С.Цогбадрах: ”Flash number” зөвхөн олимпийн төрөлд багтдаг
- 2012-12-03
- Спорт
- 0
Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг "Memoriad 2012" тэмцээнд
амжилттай оролцсон тамирчид өөр өөрсдийн хичээллэдэг төрлийн бэлтгэлийн
үзүүлбэрээ баасан гаригт толилууллаа. Ой тогтоолтын их мастер
С.Цогбадрах тоог хэрхэн хурдан цээжилдгээ, Б.Ганбаяр хэдхэн секундын
дотор дараалсан хөзрийг сурамгай нүдэлдгээ харуулж хурсан үзэгчдийг
алмайруулсан юм. Энэ үеэр "Flash number" төрлийн рекордыг эзэмшсэн ой
тогтоолтын их мастер С.Цогбадрахтай ярилцсанаа хүргэе.
Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг "Memoriad 2012" тэмцээнд амжилттай оролцсон тамирчид өөр өөрсдийн хичээллэдэг төрлийн бэлтгэлийн үзүүлбэрээ баасан гаригт толилууллаа. Ой тогтоолтын их мастер С.Цогбадрах тоог хэрхэн хурдан цээжилдгээ, Б.Ганбаяр хэдхэн секундын дотор дараалсан хөзрийг сурамгай нүдэлдгээ харуулж хурсан үзэгчдийг алмайруулсан юм. Энэ үеэр "Flash number" төрлийн рекордыг эзэмшсэн ой тогтоолтын их мастер С.Цогбадрахтай ярилцсанаа хүргэе.
-Оюуны олимпод амжилттай оролцож алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Таны оролцсон "Flash number" төрөл ямар дүрмээр явагддаг вэ? -Дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюуны олимпод Монголын оюун ухааны академийн тамирчид амжилттай оролцоод ирлээ. "Memoriad 2012" нь ой тогтоолтын тэмцээнүүдийн хамгийн том нь. Миний хувьд тэмцээний "Flash number" төрөлд оролцон алтан медаль хүртсэндээ их баяртай байна. Тэмцээний энэ төрөл бусдаасаа ялгаатай. Таван минутын турш дэлгэцэн дээр гарсан 300 цифрийг цээжилдэг. Өөрөөр хэлбэл, секунд тутамд гарсан цифрийг алдалгүй нүдэлж бичдэг юм. Хэрвээ нэг л тоог буруу бичвэл оноо өгдөггүй. 200 тооны арав дахь цифрийг буруу цээжилбэл өмнөх тооны есөн оноо авдаг гэсэн үг. Ой тогтоолтын тэмцээний энэ төрлийн шүүлт хатуу л даа. Анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал. Бусад төрлүүд үйлдлийг дахин харах боломжтой бол энэ төрөлд дахиад харна гэсэн ойлголт байдаггүй.
-Хоёрдугаар байрт шалгарсан Германы тамирчин Танаас олон оноогоор дутуу байсан. Ер нь Та цифрүүдийг ямар аргаар нүдэлдэг вэ?
-Энэ удаагийн тэмцээнд Германаас таван тамирчин оролцсон. Германы тамирчид ой тогтоолтын тэмцээний хүчтэй өрсөлдөгч байдаг. Харин миний оролцсон төрөлд өрсөлдсөн тамирчин 259 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан. Ер нь ой тогтоолтын тэмцээнд оролцоход бэлтгэлээ сайн хийх нь чухал. Тамирчдын олон сар бэлтгэсний үр дүн нь хэдхэн минутын дотор гардаг. Бид явахаасаа хоёр долоо хоногийн өмнө зочид буудалд тэмцээний бэлтгэлээ хангасан. Тэр үед сургуулиасаа чөлөө авч, гэртээ харилгүйгээр өдөрт 13 цагийн бэлтгэл хийдэг байлаа. Харин хүн яаж бэлтгэл хийхээ өөрөө шийддэг. Тухайлбал, би "Flash number" төрлийг бэлтгэхдээ цифрээ дөрөв дөрвөөр нь цээжилсэн. Зарим тамирчид хоёроор нь цээжилдэг. Миний хувьд дөрвөөр нь цээжлэх амар санагддаг юм.
-Оюуны олимпийн түүхэнд хамгийн олон цифр цээжилсэн тамирчин боллоо. Энэ амжилтаараа тэмцээний түүхэнд нэрээ мөнхөлсөн үү?
-Оюуны олимпийн рекордын номонд нэрээ бичүүлсэн. Гэхдээ одоохондоо рекорд эзэмшигчийн гэрчилгээгээ аваагүй байгаа. Тэмцээн зохион байгуулагчид шуудангаар илгээнэ гэсэн болохоор хүлээж л байна даа.
-Таны гаргасан амжилтаас шалтгаалан дараагийн тэмцээний "Flash number" төрөлд өрсөлдөх тамирчид 500 цифр цээжлэхээр болсон гэсэн. Ер нь 200 цифр нэмж цээжилнэ гэдэг амаргүй даалгавар байх даа?
