“Дэлхий яагаад сөнөөгүй вэ”

-Дэлхийн хүн амын 80 гаруй хувь нь ярьж буй сэдвийн хариуд-
2012 арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн тухай 2010 оны дунд үеэс шуугих болсон билээ. Энэ нь “нүцгэн хөлт” майяачуудын цаг тооны хуанли өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт дуусгавар болж байгаатай холбоотой юм. 
Зарим нэг нэр хүнд муутай эрдэмтэн, Холливудын одод өөрийн карьераа дээшлүүлэх зорилгоор энэ өдөр дэлхий сөнөнө хэмээн ам уралдан ярьж эхэлцгээсэн. Хэсэг хугацаанд намжаад байсан энэ сэдэв 2012 он гарахтай зэрэгцэн мөн л хуурай өвсөнд тавьсан түймэр шиг л тархаж эхэлсэн юм. Чухам энэ өдрийн тухай яагаад ярих болов, үүний учрыг цэнхэр гаригийн хамгийн том огторгуй судлалын төв бааз болох АНУ-ын Сансар судлалын үндэсний холбоо /NASA/ хэрхэн тайлав гэдгийг уншигч танаа хүргэе. 


СҮЙРЛИЙН ТУХАЙ ЯРИА БУЮУ ШУУРГА АДИЛ ДЭГДСЭН ШУУГИАН 

Нэг эринээс нөгөө эрин рүү 
Майяачууд манай эриний өмнөх /МЭӨ/ 2000-аас манай эриний /МЭ/ 1500-гаад онд оршин тогтнож байсан ард түмэн юм. Хорьтын систем ашигладаг, одон орон, газар тариалангийн нарийн мэдлэгтэй ард түмэн байсныг эрдэмтэд тогтоожээ. Майяачуудын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд 13 бактуны тоолол МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоосон билээ. Нэг бактун 114 мянган өдөртэй тэнцдэг байна. Нийт 13 бактун гэдэг нь 5125 жилтэй дүйнэ гэсэн үг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай үйл явц агаад аливаа эргэлдэгч зүйлийн тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийн тавны нэг юм. Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэж үзвэл энэ оны арванхоёрдугаар сарын 21-нд уг үйл явц өндөрлөж байна. Майяачуудын цаг тооны бичгээр бол энэ өдрийг 13.0.0.0.0 гэж бичнэ. Мөн тэдний он тоолол тэглэх өдөр дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, тавдугаар нарны эрин буюу “Цагаан ирвэс” эхлэх гэнэ. Үүнээс үзвэл “нүцгэн хөлт” майяачуудын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичигт цэнхэр гариг сөнөж хүн төрөлхтөн мөхнө гэсэн ганц ч үг үсэг байгаагүй гэдгийг Румыны эрдэмтэн А.Динкэ баталсан билээ.

Бумбын оронд амар амгалан ноёрхоно 
Энэ өдрийн тухай шуугиж эхэлснээс хойш бурхан шашин, одон орон судлаач, энгийн иргэн гээд оролцоогүй хүн, яриагүй газар гэж үгүй. Түвд оронд нэлээд нэр хүндтэй Ван Ши Лин хэмээх лам /Их Британид амьдардаг/ Английн Лондон хотын төв телевизэд өгсөн ярилцлагадаа “Ертөнцийн төгсгөл ирж байгаа нь үнэн. Гэхдээ амьдрал зогсохгүй. Зүгээр л хэд хоног нар, сар, од үзэгдэхгүй болж дэлхийг харанхуй нөмөрнө. Энэ үзэгдлийг даван туулж чадсан хүн бумбын оронд шилжиж амар амгаланд ноёрхоно” хэмээн айлдсан юм. Түүнийхээр эл хэвийн бус үзэгдлийг даван туулж чадсан хүн өнөөдрийнхөөсөө илүү оюунлаг хүн болох гэнэ. Мөн хөгжингүй, хөгжиж буй орнуудад эрдэм оюуны янз бүрийн шинэ сургалт, хичээл, номлол дэлгэрч, эрүүл мэнд, шинжлэх ухааны хөгжилд ихээхэн түлхэц гарна гэсэн байна. Тэрбээр нэвтрүүлгийн төгсгөлд “Хүн төрөлхтөн илүү урт хугацаагаар амьдарч, өсөн дэвжихэд энэ бүхэн маш чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн өгүүлжээ.

