Иванка Трамп: Амьдрал тэр чигээрээ баялаг

Дэлхийн тэрбумтнуудаас хамгийн их дуулиан шуугиантай амьдардаг эрхэм бол Доналд Трамп. Түүний том охин Иванка Трамп ч эцгээсээ ялгаагүй дуулиан шуугиан дунд амьдардаг нэгэн. Гэхдээ тэрбээр хүмүүнлэгийн ажил болон өөрийн брэндийн хэв маягаараа дэлхийд алдаршаад байгаа юм. Эцгийнхээ бизнесийн өв залгамжлагч түүний "Power" сэтгүүлд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.
Дэлхийн тэрбумтнуудаас хамгийн их дуулиан шуугиантай амьдардаг эрхэм бол Доналд Трамп. Түүний том охин Иванка Трамп ч эцгээсээ ялгаагүй дуулиан шуугиан дунд амьдардаг нэгэн. Гэхдээ тэрбээр хүмүүнлэгийн ажил болон өөрийн брэндийн хэв маягаараа дэлхийд алдаршаад байгаа юм. Эцгийнхээ бизнесийн өв залгамжлагч түүний "Power" сэтгүүлд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.

-Өдрийн мэнд Иванка. Таныг харахаар өөрийн эрхгүй аав чинь санагддаг?

-Баярлалаа. Танд ч бас өдрийн мэнд. Миний гадаад төрх, дотор хүн маань аавтайгаа их адилхан болохоор ганц Та ч биш намайг таньдаг хүн болгон л тэгж хэлдэг юм. Гэхдээ би аавыгаа бодвол зөөлөн сэтгэлтэй, хүнлэг хүн шүү /инээв/. Би энэ бүгдийг санаанаасаа зохиож хэлээгүй хүмүүс тэгж дүгнэсэн. Энэ нь ч надад таалагдаж байгаа.

-Аавтайгаа таагүй харилцаатай байгаа гэсэн. Бизнесийн шалтгаантай юу?

-Уг нь би өөрийгөө их нээлттэй хүн гэж боддог. Тантай ярилцах болсон чинь шууд л өндөр хана босоод ирэх юм. Болж өгвөл нээлттэй ярилцъя. Хэдэн сарын өмнө хүмүүнлэгийн ажилд оролцоод ирэхэд аав жаахан таагүй хүлээж авсан. Түүнээс л болсон хэрэг. Гэхдээ гэр бүлийн хүмүүс муудалцахыг алийг тэр гэх вэ. Нэг өдөр муудалцлаа гэхэд маргааш нь эвлэрч л байдаг шүү дээ.

-Тэгвэл ааваараа бахархах үе байна биз?

-Мэдээж. Энэ бүх баялгийг цогцлоон бүтээнэ гэдэг хүн бүхний хүсээд ч хүрч чадахгүй өндөрлөг юм. Би хэн ч биш байж болох байсан. Харин миний хүн шиг амьдрах эхлэлийг өвөө, аав хоёр маань тавьсан. Тийм болохоор ааваараа үргэлж бахархдаг.

-Хааяа түүний тухай таагүй ярианаас залхах үе гардаг уу?

-Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг. Миний аавын тухай таагүй зүйл гарах тусам би гялалзах ёстой. Тэгж байж сайн муу хоёр талыг тэнцүүлж амьдрана. Тэр таагүй мэдээлэлд гуниглаад, гутраад байвал би хэзээ ч амжилтад хүрэхгүй.

-Мөнгө, хүн чанар хоёрын нэгийг сонго гэвэл Та алийг нь сонгох вэ?

-Мөнгийг сонгоно.

-Яагаад?

-Мөнгөгүй хүн чанар байгаад яах юм бэ. Өнөөдөр мөнгөтэй хүний өмнө ямар ч том дарга сөгддөг л байхгүй юу. Үүнийг би өвөө, аав хоёрынхоо амьдралын жишээгээр ярьж байгаа юм. Хүн хүн чанарыг биш мөнгийг хүндэлдэг болсон цаг шүү дээ. Зарим нэг хүн миний энэ ярианд дургүйцэх л байх. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан, тийм үү.

-Тэгвэл амьдрахын тулд мөнгө олдог уу, мөнгө олохын тулд амьдардаг уу?

