АНУ-д зэвсгийн худалдааг хязгаарлана
- 2012-12-18
- Дэлхий
- 0
АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын "Сэнди Хүүк" бага сургуульд
өнгөрөгч баасан гаригт ноцтой хэрэг гарч 20 хүүхэд, зургаан насанд
хүрэгч амь үрэгдсэний дараа хүн амын тал орчим хувь буюу 120 сая гаруй
хүн эрх баригчдаас зэвсгийн худалдаанд хязгаар тогтоохыг шаарджээ.

АНУ 315 сая хүн амтай бөгөөд хүн амынхаа тоогоор Хятад, Энэтхэгийн дараа дэлхийд гуравт жагсдаг. Гэсэн хэдий ч эрх чөлөөний орон гэгддэг тус улсад насанд хүрсэн хүн бүр галт зэвсэг худалдан авах, эзэмших эрхтэй. Саяхны нэгэн судалгаагаар энэ улсын хүн амын тал орчим хувь нь галт зэвсэг эзэмшдэг гэсэн дүн гарчээ. Үүний улмаас галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг гарах нь олширсон аж.
Харин 26 хүн амь үрэгдсэний дараа галт зэвсгийн худалдааг хязгаарлахаар боллоо. Дээрх хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэргийн газарт очиж, хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзах үеэр галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн юм. Юутай ч 120 сая гаруй америкчууд гарын үсгээ зурсан шаардлагыг эрх баригчдад хүргүүлжээ.
АНУ-ын хуулиар 25 мянган хүний гарын үсэг цугларсан шаардлагыг Цагаан ордон хүлээн авч хэлэлцдэг аж. Тиймээс энэ хүсэлт нааштай шийдэгдэх бололтой. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид "Зэвсгийн чөлөөт худалдааны асуудлыг шийднэ. Гэхдээ өнөөдөр биш" гэж мэдэгджээ.
Дашрамд дурдахад, 26 хүн болон ээжийгээ буудан хороосныхоо дараа амиа егүүтгэсэн 20 настай Адам Ланза гэгч нэр дээрээ бүртгэлтэй винтов болон хоёр гар буугаар уг халдлагыг үйлджээ.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)