Монгол улс бизнес эрхлэлтээр 64 дүгээрт эрэмблэгдлээ

   Америкийн "Форбес" сэтгүүлээс жил бүр гаргадаг "Бизнес эрхлэхэд хамгийн таатай орнууд" жагсаалтын энэ оны дугаарт Монгол Улс 141 орноос 64 дүгээр байрт бичигджээ.
   Америкийн "Форбес" сэтгүүлээс жил бүр гаргадаг "Бизнес эрхлэхэд хамгийн таатай орнууд" жагсаалтын энэ оны дугаарт Монгол Улс 141 орноос 64 дүгээр байрт бичигджээ. Тус сэтгүүл дэлхийн 141 орныг өмчлөх эрх, инновац, татвар, технологи, авлига, эрх чөлөө (хувь хүн, худалдаа, валют), хүнд суртал, хөрөнгө оруулагчийн хамгаалалт, үнэт цаасны зах зээлийн байдал гэсэн 11 үзүүлэлтээр ийнхүү жагсаажээ. Тэргүүн байрт шалгарсан Шинэ-Зеланд Улсад энэ онд 162 тэрбум ам.долларын ДНБ үйлдвэрлэгдсэнээс гадна хүнд суртал, авлига хамгийн бага байж.
   Харин тус улсын араас эхний аравт, Дани, Хонконг, Сингапур, Канад, Ирланд, Швед, Норвеги, Финланд, Британи жагсчээ. "Форбес" сэтгүүл уг жагсаалтаа гаргахын тулд Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Тагнуулын төв газар зэрэг олон эх сурвалжаас гаргасан мэдээллийг ашигласан байна. Тэгвэл манай улс өнгөрөгч 2011 онд энэхүү жагсаалтад багтсан 134 орноос 63 дугаар байрт жагсч байв. Харин энэ онд 141 орноос 64 дүгээр байрт орсон нь зургаан байр ухарсан үзүүлэлт юм. Түүнчлэн энэ онд манай хоёр хөрш ОХУ, Хятад нэрсийн дарааллаар 105, 96 дугаар байрт оржээ.
  Харин үзүүлэлт тус бүрээр буюу Монгол Улс 141 орноос худалдааны эрх чөлөөгөөр 69, валютын эрх чөлөөгөөр 90, инновациар 110, технологиор 67, хүнд суртлаар 34, хөрөнгө оруулагчийн хамгаалалтаар 24, авлигаар 109, хувийн эрх чөлөөгөөр 44, татварын дарамтаар 56, үнэт цаасны зах зээлийн байдлаар 80, өмчлөх эрхээр Пакистан, Филиппин, Балба, Индонез, Камбож, Армяны адил 100-гаас 30 оноо авчээ. Харин Хонконг, Сингапур 90 оноо авснаар дэлхийн орнуудыг тэргүүлсэн бол Хойд Солонгос таван оноо авч сүүл мушгисан байна.
  Дашрамд дурдахад, Монгол Улсыг ирэх онд бизнес эрхлэх боломжоор 76 дугаар байрт жагсах урьдчилсан дүнг "Doing Business" судалгааны төв гаргасан байна. Саяхан дэлхийд алдартай Британийн "Легатум" судалгааны төвөөс гаргасан энэ оны жагсаалтад Монгол Улс бизнес эрхлэх боломжоор 144 орноос 62 дугаар байрт орж байсан юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)