Н.Лхамаа: Зөвхөн шилдгүүд л ”Дакар”-т оролцдог
- 2012-12-10
- Спорт
- 0
Тамирчны хатуужил, тэвчээрийг сорьсон спортын төрлийн нэг нь авто,
мото спорт. Энэ спортоор хичээллэдэг тамирчид манай улсад цөөнгүй.
Өнгөрсөн намар мото спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион
байгуулсан манай улс энэ удаад авто, мото спортын олимп гэгдэх "Дакар
ралли"-д анх удаа тамирчнаа оролцуулахаар болсон билээ. 1978 оноос өнөөг
хүртэл уламжлал болгон зохион байгуулагдаж буй эл уралдаанд оролцохоор
болсон ОУХМ Н.Лхамаатай ярилцлаа.

-Авто, мото спортын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн уралдаанд ямар хүлэгтэй оролцох гэж байна вэ?-"Ямаха"-гийн мотоциклиор уралдана. Уралдаанд унах мотоциклио ачуулчихсан. "Дакар ралли-2013" уралдааныг ирэх сарын 5-22-нд Өмнөд Америкийн нутаг буюу Перу-Аргентин-Чили гэсэн маршрутаар зохион байгуулахаар болсон. Уралдаанд 8500 гаруй км зам туулна. Өдөрт дунджаар 500-700 км зам туулна гэсэн үг.
-Уралдаанд хэчнээн орны тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бол?
-54 орны тамирчин уралдахаар болсон. "Дакар ралли" уралдааныг автомашин, мотоцикль, том оврын машин гэсэн гурван төрлөөр зохион байгуулдаг. Бидний оролцох мотоциклийн төрөлд анх 305 тамирчин уралдахаар бүртгүүлсэн ч 196 нь шалгуурт тэнцэн уралдахаар болсон.
-Тамирчдад тодорхой шалгуур тавьдаг байх. Энэ талаар тодорхой танилцуулаач?
-Шилдгүүд оролцдог эл уралдаанд хэн дуртай нь очоод уралдчихдаггүй. Зөвхөн шилдгүүд л "Дакар"-т хүч сорьдог. Дээрээс нь тамирчдаас олон улсын чанартай тэмцээнд өндөр амжилт гаргасан байхыг шаарддаг. Д.Болдбаатар бид хоёр "SSER" гэж олон улсын бартаат замын раллид түрүүлж, эхний байруудад шалгарч байсан нь уралдаанд оролцоход нөлөөлсөн. Уг уралдаанд "Дакар"-т түрүүлж байсан, эхний байрт шалгарсан туршлагатай тамирчид ирж уралддаг юм.
-Өрсөлдөөнтэй, эрсдэлтэй уралдаанд оролцохдоо өөртөө тодорхой зорилго тавьсан гэж бодож байна?
-"Дакар"-т оролцсон тамирчид барианд орж чадвал түүнийгээ өндөр амжилт гэж үздэг. Уралдаанд 100 тамирчин оролцлоо гэхэд тэдний 50 хувь нь л барианд ордог юм. Гэмтэнэ, замаа туулж чадахгүй дундаас нь орхино гээд асуудал их бий. Тиймээс л тамирчин хүний тэсвэр хатуужлыг жинхэнэ утгаар нь шалгадаг уралдаан гэсэн байх. Бид Андын нуруу орчмоор ихэвчлэн элстэй, цөлөрхөг газраар уралдана.
-Уралдааны үеэр туулах замаа судалсан уу?
-Бид хоёр Перуд уралдаан эхлэхээс 10 хоногийн өмнө очно. Хэдэн өдрийн өмнө ч болтугай очоод цаг агаарт нь биеэ дасгах хэрэгтэй. Ирсэн хойноо тэнд хэт халуун, цагийн зөрүүтэй байлаа гэх мэт янз бүрийн шалтаг хэлээд зогсч баймааргүй байна. Бидний уралдах газрын цаг агаар халуун юм билээ. Өнгөрсөн жилийн уралдааны бичлэгийг үзэхэд 44-47 хэмийн халуунд л уралдаж байсан. Заримдаа бүр 51 хэм ч хүрч байсан шүү. Дээр нь манайхаас цагийн зөрүүтэй учир нойроо дасгана даа.
-Гадаадад зохион байгуулж буй уралдааныг харахад тамирчид өөрсдийн техникийг хариуцсан багтай байдаг. Энэ удаагийн уралдаанд ч гэсэн Та хоёрын техникийг хариуцсан алба дагаж явах уу? -Хол газар болохоор замын зардал ихтэй. Тиймээс хоёулахнаа явж байгаа. Уг нь бусад газрын тамирчид техникийг хариуцсан албаас гадна эмчтэй байдаг. Гэхдээ уралдааны үед нисдэг тэрэг байнга дагаж явна гэсэн. Элсэн цөлийн бартаат замаар уралдах учраас эрсдэл өндөр. Тиймээс эмнэлгийн баг нисдэг тэргээр дагаж явах юм билээ. Уралдааны үеэр тамирчин бэртэл авлаа гэхэд таван минутын дотор эмнэлгийн тусламж үзүүлдэг гэсэн. Харин мотоцикль эвдэрлээ гэхэд өөрсдөө л засна гэсэн бодолтой явж байгаа.
-Та ямар дугаартай уралдах вэ?
-Би 174 дугаартай уралдана.
-"Дакар"-т оролцох хөрөнгө мөнгөө шийдсэн үү?
-Уралдаанд оролцохоор бүртгүүлснээс хойш тодорхой шатлалтайгаар мөнгө төлдөг. Эхний ээлжийн төлбөрүүдийг хувиасаа гаргасан. Мөн "Доктор авто сүлжээ", "Алтай констракшн", "Шунхлай", "Морьт хангай", "Мөнх даатгал" зэрэг компани биднийг дэмжиж байгаа. Дээрээс нь найз нөхөд, хувь хүмүүс ч гэсэн сэтгэлийн дэм хайрлаж байна. Бас биднийг дэмжих, туслах зорилгоор Морингийн даваанд "УАЗ-469" автомашины уралдаан зохион байгуулсан. Уралдаанаас олсон орлогыг бидний замын зардалд нэмэрлэнэ гэсэн.
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (0)