Б. Нетаньяху А. Меркельтэй ”хүндхэн яриа” хийхээр Германд айлчлав

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Германы Канцлер Ангела Меркельтэй уулзахаар Берлинд хүрэлцэн иржээ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Германы Канцлер Ангела Меркельтэй уулзахаар Берлинд хүрэлцэн иржээ. Үүнээс нэг долоо хоногийн өмнө Израилийн Европ дахь гол холбоотон Герман Улс НҮБ-ын хуралдааны үеэр Палестинд ажиглагчийн статус олгохыг эсэргүүцээгүй.
Үүнээс гадна Германы эрх баригчид Израилийн Иерусалим, Баруун эрэгт барих бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хурцаар шүүмжилсэн. НҮБын Аюулгүй зөвлөлийн гишүүн орнуудын дийлэнх нь Палестинд ажиглагчийн статус олгох асуудлыг дэмжсэнээр тусгаар улс болохоор тэмцэж буй Палестин тусгаар тогтноход нэг алхам ойртсон юм. Гэсэн ч Баруун эрэг, Газын зурвас, Зүүн Иерусалимаас бүрддэг Палестиныг тусгаар тогтнуулахыг Израиль хүсэхгүй байна.
Нөгөөтэйгүүр НҮБ-ын 138 орноос ажиглагчийн статус гардсан Палестин НҮБын хамгаалалтад орох юм. Өнгөрөгч онд Палестиныг НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагад бүртгэхийг Герман Улс эсэргүүцэж байжээ. Харин энэ удаад яагаад НҮБ-д бүртгэхийг дэмжсэнийг Б.Нетаньяху А.Меркелиэс лавлах гэнэ.
Юутай ч Палестиныг НҮБ-д бүртгэхийг дэлхийн 138 орон, түүний дотор Европын холбооны 14, тэр дундаа Израилийн Европын холбоотон Герман, Франц дэмжсэн. Харин АНУ, Канад эсэргүүцсэн билээ.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)