-Аль аль нь. Идэхийн төлөө амьдардаг уу, амьдрахын тулд иддэг үү гэдэгтэй л ижил юм. Өнөөдрийн дэлхийн тэрбумтнуудын хэнээс нь ч асуусан мөнгө олохын тулд амьдардаг гэж хэлнэ. Харин биднээс арай бага орлоготой бизнесмэнүүд амьдрахын тулд мөнгө олдог гэх байх л даа.

-Таны энэ яриаг сонсоод аз жаргалын түлхүүр нь мөнгө юм байна гэж ойлголоо?

-Тэгж ойлговол өрөөсгөл болно. Хамгийн ойрхон жишээн дээр ярья. Хүн хайраас хэзээ ч уйддаггүй. Тэгэхээр амьдрал байгаа цагт хайр оршиж, хайр байгаа цагт аз жаргал байна гэсэн үг. Зөвхөн хүн хүнээ хайрлахаас гадна мөнгө хүн хоёр харилцан бие биеэ хайрлаж байдаг. Тийм болохоор амьдралд аз жаргалыг бүтээдэг олон зүйл бий.

-Гурван жил дарааллан хамгийн халуухан бүсгүйгээр тодорсон. Энэ цол хэргэмийг хүртэх бүрэн эрхтэй гэж боддог уу?

-Загварын талаас нь харах юм бол бүрэн эрх нь надад бий /инээв/. Харин ажил хэрэгч бүсгүй гэдгээс нь харвал надад яавч тохирохгүй. Гэхдээ эмэгтэй хүн болж төрсний хувьд эрчүүдийн дунд явуулсан санал асуулгыг гурван удаа тэргүүлсэндээ баяртай байна. Миний төлөө саналаа өгсөн эрчүүдэд чин сэтгэлээсээ талархъя.

-Та охиноо өөрийн замналаар явуулахыг хүсдэг үү?

-Хэрэв миний охин тэгж шийдвэл надад татгалзах зүйл байхгүй. Охиныхоо сайн сайхны төлөө би бүх л зүйлээ зориулна. Энэ нь ч эх хүний үүрэг юм. Ерөөс энэ орчлонд төрүүлсэн үрээ гэдэггүй эмэгтэй хүн байхгүй байх.

-Зарим ээж хүүхдээ хаячихсан л байдаг шүү дээ?

-Тийм эмэгтэйг би хүн гэж бодохгүй байна. Хүн төрхтэй араатнууд л төрүүлсэн үрээ хаядаг байх.

-Амьдралын боломжгүй учраас хаях тохиолдол байдаг?

-Бурхны өгсөн амьдралыг зөв залаад жаргаж чадахгүй байгаа хүмүүст юу хэлэх вэ дээ. Амьдралын бололцоогүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь өөрсдийнх нь буруу. Тэд нар хүний төлөө амьдраагүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө хувь тавилангийн эзэн нь болж амьдарвал баялгийг бүтээж болдог юм. Товчоор хэлбэл, амьдрал тэр чигээрээ баялаг шүү дээ. Тэр их баялгаас өөрт хэрэгтэйгээ шүүж авах нь чухал.

-Таны цаашдын зорилго?

-Аавынхаа бизнесийн амжилтыг эвдэх нь миний эрхэм зорилго. Мөн дэлхийн өнцөг булан бүрт зовж зүдэрч буй хүүхдүүдэд туслах үүднээс сан байгуулсан. Тэр сангаараа дамжуулж хүүхдийн сайн сайхны төлөө буяны ажил хийнэ.

-Аавынхаа амжилтыг эвдэхэд Танд юу хэрэгтэй бодож байна?

-Мэдлэг, чадвар, туршлага. Өөрийгөө боловсруулж сайн удирдагч болж байж аавынхаа амжилтыг эвдэнэ. Өнөөдөр миний удирдах чадвар тааруухан байгааг нуухгүй. Цаашид удирдлагын чиглэлээр суралцах бодол бий.

-Бизнес эрхэлдэг бусад эмэгтэйн тухай асуумаар санагдлаа?

-Намайг бизнесийн ертөнцөд хөл тавихад аав минь "Өөрийнхөө дуртай юмыг л хий" гэж зөвлөж байсан. Энгийн ч юм шиг мөртлөө тэр үг надад их зүйлийг сургасан. Үүнтэй адил бизнес эрхэлж, эхлэх байгаа бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд "Өөрийнхөө дуртай зүйлийг л хий". Нэг сайхан нартай өдөр дуртай зүйлийн чинь үр дүн гарна.

Р.ОЮУНГОО
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)