Шинзо Абе ерөнхий сайд болно

   Японы парламентын сонгуульд Либерал Ардчилсан нам ялалт байгууллаа. Тус улсын хуулиар парламентын доод танхимын сонгуульд ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайдаар сонгогддог юм. Тиймээс намын дарга, экс Ерөнхий сайд Шинзо Абе Ерөнхий сайдаар томилогдоно.
   Японы парламентын сонгуульд Либерал Ардчилсан нам ялалт байгууллаа. Тус улсын хуулиар парламентын доод танхимын сонгуульд ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайдаар сонгогддог юм. Тиймээс намын дарга, экс Ерөнхий сайд Шинзо Абе Ерөнхий сайдаар томилогдоно. Ингэснээр Ш.Абе Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа ажиллах юм. Японы төрийн эрхийг олон жил тасралтгүй барьсан Либерал Ардчилсан нам өнгөрөгч 2009 оны сонгуульд улстөрийн шинэ хүчин Ардчилсан намд түүхэн ялагдал хүлээсэн. Либерал Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд уламжлалт түнш Шинэ Комэйто намтай хамтран оролцсон бөгөөд 480 суудлын 325- д нь ялалт байгуулжээ. Үүний 294 суудлыг Либерал Ардчилсан нам авсан бөгөөд 50-иас дээш хувийн суудал авсан тул дангаараа олонхи болж байна.
   Харин Ерөнхий сайд Ёшихико Нода тэргүүтэй эрх баригч Ардчилсан нам ердөө 57 суудал авчээ. Парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын сонгууль өнгөрөгч ням гаригийн өглөө эхэлсэн бөгөөд оройдоо дүн нь гарсан байна. Сонгуулийн үйл явцыг тус улсын бүх телевиз болон "Сонгууль-2012" хэмээх сонгуульд зориулсан тусгай онлайн телевиз шууд дамжуулжээ. Албаныхны үзэж буйгаар Ардчилсан нам Японы Засгийн газрыг гурван жил удирдахдаа эдийн засгийн өсөлтийг сүүлийн хорин жилд байгаагүйгээр зогсонги байдалд оруулсан гэнэ. Мөн амлалтуудаа биелүүлж чадаагүй аж. Энэ нь Либерал Ардчилсан нам улстөрд эргэн ирэхэд нөлөөлжээ. Ерөнхий сайд Ё.Нода нам нь ялагдсаны хариуцлагыг хүлээж намын даргын албан тушаалаасаа огцорно гэж мэдэгджээ.
    Үндсэн хуулийн дагуу тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалаа энэ сарын 26-нд Ш.Абед шилжүүлэх аж. Өөрөөр хэлбэл, Ё.Нода Японы Ерөнхий сайдаар нэг жил гурван сар ажилласны дараа албан тушаалаа хүлээлгэн өгч байна. 2009 оны парламентын сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан нам түүнээс өмнө хоёр ч Ерөнхий сайдтай байсан бөгөөд Юкио Хатояма есөн сар, Наото Кан жил гурван сар ажиллаж байв. Ардчилсан намын энэхүү тогтворгүй байдал, үүнээс улбаатай Засгийн газрын нэр хүнд ард иргэдийн дунд огцом унаснаас болж 2006-2007 онд Ерөнхий сайдаар ажилласан Ш.Абе ялалт байгууллаа.
   Тэрбээр тухайн үед Засгийн газартай холбоотой цуврал дуулианы улмаас Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон юм. Гэсэн ч өдгөө 58 настай түүнийг Японы элит улстөрчдийн нэг гэж зүй ёсоор үнэлдэг аж. Ардчилсан нам 2009 оны наймдугаар сард болсон парламентын доод танхимын сонгуульд 480 суудлаас 308 суудал авч байжээ. Ингэснээр тус нам парламентын дээд танхим буюу Зөвлөгчдийн танхимд олонхи болж байв. Харин сөрөг хүчин Либерал Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулснаар Зөвлөгчдийн танхимд олонхи болж байна. Ш.Абе "ОХУ-тай Курилын арлууд, Хятадтай Сенкаку арлууд зэрэг маргаантай бүс нутгийн асуудлаар тодорхой шийдэлд хүрнэ. Японы эдийн засгийг сэргээнэ. Гадаад ертөнцөд илүү үр нөлөөтэй бодлого хэрэгжүүлнэ" гэж амалжээ.
   Дашрамд дурдахад, Осака хотын дарга Хашимото Торугийн тэргүүлсэн Японы шинэчлэлийн нийгэмлэг хэмээх шинэ нам 54 суудал авсан байна. Ш.Абе парламентын сонгуульд ялалт байгуулсантай холбогдуулан тус улсын хөрөнгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарчээ. Тодруулбал, хувьцааны үнэ өсч, иений ханш суларсан гэнэ. Юутай ч энэ удаагийн сонгуульд 12 нам, эвслийн 1504 нэр дэвшигч өрсөлджээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)