Нууцлаг тэрбумтны далд ертөнцөд нэвтрэхэд
- 2012-12-04
- Дэлхий
- 0
"Тэрбумтан гэж ямар хүнийг хэлэх вэ" гэсэн асуултад хүн бүр л "Асар
их хөрөнгөтэй, олон зуун машинтай, царайлаг эхнэртэй" хэмээн хариулах нь
гарцаагүй. Энэ жишгээр ч амьдардаг тэрбумтнууд дэлхийн өнцөг булан бүрт
бий. Харин тэднээс тэс өөр үзэл бодол, амьдралын хэв маягтай тэрбумтан
бас байдаг ажээ. Тэдний нэг нь төдийлөн олны танил болж амжаагүй
Владимир Ким юм.

Казахстанд төрж, өссөн солонгос үндэстэн энэ эрхмийг дэлхийн хамгийн баян солонгос хүнээр "Форбес" сэтгүүл албан ёсоор зарласан юм. Товчоор хэлбэл, хэдий Казахстаны иргэн ч гэсэн судсаар нь солонгос цус гүйж байгаа болохоор "Самсунг", "Хьюндай" зэрэг Солонгосын "акул" компаниудыг эзэмшдэг эрхмүүдийн хөрөнгөөс давж гарсан хөрөнгөтэй гэсэн үг. Тэрбээр Доналд Трамп шиг "Би энд байна. Намайг сурталчлаарай" гээд цээжээ дэлдээд гүйгээд байдаггүй болохоор өнгөрсөн амьдралынх нь талаархи мэдээлэл тун хомс. Юутай ч дайны үеэр Казахстанд нутаг заагдан цөлөгдөж ирсэн солонгосчуудын удам гэдэг нь хөдөлшгүй үнэн ажээ. Хуучнаар ЗХУ-ын үед сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн тэрбээр эвлэлийн шугамаар барилгын салбарт ажиллаж байсан гэнэ. Тэнд ажиллаж байх хугацаандаа ирээдүйн бизнесийн томоохон түншүүдтэйгээ дотно харилцаатай болсон байна. Учир нь ЗХУ задран унахад түүнтэй дотно харилцаатай, хамт ажиллаж байсан хүмүүс ниь Казахстаны улстөрийн өндөрлөгт гарчээ. Ингээд Ким Солонгос угсаа гарал, нөлөө бүхий танилуудынхаа ачаар 1992-1995 онд "Казахстан-Самсунг" үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад 1995 оноос "Жезказганцветмет" компанийн захирлаар томилогджээ. "Жезказганцветмет" компани тухайн үедээ жилд 200 мянган тонн зэс хайлуулан гаргадаг асар том үйлдвэр байсан юм. Асар том үйлдвэрийн захирлаар эгэл жирийн "ажилчин анги"-ийн нөхөр тавигдахгүй нь тодорхой. Кимийг захирал болох үед "Жезказганцветмет" компани өндөр хүчин чадалтай атлаа явуургүй удирдлагаас болж 180 сая гаруй ам.долларын өрөнд орчихсон, дампуурлын ирмэгт тулаад байжээ. Иймд Казахстаны Засгийн газар нь үйлдвэрийн хяналтын багц хувьцааг "Самсунг" корпорацид таван жилийн хугацаатайгаар түр шилжүүлэн өгсөн байна. Өөрээр хэлбэл "Самсунг"- ийнхан таван жилийн хугацаанд үйлдвэрийн жинхэнэ эзэд болсон аж. Хариуд нь мэдээж Казахстанд багагүй зээл өгсөн нь ойлгомжтой. Ингээд товлосон хугацаанд "Самсунг"-ийнхан үйлдвэрийг ажиллуулахдаа өгсөн зээлээ эргүүлэн авсан төдийгүй чамгүй ашигтай ажиллаж үйлдвэрийг хөл дээр нь босгожээ.
Таван жил өнгөрч 2000 онтой золгоход тэд өөрийн мэдэлд байсан хяналтын багц хувьцаагаа Казахстаны төрд эргүүлэн өгсөн байна. Харин энэ үед байр сууриа ихээхэн бэхжүүлж амжсан Владимир Ким Казахстаны улстөрийн элитүүд буюу Назарбаев Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэлд өөрийгөө найдвартай хүн гэж ойлгуулж чаджээ. Үүнийхээ ачаар Казахстаны төр нь үйлдвэрийн хяналтын багц хувьцааг түүний мэдэлд шилжүүлэн өгсөн байна. Энэ наймааны талаар элдэв цуу яриа ихээхэн тархсан байдаг. Жишээ нь, өөрсдөө хувьчлаад авчихвал хэл аманд орох гээд байсан нөлөө бүхий улстөрчид нийлж байгаад сайн ажиллаад, бидний хэтэвчийг зузаалаад байгаарай гэсэн нөхцөлтэйгөөр асар том үйлдвэрийн эзэн болохыг нь зөвшөөрсөн гэж. Ингээд Ким ахар богино хугацаанд хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгийн эзэн болж хувирсан юм.
