Ким Жон Уны эхнэр хөл хүнд болсон гэнэ

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны эхнэр Ли Соль Чу удахгүй нярайлна гэсэн дүгнэлтэд Өмнөд Солонгосын сэтгүүлчид хүрчээ.
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны эхнэр Ли Соль Чу удахгүй нярайлна гэсэн дүгнэлтэд Өмнөд Солонгосын сэтгүүлчид хүрчээ. Учир нь тэрбээр өнгөрөгч даваа гаригт олон нийтийн өмнө Солонгосын үндэсний хувцастай гарсан бөгөөд гэдэс нь томорсон нь илэрхий байжээ. Ким Жон Ун өнгөрөгч даваа гаригт эцэг Ким Жон Илийн таалал төгссөний нэг жилийн ойг дурсах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан.
Уг ёслолд эхнэр Ли Соль Чуны хамт оролцсон юм. Үүнээс өмнө Ли Соль Чуг хөл хүнд болсон гэсэн дуулиан нэг бус удаа тархаж байсан юм. Учир нь тэргүүн хатагтай хоёр сар орчим олон нийтийн өмнө гараагүй.
Хэдийгээр Ли Соль Чу хөл хүнд болсон гэдэгт Өмнөд Солонгосын сэтгүүлчид эргэлзэхгүй байгаа ч Пхеньяний зүгээс албан ёсны баталгаажуулсан мэдээлэл хийгээгүй байна. Өдгөө 27 настай тэргүүн хатагтай Ли Соль Чу Ким Ил Суны их сургуулийг төгсчээ. Харин түүний эцэг багш, ээж нь эмч мэргэжилтэй. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын таамаглаж буйгаар Ким Жон Ун, Ли Соль Чутай 2009 оноос хойш үерхээд зогсохгүй хэдийнэ нэг хүүхэдтэй болжээ.
Ким Жон Ун 2011 оны арванхоёрдугаар сард эцэг Ким Жон Илийг таалал төгссөний дараа төрийн болон намын тэргүүн болсон юм. Ким Жон Ил 1994 онд Хойд Солонгосын төрийн эрхийг тус улсын анхны төрийн тэргүүн, эцэг Ким Ил Сунаас өвлөн авсан бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сард галт тэргээр аялж явахдаа зүрхний шигдээс өвчнөөр 69 насандаа таалал төгссөн билээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)