АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад Сьюзан Райсыг нэр дэвшүүлжээ
- 2012-11-30
- Дэлхий
- 0
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон албан тушаалаасаа
сайн дураараа огцрох хүсэлтээ илэрхийлсний дараа Төрийн нарийн бичгийн
шинэ даргыг сонгох ажил өрнөсөн юм.

Үүнтэй холбогдуулан эрх барьж буй Ардчилсан нам хэд хэдэн нөлөө бүхий улстөрчийг Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн бөгөөд тэдний дундаас НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Сьюзан Райс олонхийн санал авчээ. Гэхдээ бүгд найрамдахчууд түүнийг Төрийн нарийн бичгийн даргад тохирохгүй хүн хэмээн шүүмжилж, Конгрессийн гишүүд хоёр хуваагдаад байна.
Түүнийг Бүгд найрамдах намын сенатч Жон Маккейн, Боб Коркер, Сьюзан Коллинс, Линдсей Грахам, Келлин Аёотте нарын хууль тогтоогчид эсэргүүцжээ. Тэд Сьюзан Райсыг Бенгазигийн халдлагын тухай ташаа мэдээлэл цацаж, ард иргэдийг төөрөгдөлд оруулсан хэмээн буруушаажээ. Өнгөрөгч есдүгээр сард Ливийн хоёр том хот Бенгази дахь АНУ-ын консулын газарт Ливийн иргэд халдаж, галдан шатаасны улмаас АНУ-ын дөрвөн дипломатч, түүний дотор консул Крис Стивенс амь үрэгдсэн юм.
Харин С.Райс халдлагыг зөнч Мухаммедыг доромжилсон "Лалынхан буруугүй" хэмээх киноноос үүдэлтэй иргэдийн жагсаалаас болж үүссэн гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Тагнуулын төв газар халдлагыг урьдаас төлөвлөсөн байсан гэж мэдэгджээ. Юутай ч энэ асуудлаас болж Сьюзан Райсын нэр хүнд нэлээд унаад байна. Гэхдээ Б.Обама түүнийг сонгохыг хүсч байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)