Хойд Солонгосын эсрэг “сэтгэл зүйн дайралт”

Өмнөдийн Христийн итгэгчид тус анхааруулыг үл хэрэгсэн зул сарын гэрлэн чимэглэл бүхий ган төмрөн гацуураа ойролцоох толгод дээр бямба гарагийн үдэш байрлуулж, баяр ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Хойд Солонгос улсын зүгээс Өмнөд Солонгосыг улсын хилийн ойролцоох цэрэггүйжүүлсэн бүс дээр зул сарын баярын уур амьсгал оруулж, өөрийн орны олдмол шашнаа сурталчлан, сэтгэл зүйн дайралт хийхээ зогсоохыг удаа дараа анхааруулж байсан. Гэвч, Өмнөдийн Христийн итгэгчид тус анхааруулыг үл хэрэгсэн зул сарын гэрлэн чимэглэл бүхий ган төмрөн гацуураа ойролцоох толгод дээр бямба гарагийн үдэш байрлуулж, баяр ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Мянга мянган гэрлэн чимэглэлээр битүү чимэглэсэн, 30 метр өндөр тус гацуур Хойд Солонгосын хилийн хойд хэсэг төдийгүй гол хотуудын нэг Каесонд тодоос тод харагдаж байгаа юм. Хоёр улсын хоорондын харилцаанд ан цав үүсгэх шалтгааныг энгийн зүйлээс эрж хайх дуртай Хойд Солонгосчууд тус үйл явдлыг өлгөн авч, дургүйцлээ илэрхийлэн, сэтгэл зүйн томоохон дайралт хэмээн үзэж байгаа бөгөөд улсын төв мэдээллийн агентлаг бямба гарагийн үдэш гацуурыг зассан даруйд онцлон мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосчуудын хувьд уг гацуураа Хойд Солонгосын ард түмэнд зориулан илгээж буй энх тайван, эрх чөлөөний билэг тэмдэг хэмээн тайлбарлаж байгаа нь тэднийг ундууцлыг улам бүр хүргэж байгаа гэнэ. Тэд жил бүр уламжлал болгон энэхүү арга хэмжээг зохиодог боловч, өнгөрсөн жил Хойдын Их Удирдагч асан Ким Жон Илийн нас барсан явдалтай зэрэгцсэн тул зөвхөн гацуураа байршуулж, тэмдэглэлгүй өнгөрсөн юм. Харин энэ жил Өмнөд Солонгосын цэргийн удирдлагуудын зүгээс Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсоны дараа тэмдэглэхийг үүрэгдсэн тул ийнхүү гацуураа оройтон засч, жижиг ёслолыг тэмдэглэж байгаа аж. 
Тухайн бүс нутагт оршин суудаг ард иргэд уг ёслолыг Хойд Солонгосчуудын зүгээс эсэргүүцэл, аюул заналхийлэл ирж болзошгүй хэмээн айж, гацуурыг засахыг эрс эсэргүүцэн татгалзсан байна. Зарим оршин суугчид ган төмрөн гацуурын  ойролцоо ирж, бяцхан тэмцэл өрнүүлсэн тул цагдаа нар ирж, хоорондын мөргөлдөөнийг таслан зогсоосон байна.

О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)