В.Путин Дэлхийн гурав дахь нөлөөтэй хүн

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн алдарт "Форбес" сэтгүүлээс жил бүр тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын гуравдугаар байрт эрэмбэлэгджээ. Тус сэтгүүл энэ оны жагсаалтаа өнгөрөгч лхагва гаригт нийтэлжээ. Харин түүний өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркель нар бичигдсэн байна.

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн алдарт "Форбес" сэтгүүлээс жил бүр тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын гуравдугаар байрт эрэмбэлэгджээ. Тус сэтгүүл энэ оны жагсаалтаа өнгөрөгч лхагва гаригт нийтэлжээ. Харин түүний өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркель нар бичигдсэн байна. 

    Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр хоёр дахь жилээ дараалан тодорч байна. Түүний адил А.Меркель, В.Путин нар одоогийн байрандаа дахин сонгогдсон юм. Нөгөөтэйгүүр А.Меркель дэлхийн нөлөө бүхий эмэгтэйн байр сууриа хадгалж үлдлээ. "Форбес" сэтгүүл жил бүр "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн" жагсаалт гаргадаг ч энэ онд ердөө 71 хүнийг тодруулж уламжлалаа эвджээ. 

    Энэ оны жагсаалтад дэлхийн хамгийн нөлөө бүхий дээрх гурван эрхмийн дараа "Майкрософт" корпорацийг үндэслэгч Билл Гейтс, Ромын пап XVI Бенедикт, АНУ-ын Холбооны нөөцийн тэргүүн Бен Бернанке, Саудын Арабын хаан Абдулла бин Азиз Аль-Сауд, Европын төв банкны ерөнхийлөгч Марио Драги оржээ.

    Харин Хятадын ирээдүйн Ерөнхийлөгч, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинь Пин есдүгээр байрт жагссан байна. Тэгвэл эхний 10-т Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон багтжээ. Харин дараагийн арвын эхэнд дэлхийн тэргүүн баян хүн, Мексикийн харилцаа холбооны зах зээлийн гуравны хоёрыг атгагч Карлос Слим орсон байна. 

    Харин түүний араас Энэтхэгийн улстөр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд болох Неру-Гандийн удам, Үндэсний конгрессийн ерөнхийлөгч Соня Ганди, Хятадын шадар сайд Ли Кэцян, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 14, "Беркшир Хэтэуэй" холдингийн тэргүүн, дэлхийн гурав дахь, АНУ-ын хоёр дахь чинээлэг хүн, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Уоррен Баффет, Нью-Йорк хотын дарга, тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн нэрт бизнесмэн Майкл Блумберг, АНУ-ын хамгийн том сүлжээ их дэлгүүр, хамгийн олон тэрбумтан төрүүлсэн "Валмарт"-ын ерөнхий захирал Майкл Дюк, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф, Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх оржээ.

    Харин 20 дугаар байрыг интернэтийн хайлтын системийн аварга, "Гүүгл" корпорацийг хамтран байгуулагч Сергей Брин, Ларри Пэйж нар хамт эзэлжээ. Түүнчлэн 41 дүгээр байрыг "Кох индастрис" компанийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч ах дүү Чарльз Кох, Дэвид Кох нар хуваан эзэлжээ.

    Тэгвэл Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменей 21, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху 23, "Фэйсбүүк"-ийн ерөнхий захирал Марк Цукерберг 25, Италийн Ерөнхий сайд Марио Монти 29, НҮБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Бан Ги Мун 30, Арабын нэгдсэн эмират улсын Ерөнхийлөгч Халифа бин Зайд Аль-Нахян 33, "Аппле" корпорацийн ерөнхий захирал Тимоти Кук 35, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард 38, "Тоёота" корпорацийн эзэн Акио Тоёода 43, Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Ун 44, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким 45, Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес 48, АНУ-ын экс Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны нөхөр Билл Клинтон 50, Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето 54, Ираны Газрын тосны сайд, ОПЕК /Газрын тос экспортлогч орнуудын байгууллага/ -ийн ерөнхийлөгч Ростам Гасеми 57, ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/-ийн ерөнхий захирал Маргарет Чан 58, Японы Ерөнхий сайд Ёшихико Нода 60, Хятадын экс Ерөнхийлөгч, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Зян Зэмин 62, ФИФА / Олон улсын хөлбөмбөгийн холбоо/- ийн ерөнхийлөгч Зепп Блаттер 69, "Газпром" компанийн захирал Алексей Миллер 70 дугаар байрт тус тус бичигдсэн байна.

    Харин ОХУ-ын өөр нэг нөлөө бүхий хүн буюу Ерөнхий сайд Дмитрий Медведев 61 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Жагсаалтад 28-88 насны хүмүүс багтсан бөгөөд 45-70 насныхан дийлэнх байна. Дашрамд дурдахад, "Фэйсбүүк"-ийн ерөнхий захирал, дэлхийн хамгийн залуу тэрбумтан Марк Цукерберг 28 настайгаар дэлхийн хамгийн залуу нөлөө бүхий хүнээр тодорчээ.

    Түүний ард Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Ун 29 настай орж байгаа бол хамгийн ахмад нөлөө бүхий хүнээр Саудын Арабын хаан Абдулла бин Азиз Аль-Сауд 88 настайгаар тодорчээ. Харин түүний ард 86 настай Хятадын экс удирдагч Зян Зэмин, 85 настай Ромын пап XVI Бенедикт, 82 настай дэлхийн гурав дахь баян хүн Уоррен Баффет, 80 настай Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх нар жагсч байна.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (60.8.123.79)

    2012-12-09

    bi end uuriinxaa neriig oruulax bono, ta nar nadaar baxarxana bi ulsaaraa baxarxna, nutgaaraa baxarxana