад байхад багийн хамтрагчид, дасгалжуулагч, найз нөхөд жирийн тоглолт гэж хүлээж авдаг. Дотнын хүмүүс ингэж хэлж байхад бусад нь яаж бодох нь ойлгомжтой шүү дээ /инээв/.

-Энэ асуулт Танд таалагдахгүй байж магад. Таныг их хүүхэмсэг эр гэдэг?


-Хэн... Би юу... /инээв/. Үнэнийг хэлэхэд ийм сайхан магтаал сонсч байсангүй. Намайг хүүхэмсэг гэж ярьж байгаа хүмүүс нэг бол сохор, үгүй бол өөр шалтгаантай. Эрэгтэй хүн чинь сайхан хүүхэн хараад заавал толгойгоо эргүүлж хардаг биз дээ. Миний хэд хэдэн зураг цахим ертөнцөд тавигдсан байна лээ. Түүнээс л болж тийм яриа гарсан байх.

-Талбай дээр ч, амьдрал дээр ч дэндүү дээрэнгүй, онгироо зантай харагддаг. Энэ Таны төрөлхийн зан уу?

-Би тэгж бодохгүй байна. Учир нь багадаа их даруухан хүүхэд байлаа. Хөлбөмбөгийн мэргэжлийн тоглогч болоод өөрийгөө хурцлах зорилготой онгирч эхэлсэн. Яваандаа тэр араншин надад тогтсон л доо. Тэгэхээр олдмол зан байх. -Хоёр жил дараалж "Хамгийн царайлаг залуу"- гаар шалгарсан. Та өөрийгөө хэр царайлаг гэж боддог вэ? -Нэг их царай муутай хүний тоонд орохгүй байх. Гэхдээ тийм ч царайлаг гэж боддоггүй. Яаж яваад хоёр жил дарааллаад сайхан залуугаар тодорсноо ч ойлгодоггүй юм /инээв/. Харин манай багийн Кака чинь ёстой царайлаг залуу шүү дээ. Түүнийг шалгаруулсан бол надаас хавьгүй илүү тохирох байсан.

-"Реал Мадрид"-ын домогт довтлогч Роналдо / Бразилийн шигшээ багийн довтлогч/ зодог тайлсан. Тухайн үед юу бодогдож байв?

-Жаахан гунигтай байсан. Тэр бол бүх цаг үеийн шилдэг довтлогчдын тэргүүн эгнээнд бичигдэх ёстой тоглогч. Гайхалтай сайн хүн, сайхан хөлбөмбөгч. Өөрийн гайхалтай тоглолт, сонгодог хөлбөмбөгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг байсан түүнд үеийнхнийхээ болон дэлхийн мянга мянган хөгжөөн дэмжигчийн өмнөөс талархал илэрхийлэх нь миний үүрэг.

-Тэгвэл "Реал"-ын амьд домог Раулийн тухай ямар бодолтой байна?

-Түүний намтрыг ухвал амьдралынх нь 80 гаруй хувь энэ аугаа багтай шууд холбогдоно. Өнөөдөр ч түүний орон зай "Реал"-д үгүйлэгдэж байна. Гэхдээ "Шальке-04"-д үнэхээр сайн тоглож байгаад нь би баярлаж байгаа шүү. "Валенси"-тай хийсэн тоглолтод оруулсан гоолыг нь хараад өөрийн эрхгүй түүнээр бахархсан. "Реал"- ын бүх цаг үеийн домог болсон ахлагчдаа амжилт хүсье.

 -Танд "Барса"-г сонгох боломж байсан. Яагаад заавал "Реал"-д ирсэн юм бэ?

-"Мадрид" бол миний мөрөөдлийн нэг хэсэг. Түүхийн хуудсыг нь сөхөөд үзэхэд л энэ багт хэн ч тоглохыг хүсэх нь мэдээжийн хэрэг. Мөн өмсгөлийг нь өмсөөд тоглож байна гэж багадаа зүүдэлдэг байлаа. 2009 онд "МанЮ"-гаас явах шийдвэр гаргачихсан байхад олон баг намайг сонирхож байсан. "Барса" ч санал тавьсан. Тэгэхэд "Барса"-гийн өмсгөлтэй "Реал"- ын эсрэг тоглож байна гэхээр нэг л сонин санагдсан шүү. Харин "Реал"-ын өмсгөлтэй "Барса"- гийн эсрэг тоглож байвал гоё биз дээ. Маш удаан бодсоны эцэст "Реал Мадрид" гэдэг аугаа багийн хэсэгхэн хугацааны түүхийг хамт бичилцэхээр шийдсэн.

-Хэзээ нэгэн цагт "Барса" уруу урвах болов уу?

-Бурхан минь гэж... Намайг битгий л тэгж шийтгэж үзээрэй. Миний хөлбөмбөгийн карьер "Барса"-д биш "Реал"-д өндөрлөнө гэдэгт би бүрэн итгэж байгаа. Цэнэг минь хэзээ дуусна тэр болтол би "Реал"-д л байх хүсэлтэй байна.

-Дасгалжуулагчтайгаа нэг нутгийнх. "Этгээд хүн" Таныг их магтах юм билээ?

-Нэг нутгийнх гээд магтаагүй байх аа. Харин миний тоглолтын ур чадвар, багт нөлөөлж байгаа байдлыг минь харгалзан үзэж магтсан болов уу. Зарим үед намайг шүүмжилж байгаа нь ч харагддаг. Гэхдээ шүүмжлэлээс илүү магтах нь элбэг байдаг юм /инээв/. Моуриньо бол бурхнаас заяасан авьяастай дасгалжуулагч. Түүний арга барилд ямар ч хөлбөмбөгчин хурдан дасдаг. Энэ нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн.

-Хэдэн жил дарааллаад дэлхийн шилдэг хөлбөмбөгчин цол хэргэмийг Мессид алдсан. Мэргэжилтнүүд Хави, Иньеста хоёрт гол учир байна гэлцэх юм?


-Тэр хоёр Мессид тусалж байгаа нь үнэн. Месси ч тэдний оролцоо чухал гэдгийг ойлгодог. Испанийн шигшээ Европ, дэлхийн аваргад дарааллан түрүүлчихсэн баг шүү дээ. Ийм багийн найруулагчид "Барса"-д байгаа нь аз. Үүгээрээ би Мессигийн ур чадварыг үгүйсгээгүй. Түүний ур чадвар хэдэн жил дарааллан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин авахад хангалттай хүрэлцэнэ.

-Та Месситэй нэг багт байсан бол хэрхэн тоглох вэ?


-Энэ тухай бодож байгаагүй юм байна. Бодит амьдрал дээр ч ийм зүйл тохиолдож байсангүй. Харин компьютерийн хөлбөмбөгийн тоглоомд бол дажгүй хамтрагч болчихдог юм билээ. Хэзээ нэгэн цагт Месси бид хоёр нэг багт тогловол компьютерийн хөлбөмбөгийн тоглоомоос ч илүү хамтрагчид байх болов уу.

 Р.ОЮУНГОО

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)