Оросын шинжээчид Я.Арафатыг шинжлэхээр Палестинд ирлээ
- 2012-11-27
- Дэлхий
- 0
ОХУ-ын шинжээчдийн баг Палестиний засаг захиргааны тэргүүн агсан Ясир
Арафатын цогцост шинжилгээ хийхээр тус бүс нутгийн захиргаа байрладаг
Баруун эрэгт хүрэлцэн ирлээ.

Харин Ойрхи Дорнодын хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллага "Аль-Жазира" телевиз, Швейцарийн Лозанна хотын Радио физикийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран учир битүүлэг хэргийн тухай үнэнийг өнгөрөгч долдугаар сард анх удаа олон нийтэд мэдээлсэн юм. Катарын "Аль-Жазира" телевизийн хүсэлтээр Швейцарийн эрдэмтэд Я.Арафатыг нас барахаасаа өмнө хэрэглэж байсан эд зүйлсийг шинжилж полоний-210 хэмээх хордуулах чадвар өндөр цацраг идэвхт бодист хордсон гэсэн дүгнэлт гаргажээ. Я.Арафат маш хүнд зовиуртайгаар Палестинаас Францад хүргэгдсэнийхээ дараа буюу 2004 оны арваннэгдүгээр сарын 11-д 75 насандаа нас барсан юм.
Тэрбээр Францын нийслэл Парис хотын гадна орших нэгэн цэргийн эмнэлэгт нас барсан бөгөөд тус улсын эмч нар энэ тухай ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй аж. Харин Швейцарийн эрдэмтдийн дээрх мэдэгдэлтэй холбогдуулан дахин шинжилгээ хийж, баттай нотлохыг Палестин болон бусад орны төр засгийн тэргүүн нар хүссэн байна. Үүний дагуу Я.Арафатын цогцсыг гаргаж шинжилгээ хийхээр болсон бөгөөд ОХУ, Франц, Швейцарийн эрдэмтэд шинжлэхээр болжээ.
Мөн Палестиний шинжээчид хамт байлцах гэнэ. Ингэснээр дуулиан тариад буй дээрх мэдэгдлийг баттай эсэхийг нотолж, Я.Арафатын үхлийн шалтгаан тодорхой болох юм. Палестиний зарим иргэн одоог хүртэл Я.Арафатын үхэлд Израилийн Засгийн газрыг буруутгаж, израильчууд түүнийг хордуулсан гэж үздэг байна.
Учир нь Израилиас салан тусгаарлахаар 35 жил тэмцсэн Палестиний ард түмний эрх чөлөөний удирдагч, Ерөнхийлөгч Ясир Арафат нас барахаасаа өмнө цөөнгүй удаа амь насанд нь халтай халдлагад өртөж, эсэн мэнд гарч байсан юм. Тэрбээр мөн эдгээр халдлага, дайралтад Израилийн тагнуулын газрыг буруутгадаг байж. Харин Израилийн эрх баригчид энэ таамгийг эрс буруушааж, Я.Арафатын үхэлд ямар нэгэн холбоогүй гэж няцаадаг юм.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)