Дөрвөн гариг нэг шугамд жагсана 
Дэлхий нийтээрээ шуугиж буй энэ өдрийн тухай Шинжлэх ухааны академийн /ШУА/ харьяа Одон орон геофизикийн судалгааны төвийн доктор, секторын эрхлэгч Д.Батмөнхөөс тодруулахад “Улс орнуудын судалгаанаас авч үзвэл дэлхийн цаг агаар нь нарны идэвхжил, сансрын туяа зэрэг зарим үзэгдэлтэй холбоотой. Гэхдээ энэхүү холбоо шууд биш. Өөрөөр хэлбэл, соронзон давхарга, агаар мандлын дээд давхарга, тэнд болж буй үзэгдлүүдээр дамжин нөлөөлнө. Жишээ нь, зарим судлаачийн тогтоосноор үүл үүсэх үйл явцад сансрын туяа ихээхэн үүрэгтэй байдаг. Энэ жилийн хувьд нарны идэвхжил ихэсч байгаа боловч 11 жилийн үетэй өөрчлөгдөж байдаг өөрийнхөө зүй тогтлоороо л байна. Одон орны судалгааны талаас онцгой зүйл ажиглагдахгүй байгаа учир дэлхийн хэмжээнд урьд өмнө байгаагүй гэнэт хүйтэрнэ гэж хэлэх үндэс алга. Нарны аймгуудын давхцалаас үүдэлтэйгээр дэлхий сөнөх дөхсөн гэсэн суртал ухуулга яваад байх шиг байна. Нарны аймгийн гаригууд нэг шугамд жагсах нь ховор үзэгдэл биш шүү дээ. Тухайбал, сугар, ангараг, санчир, буд гариг жилд нэг удаа нэг шугам дээр байх тохиолдол бий. Дэлхий, сугар, бархасбадь, ангараг, санчир, тэнгэрийн ван гариг 20 жилд нэг удаа нэг шугам дээр жагсах жишээтэй. Эдгээр үзэгдэл урьд нь үргэлж л болж байсан. Гэсэн ч дэлхий сөнөх, түүнд онцгой аюул учруулах хэмжээнд хүрч байгаагүй. Энэ жилийн хувьд арванхоёрдугаар сарын 21-нд бархасбадь, ангараг, санчир, дэлхий зэрэг гариг нэг шугамд жагсах юм. Үүнтэй холбоотойгоор элдэв шуугиан гарч байгаа байх. Дэлхий 4.5 тэрбум жил наслахдаа энэ үзэгдлийг олон удаа үзсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, гаригууд маш олон удаа давхцаж, түүний давтамж нь олон жилийн турш болсоор ирсэн. Нэг нарны аймгийн гаригууд давхцах нь байдаг л үзэгдэл учир ард иргэд буруу ухуулгад автаж, элдэв янзын шуугианд итгэж сандраад байх шаардлагагүй” гэсэн юм.


САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО /NASA/ ЮУ ХЭЛЭВ

 “Ард иргэд тайван байх хэрэгтэй” 
NASA-гийн дэлхий орчмыг судлах программын удирдагч Дон Иоманс 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд “нүцгэн хөлт” майяачуудын цаг тооны бичиг дууссанаар дэлхийн төгсгөл болно гэж эмээж байгаа хүмүүс энэ өдөр сайн амрах хэрэгтэй гэж зөвлөжээ. Учир нь энэ өдөр бусад өдрийн адил жирийн л өдөр болно. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31- нд бүх хүний хэрэглэдэг Григорийн цаг тооны бичиг дууссан. Тэгэхэд цэнхэр гаригийн хүн төрөлхтөн дэлхий сүйрлээ гэж айж мэгдээгүй. Цахим ертөнцөд тавигдсан асуудлыг харахад энэ оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхийн төгсгөл ирнэ гэж айж түгшсэн хүмүүсийн дунд сансар огторгуйгаас Нибиру гэдэг гариг гарч ирээд дэлхийтэй мөргөлдөж хэдэн хэсэг болгоно гэсэн цуурхал тарсан байсан. Бүр зарим нэг нь “Үнэндээ тийм гариг байдаг юм. Одон орончид хүмүүсийг айдаст автуулахгүйн тулд ил гаргаж хэлдэггүй” гэсэн байжээ. Энэ бүхний хариуд NASA-гийн мэргэжилтэн “Санаанаасаа зохиосон дэмий яриа тул ард иргэд тайван байх хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байна.

Бичил видео бүх асуудлыг шийдлээ 
Сансар судлалын үндэсний холбоонд харъяалагддаг томоохон хэд хэдэн одон орон судлаач “Дэлхий сөнөхгүй” гэж мэдэгдэл хийсэн. Үүний дараа NASA арванхоёрдугаар сарын 21-нд “Ертөнцийн төгсгөл тохионо” гэсэн шуугиантай холбогдуулан “Өчигдөр дэлхий яагаад сөнөөгүй вэ” нэртэй бичил видео гаргажээ. Эл богино хэмжээний дүрс бичлэгт 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний маргааш өглөө болж байгаа ярианы тухай өгүүлдэг байна. Мөн “NASA”-гийн эрдэмтэд энэ шуугианы тухай яриа таамаглал, бүх шалтгааныг няцааж, шинжээчид “Ямар нэгэн сүүлт од нисч ирэн манай дэлхийтэй мөргөлдөхгүй. Учир нь сансраас ямар ч биет, од эрхэс манай гариг уруу ойртож ирээгүй” хэмээжээ. NASA-гийн ажилтан Лика Гухатакура “Нар чинь Майяагийн үеийг хүртэл хэдэн сая жилээр оршин тогтносоор байсан. Тэгэхэд ямар ч төгсгөл болоогүй. Энэ жилийн хувьд 11 жил тутам тохиодог идэвхжлийн жил таарч байгаа юм. Гэхдээ энэ нь сүүлийн 50 жилд тохиож буй идэвхжлүүдээс хамгийн бага нь шүү дээ” гэжээ.

З.ЦЭЦЭНБИЛЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • lol (182.160.9.222)

    2013-11-04

    manai mongolchuud l ih itgetsgeej aij sandartsgaasan yum bish vv

  • lol (103.10.23.147)

    2013-11-04

    argo jombogo enend ymar hamaatain yu chaddin argo ooriigoo burhan gd bodtsimuu umhii arhichin

  • СССС (202.126.89.160)

    2013-11-04

    СҮЙРЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН ШДЭ ИЙМ ЮМАНД ИТГЭЖ Л БАЙДАГ ХЭДЭН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ЮМНУУД АРГО САРАНДАВАА ОЮУНГЭРЭЛ ДАВААНЯМ БАТОТГОН ЗЭРЭГ ГАЖИГУУД ХАХАХАХАХАХАХАХАХАХ ХАХА

  • ARGO oyungerel sarandavaa (202.180.216.211)

    2012-12-24

    manai argo sain boolson boloxoor sonosongui