Ажиллаж байх хугацаандаа уул уурхайн салбарт ухаалаг удирдлага хийж чадвал асар их ашиг олдог гэдгийг сайн ойлгосон тул эзэн нь болсныхоо дараа үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинэ орд газрыг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө хаяжээ.
Одоогийн байдлаар 450 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ зорилгоор хийчихсэн, дараагийн таван жилд ахиад 700 сая ам.долларыг хийх гэж байгаа хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн хамаг шүүсийг нь шахчихаад хаяад явж чадах байсан ч тэгсэнгүй. Цааш хөгжүүлэх нь дээр гэж Ким "арын алба"-ныхандаа ойлгуулсан хэрэг. "Жезказганцветмет"-ийг удалгүй "Казахмыс" гэдэг корпораци болгон өөрчилжээ. Одоогоор энэ корпорацид Жезказганы зэс хайлуулах үйлдвэр, Балхашийн уулын төмөрлөгийн үйлдвэр, Жезкентийн уулын баяжуулах үйлдвэр, Дорнод Казахстаны зэс химийн комбинат зэрэг үйлдвэр багтдаг юм байна. Үүнээс харвал Ким уул уурхайн салбарын ачаар хөрөнгө чинээтэй болж Казахстандаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох хүн болжээ.
Лондоны бирж дээр хувьцаагаа зардаг болсны ачаар Ким хөрөнгөө ганцхан өдрийн дотор хоёр дахин өсгөж авсан тухай сонин хэвлэлээр гарч эхэлсний дараа л ийм нэртэй тэрбумтан байдаг гэдгийг олон нийт мэдэх болсон. Ажилчдадаа сарын 600 ам.долларын цалин өгдөг, удирдах ажилтан нь Европт ч чамлагдахааргүй цалин авдаг, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаардаг тухайгаа Ким нэг бус удаа мэдэгдэж байсан. Улмаар томоохон үйлдвэрийн дотор байдаг хулгай, өндөр үнээр эд зүйл шахдаг асуудлыг шийдсэн ярьж байсан удаатай. Өндөр үнээр хэрэггүй юм шахдаг асуудлыг шийдсэн байдал нь сонин. Эхлээд худалдан авах шаардлагатай байгаа эд зүйлсийн жагсаалтыг хангамж хариуцсан салбарынхан захиралдаа явуулна. Үүний дараа авах үнийн дээд хязгаарыг заасан жагсаалтыг ерөнхий захирал нь батлаад хангамж хариуцсан хэлтэстээ буцаан өгдөг аж. Хангамжийнхан нь уг жагсаалтыг аваад шууд авахаар явдаггүй, үнийг зохистой болгох зорилго бүхий өөр нэг салбарт өгнө. Энэ салбарын ажилтнууд нь заасан үнээс хямд боловч чанар адил бүтээгдэхүүн нийлүүлж чадах хүний эрэлд гардаг. Тэгээд илүү гарсан үнийн зөрүүнийхээ талыг нь цалингийн урамшуулал болгож авдаг бол үлдсэн талыг нь үйлдвэр нийгмийн асуудалд зарцуулахаар авч үлддэг гэнэ. Энэ зарчмын ачаар ноён Кимийн үйлдвэрүүд чамлахааргүй их мөнгө хэмнэдэг болсон юм.
Владимир Кимийн удирддаг үйлдвэрүүд нь өнгөрсөн жилд гэхэд л 800 гаруй сая ам.долларыг татвар суутгал хэлбэрээр Казахстаны төсөвт оруулсан гэхээр бараг дөрвөн жил дарааллан шилдэг татвар төлөгчөөр шалгармаар. Гэвч юм болгон хоёр талтай байдаг нь ертөнцийн жам. Тэгэхээр түүнийг магтсан бус шүүмжилсэн эх сурвалжууд энэ эрхмийн талаар юу гэж байгааг дурдах нь зүйтэй. Юуны өмнө дэлхийн тэрбумтны их хөрөнгийг эрийн сайндаа бус харин зүй бус арга ашиглан авсан гэж буруутгаж байдаг. Энэ бүхний үнэн худлыг нь энд тунгаах нь хэцүү ч гэлээ 5.5 тэрбум ам.долларын асар их хөрөнгийг тойрсон энэ мэтийн дуулиан, хардалт сэрдэлт байхгүй байсан бол харин ч жинхэнэ сонирхолтой зүйл байх байсан биз. Ямар ч байсан Владимир Ким Казахстаны болон дэлхийн хамгийн баян Солонгос хүн юм. Түүний хэлэх дуртай үг нь "Босгосон амьдралынхаа төлөө байдаг бүхнээ зориул. Тэгэхгүй бол хэн нэгэн чиний олсон хоолыг булаагаад идчихнэ" юм. Тэрбээр энэ л зарчмаар ажиллаж, өнөөдрийн өдөрлөгт хүрсэн. Дашрамд сонирхуулахад, сүүлийн хоёр жилд түүний нэр хүнд гэрлийн хурдаар өсч байгаа билээ.
Р.ОЮУНГОО

Сэтгэгдэл (1)
davka (202.9.47.130)
hyandai samsung iin zahirlaas ch davsan hurungutei gheer gui mun oigui ih hurunguuuu