-Дараагийн олимп АНУын Лос Анжелес хотод 2016 онд болно. Тэр үед тамирчид "Flash number" төрөлд 500 цифр цээжилнэ. Мэдээж нэг дор олон цифр нүдлэх амаргүй. Гэхдээ л өмнө нь гаргасан амжилтаа ахиулахын төлөө хичээнэ. -Та "Memoriad 2012" тэмцээний бусад төрөлд оролцож эхний байруудад шалгарсан. Анхнаасаа л бүх төрөлд хүч үзэхээр бэлтгэж байв уу? -Бид нэг, нэг төрөл сонгон түүгээрээ л амжилт гаргахын төлөө бэлтгэл хийсэн. Ер нь бүх төрөлд бэлтгээд тэмцээнд оролцож болно. Гэхдээ амжилт гаргах нь багасах юм шиг санагдсан учраас л нэг төрлийг сонгож бэлтгэсэн. Би тэмцээний бусад төрөлд цаг гарган бэлтгээгүй ч мэддэг болохоор үзээд алдъя гэж бодсон. Тэгээд зарим төрөлд нь амжилттай оролцож эхний арван байрт шалгарсан.
-"Flash number" төрлөөс өөр амжилт гаргах боломжтой төрөл бий юу?
-"Тооны марафон"- оор хичээллээд үзэх бодол бий. Энэ төрөлд нэг цагт 0-9 хооронд өгөгдсөн цифрүүдийг аль болох олныг цээжилж дарааллаар алгасалгүй санадаг. Би "Memoriad 2012" тэмцээний "Тоон марафон"-ы төрөлд өрсөлдөөд 840 оноогоор X байрт шалгарсан. Энэ бол чамлахааргүй амжилт. Гэхдээ дэлхийн аварга, олон улсын нээлттэй тэмцээний төрөл өөр байдаг. Тиймээс ямар тэмцээнд оролцож байгаагаас шалтгаалан бэлтгэлээ хийх ёстой. Тухайлбал, миний амжилттай оролцсон "Flash number" зөвхөн олимпийн төрөлд багтдаг юм.
-Тэмцээний "Хүн хуанли" төрөлд оролцох бэрхшээлтэй байсан гэсэн. Ямар утгатай тэмцээн бэ?
-"Хүн хуанли" гэдэг нь олон хүний нэрийг цээжлэх тэмцээн. Бусад орны тамирчид хүний нэрийг цээжлэхдээ өөрийн хэлээр нүдэлсэн бол бидэнд тийм боломж байгаагүй. Тиймээс англи, герман нэрийг цээжлэн энэ төрөлд өрсөлдсөн. Гэхдээ л тэмцээнд амжилттай оролцсон гэж бодож байна.
-Төр, засгийн зарим албаны хүн та бүхнийг хүлээн авч уулзсан. Тэр үеэр Та бүхэн өөрсдийн саналаа мөн хүргэсэн байх гэж бодож байна?
-МАН-ын удирдлагууд бидний хүч хөдөлмөрийг үнэлж "Эх орны төлөө" медалиар шагнасан. Мөн цаашдаа бидний спортыг хөгжүүлэхэд тусална гэдгээ илэрхийлсэнд баярлаж байна. Ер нь спортын энэ төрөл Монголд хожуу үүссэн. Дэлхийд 30 жилийн өмнө нь үүссэн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Гэхдээ бид монгол хүн хичээвэл, зүтгэвэл чадна гэдгээ харууллаа. Одоо хүүхэд залууст энэ спортыг сурталчлах нь бидний үүрэг. Энэ утгаараа ой тогтоолтын төрлийн учир утгыг таниулсан сурах бичиг, гарын авлагууд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Ялангуяа орон нутгийн залууст энэ спортыг сурталчлан таниулах нь чухал байна. Монголын оюун ухааны академи байнгын үйл ажиллагаатай байдаг. Тиймээс ой тогтоолтын спортыг сонирхсон хэн бүхнийг бид баяртайгаар угтан авах болно.
-Монголын оюун ухааны академийн ой тогтоолтын улсын аварга шалгаруулах дараагийн тэмцээний тов гарсан уу?
-Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх гуравдугаар сард зохион байгуулна. Энэ удаад орон нутгийн хүүхэд, залуусыг хамруулах талд илүү анхаарч байгаа.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах зорилго тавьсан. Зорилгоо биелүүлэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ. Харин одоо хоцорсон хичээлээ нөхөх байх даа. Тэмцээнд оролцох гээд сургуулиасаа чөлөө авсан.
-Аль сургуульд сурдаг вэ?
-МУИС-ийн санхүүгийн менежментийн дөрөвдүгээр курсын оюутан.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Ам бүл тавуулаа. Аав, ээж, хоёр дүүтэйгээ хамт амьдардаг.
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (1)
(222.67.147.251)
Baharhaj bna.Amjilt husie