Хойд Солонгос пуужин хөөргөхөө хойшлуулж магадгүй

   Хойд Солонгосын эрх баригчид энэ сарын 10-22-ны дотор пуужин хөөргөнө гэж мэдэгдсэн хэдий ч товлосон хугацаагаа хойшлуулж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
   Хойд Солонгосын эрх баригчид энэ сарын 10-22-ны дотор пуужин хөөргөнө гэж мэдэгдсэн хэдий ч товлосон хугацаагаа хойшлуулж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Үүнээс өмнө Өмнөд Солонгосын хэвлэлүүд хойд хөршийгөө энэ сарын 19-нд пуужингаа хөөргөж магадгүй гэж таамаглаж байв. Учир нь энэ өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Тиймээс Пхеньяний эрх баригчид уг өдрийг сонгон пуужин хөөргөж Өмнөд Солонгосын иргэдийг айдаст автуулахыг санаархаж байхыг үгүйсгэх аргагүй гэнэ. Пхеньяний эрх баригчид өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-нд "Гэрэлт од-3" /Кванмёнсон-3/ хэмээх хиймэл дагуул тээсэн "Тэнгэрийн заадас-3" /Унха-3/ пуужин хөөргөсөн бөгөөд амжилтад хүрээгүй. Тухайн үед Хойд Солонгосыг пуужин хөөргөхийг АНУ, Өмнөд Солонгос, Япон төдийгүй Хятад, ОХУ эсэргүүцэж байв. Хятад, ОХУ Хойд Солонгосын пуужин нутаг дэвсгэрт нь унаж магадгүй хэмээн сэрэмжилсний үүднээс дээрх мэдэгдлийг хийсэн.
Гэсэн ч Хойд Солонгос олон улсын шаардлагыг үл харгалзан пуужингаа хөөргөсөн бөгөөд "Тэнгэрийн заадас-3" хөөрснөөсөө 90 секундын дараа дэлбэрч Зүүн Хятадын тэнгист унасан юм. Хойд Солонгосын албаныхны мэдэгдсэнээр энэ удаад ч мөн "Тэнгэрийн заадас-3"-ыг хөөргөсөн Хойд Солонгосын баруун зах буюу Зүүн Хятадын тэнгисийн эрэг дэх "Сохэ" хиймэл дагуул хөөргөх сансрын станцаас пуужин хөөргөх аж.
Тиймээс шинэ пуужин урьдын адил бүс нутгийн орнуудад аюул заналхийлж байна. Нөгөөтэйгүүр Хойд Солонгос бүтэлгүйтсэн "Тэнгэрийн заадас-3" пуужинг дахин хөөргөх гэж оролдож байна. Мөн уг пуужин амжилттай задарч чадаагүй "Гэрэлт од-3"-ын хоёр дахь хувилбарыг тээсэн гэж мэдэгдсэн юм. Нэг үгээр хэлбэл, Хойд Солонгос урьдын пуужингаа дахин хөөргөхөөр төлөвлөжээ. Гэхдээ албаныхан өмнөх алдаа давтагдахгүй гэж найдаж байна.
    Хойд Солонгос 2006 онд анх пуужин хөөргөсөн бөгөөд гурван жилийн давтамжтай буюу 2009 болон энэ оны дөрөвдүгээр сард пуужин хөөргөж байв. Гэхдээ энэхүү гурван оролдлого бүгд амжилтгүй болсон билээ. Тус улс дэлхийн ерөнхий байдал, цаг агаар, харилцаа холбооны зориулалтаар хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгддэг ч АНУ тэргүүтэй зарим орон тэднийг тив алгасагч пуужин бүтээхийг санаархаж байна гэж харддаг.
Учир нь сансарт хиймэл дагуул илгээх, тив алгасагч пуужингийн технологи ижил аж. Хэрвээ энэ удаад Хойд Солонгосын пуужин амжилтад хүрвэл Япон, АНУ зэрэг орон дундаас нь устгаж магадгүй байна. Учир нь Японы өмнө зүгийн Окинава аралд алсын зайн тусгалтай "Эх оронч" пуужин байрлуулжээ. Окинава аралд АНУ-ын цэргийн томоохон бааз байрладаг бөгөөд "Эх оронч" хэмээх пуужин амдан устгагч пуужингийн систем нь АНУ-аас гаралтай. Мөн Хойд Солонгосын пуужинг агаарт юм уу Японы агаарын орон зайд орж ирсэн тохиолдолд харван унагаж магадгүй байна.
Юутай ч Японы эрх баригчид батлан хамгаалах хүчин, тэр дундаа пуужингийн хамгаалалтын системүүдээ бэлэн байдалд оруулаад байна. Мөн энэ сарын 22-ныг өнгөртөл бэлэн байдлаа цуцлахгүй бололтой. Харин Пхеньяний эрх баригчид олон шалтгааны улмаас пуужин хөөргөх хугацаагаа хойшлуулах эсэхийг хэлэлцэж байгаа тухай улсын төв мэдээллийн агентлаг "КСНА" өнгөрөгч ням гаригт мэдээлсэн юм. Гэхдээ техникийн болон цаг агаарын асуудлаас ийнхүү хойшлуулах тухай авч хэлэлцэж байгаа аж.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)