Башар аль-Ассад бууж өгөх тухай бодож эхэлжээ
- 2012-12-12
- Дэлхий
- 0
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад бууж өгөх тухай бодож эхэлснийг
Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреагийн мэдэгдэл ил болголоо. Р.Корреа
"Эквадор Башар альАссад болон түүний гэр бүлд улстөрийн орогнол олгох
тухай асуудлыг авч хэлэлцэж магадгүй" гэжээ.

Хэрвээ түүнд орогнол олговол Башар аль-Ассад Сирийг орхих бололтой. Гэхдээ барууны орнууд энэ асуудалд хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Ямартай ч Эквадор АНУ тэргүүтэй барууны орнуудын хүсэлтийг харгалзах нь дамжиггүй. Гэхдээ "Викилийкс" цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжид олгосон шиг барууны эсэргүүцлийг үл тоон улстөрийн орогнол олгож ч магадгүй. Хэдий тийм ч Австралийн иргэн Жулиан Ассанж АНУ, Британид мэдэгдэлгүйгээр Эквадороос улстөрийн орогнол хүсч Лондон дахь тус улсын Элчин сайдын яаманд нэвтэрсэн.
Харин Башар аль-Ассадын хувьд эсэргүүцлээ илэрхийлэх боломж байна. Үүнээс өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Катарын Доха хотноо зохиогдсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх зөвлөгөөнд оролцох үеэрээ "Башар аль-Ассадад улстөрийн орогнол олгохыг зөвшөөрөхгүй" гэж хэлсэн юм. Тэрбээр "Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадад гаднын аль нэг орон улстөрийн орогнол олговол НҮБ хэрхэн хандах вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Бид Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадад улстөрийн орогнол олгохыг оролдсон аль ч орны үйлдлийг эрс эсэргүүцнэ. Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн хэн боловч Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой" гэсэн байна.
Тиймээс барууны орнууд Башар аль-Ассадад улстөрийн орогнол олгох асуудлыг эрс эсэргүүцэх бололтой. Мөн Эквадор энэ асуудлыг урьдчилан мэдээлж байгаа нь ч үүнтэй холбоотой байж мэдэх. Р.Корреа барууны орнууд, тэр дундаа АНУ-ын батлан хамгаалахын нууц мэдээллийг задруулсан Ж.Ассанжид улстөрийн орогнол олгосноороо АНУ зэрэг барууны хэд хэдэн орноос багагүй шүүмжлэл хүлээсэн. Хэдийгээр Р.Корреа "Эквадороос улстөрийн орогнол хүсч болно. Манай орноос улстөрөөс орогнол хүсч, аюулгүй байдлаа хамгаалуулахыг хүссэн хэнийг ч болов бид хүндэтгэн үзэж нухацтай хандана. Эквадор хүний эрхийг дээдэлдэг орон" гэж мэдэгдсэн ч Башар аль-Ассадын асуудлаар ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. Саяхан Сирийн Гадаад харилцааны дэд сайд Фейсал Мекдад Эквадорт зочлоод буцжээ. Энэ үеэр хоёр тал Башар аль-Ассад болон түүний гэр бүлд орогнол олгох асуудлаар хэлэлцэн тохирчээ.
Ф.Мекдадын айлчлалын дараа Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Эквадор Башар альАссадад улстөрийн орогнол олгох нь" хэмээн шүүмж, нийтлэл гарч байжээ. Тухайн үед Р.Корреа уг мэдээллийг үгүйсгэж "Башар альАссадад улстөрийн орогнол олгох асуудлаар ямар нэгэн хэлэлцээ болоогүй" хэмээн мэдэгдэж байжээ. Харин ийм яриа хэлэлцээр болсныг Р.Корреа Бразилийн хэвлэлд өгсөн ярицлагадаа баталлаа.
Башар аль-Ассадыг албан тушаалаас нь буулгах олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа Сирид өрнөснөөс хойш өнгөрч 20 дахь сар, 40 мянга гаруй хүн амь үрэгдээд байна. Үүний улмаас баруун болон Арабын ертөнцийн зарим орон Башар аль-Ассадыг албан тушаалаасаа бууж, ард түмнийхээ эсрэг явуулж буй цуст хүчирхийлээ зогсоохыг шаардсан. Мөн Сирийн сөрөг хүчнийг дэмжиж бүх талын туслалцаа үзүүлж байгаа юм. НҮБын Аюулгүй зөвлөл олон улсын хүсэлтээр Сири дэх иргэний дайныг зогсоохын тулд тус улсад цэргийн хүч оруулах талаар хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн таван орны хоёр нь буюу ОХУ, Хятад эсэргүүцсэн юм.
Тиймээс Сирийн сөрөг хүчнийг дэмжих замаар Башар аль-Ассадыг буулган авахаар зорьсон юм. Нөгөө талаас Башар аль-Ассад албан тушаалаа хадгалж үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэж байна. Тэрбээр "Бид "Аль-Кайда"-гийн босогчидтой тэмцэж байна. Сирийн ард түмний төлөө босогчдыг дарахын тулд бүх хүчээ дайчилна. Би гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг эцсээ хүртэл тэмцсээр эх орондоо амьсгал хураах болно" хэмээн мэдэгдэж байсан. Сирийг орхихоор болсон бололтой. Учир нь олон мянган хүний аминд хүрсэн түүнд албан тушаалаасаа буусныхаа дараа Сирид байх боломж үгүй юм.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)