Италийн Ерөнхий сайд огцорно
- 2012-12-11
- Дэлхий
- 0
Италийн Ерөнхий сайд Марио Монти Ерөнхий сайд асан Сильвио
Берлусконийн Эрх чөлөөт ард түмэн намын дэмжлэгийг алдсаныхаа дараа
албан тушаалаасаа сайн дураараа огцрохоор төлөвлөснөө дуулгажээ.

С.Берлускони өнгөрөгч парламентын сонгуульд ялалт байгуулж Ерөнхий сайдаар томилогдсон хэдий ч эдийн засгийн хямралын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэсэн олны шүүмжлэлийн улмаас албан тушаалаасаа буусан юм. Харин түүний албан тушаалд нөлөө бүхий эдийн засагч Марио Монти томилогдсон.
Өөрөөр хэлбэл, С.Берлусконийн нам одоо хүртэл парламентад олонхи байгаа юм. "Супер Марио" гэгддэг нэрт эдийн засагч Марио Монти төсөв болон санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих хууль батлахаар хичээсэн ч түүнийг парламент болон Засгийн газрын гишүүдийн олонхи нь дэмжээгүй байна.
М.Монти Ерөнхийлөгч Жиоржио Наполитанотай уулзсаныхаа дараа уг шийдвэрээ мэдэгдсэн юм. Ажиглагчдын үзэж буйгаар М.Монти, С.Берлусконийн хоорондох улстөрийн далд тулаанд "Супер Марио" бууж өгсөн нь энэ гэнэ. Мөн тэрбээр ирэх оны эхээр болох парламентын сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн байна.
Эсрэгээрээ С.Берлускони ирэх сонгуульд намаа толгойлон өрсөлдөнө гэж мэдэгдсэн юм. Тиймээс С.Берлусконийг Ерөнхий сайдын албан тушаалд дахин томилогдоно гэж олонхи ажиглагч үзэж байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)