Энрике Пенья Ньето Мексикийн Ерөнхийлөгч боллоо

  Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Институцийн хувьсгалт намын гишүүн Энрике Пенья Ньето Мексикийн Ерөнхийлөгчөөр томилогдлоо.
  Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Институцийн хувьсгалт намын гишүүн Энрике Пенья Ньето Мексикийн Ерөнхийлөгчөөр томилогдлоо. Түүнд өнгөрөгч зургаан жилд Мексикийн Ерөнхийлөгчөөр ажилласан Фелипе Кальдерон Ерөнхийлөгчийн туузыг зүүж өгчээ.
   Тус улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд улиран сонгогдох буюу дахин өрсөлдөхийг хориглодог аж. Тиймээс өнгөрөгч долдугаар сарын 1-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмний дахин сонгохыг хүсч байсан Фелипе Кальдерон өрсөлдөөгүй бөгөөд Институцийн хувьсгалт намаас өрсөлдсөн Энрике Пенья Ньето, Ардчилсан хувьсгал намаас нэр дэвшсэн Андрес Мануэль Лопес Обрадор нарын хооронд гол өрсөлдөөн болсон юм. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, Пенья Ньето нийт сонгогчдын 39.19 хувь буюу 19 сая 158592 хүний санал авч ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч Лопес Обрадор нийт сонгогчдын 32.42 хувь буюу 15 сая 848827 хүний санал авсан байна.
   Харин Лопес Обрадор Пенья Ньетог булхай хэрэглэсэн хэмээн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Түүнчлэн дэмжлэг үзүүлээгүй намаасаа гарсан юм. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Пенья Ньето энэ сарын 1-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орохоор товлогдсон бөгөөд зүүний үзэл баримтлалтай Лопес Обрадор энэ өдөр олон нийтийг хамарсан томоохон эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулна гэж мэдэгдсэн юм. 46 настай шинэ Ерөнхийлөгч Засгийн газрын 20 сайдыг /үүний гурав нь эмэгтэй/ хэдийнэ сонгоод байсан юм.
  Харин өчигдөр Пенья Ньето тангаргаа өргөж албан ёсоор Ерөнхийлөгчөөр томилогдов. Уг үйл ажиллагааг эсэргүүцэн нийслэл Мехико хотод 3500 орчим хүн жагсчээ. "Энэ үеэр найман хүн, үүний дөрөв нь цагдаагийн албан хаагч бэртэж гэмтэж, 65 хүнийг баривчилсан" гэж Мехико хотын дарга Марсело Эбрард хэлжээ.
   Тэрбээр мөн баривчлагдсан 65 хүнд 5-30 жилийн хорих ял ногдуулах тухай мэдэгджээ. Тэд бусдаас илүү эд материалын хохирол учруулж, жагсаалыг удирдсан аж. Жагсагчид цагдаа нар болон олон нийтийн өмчид халдаж, чулуу, шатахуунтай лонх шиджээ. Харин цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум зэрэг үхлийн бус зэвсэг ашигласан байна.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)