У.Чавес залгамжлагчтай болов

   Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өөрийн залгамжлагчаар дэд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд Николас Мадурог сонгосноо зарлалаа.
   Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өөрийн залгамжлагчаар дэд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд Николас Мадурог сонгосноо зарлалаа. Тэрбээр өнгөрөгч бямба гаригт үндэсний телевизээр "Хэрвээ надад ямар нэгэн зүйл тохиолдвол төрийн тэргүүний албан тушаал дэд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд Николас Мадурод шилжих ёстой" гэж мэдэгджээ. Учир нь У.Чавесын эрүүл мэнд дахин муудсан байна.
   Кубын нийслэл Гавана хотод жил шахам хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн тэрбээр өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу энэ оны эхээр хорт хавдраас ангижирсан гэж мэдэгдэж байсан билээ. Гэсэн ч түүнийг хорт хавдраас бүрэн ангижирч чадаагүйг албаныхан баталлаа. Үүнээс гадна У.Чавес Кубад мэс засалд орохынхоо өмнө дээрх мэдэгдлийг хийсэн юм. Саяхан Кубыг зориод ирсэн У.Чавес хорт хавдар авахуулах мэс засал хийлгэх шаардлагатай болсноо албаныханд дуулгажээ.
  Өнгөрөгч онд түүнийг эрүүл мэндийн улмаас төрийн ажлыг цалгардуулж байна хэмээн сөрөг хүчин болон тойрон хүрээлэгчдийнх нь зүгээс багагүй шүүмжилсэн юм. Тиймээс У.Чавес энэ удаад төрийн тэргүүний албан тушаал залгамжлах хүнийг сонголоо. Өнгөрөгч онд Венесуэлд У.Чавесын орыг залгах улстөрчдийн тэмцлээс үүдэлтэй улстөрийн тогтворгүй байдал үүсч байсан юм.
   Нөгөөтэйгүүр 2018 он хүртэл бүрэн эрхийн хугацаагаа сунгасан У.Чавес албан тушаалаа алдах аюулгүй болж байна. 1998 оноос хойш Венесуэлийн төрийн тэргүүнээр ажиллаж буй 58 настай У.Чавес өнгөрөгч аравдугаар сард гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож бүрэн эрхийнхээ хугацааг дахин зургаан жилээр сунгасан билээ.

 Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)