Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын-Хэ гэж хэн бэ
- 2012-12-24
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгос Улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон билээ. Тус улсын шинэ Ерөнхийлөгч Пак Гын-Хэ ирэх оны хоёрдугаар сарын 25- нд төрийн тэргүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авна. БНСУ-ын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нэг л удаа, таван жилийн хугацаатай сонгогддог. 

Өмнөд Солонгос Улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон билээ. Тус улсын шинэ Ерөнхийлөгч Пак Гын-Хэ ирэх оны хоёрдугаар сарын 25- нд төрийн тэргүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авна. БНСУ-ын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нэг л удаа, таван жилийн хугацаатай сонгогддог. Энэ дагуу одоогийн Ерөнхийлөгч Ли Мён-Бакын бүрэн эрхийн хугацаа ирэх хоёрдугаар сарын 25-нд дуусна. Гэхдээ Ерөнхийлөгчийн албан тушаал эрх баригч Сэнури /Шинэ хил/ намд дахин үлдэнэ.
Учир нь одоогийн Ерөнхийлөгч Ли Мён- Бак болон түүний залгамжлагч Пак Гын-Хэ хоёулаа эрх баригч Сэнури намын гишүүн юм. Энэ сарын 19-нд болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэндээ анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж бас түүхэндээ анх удаа эмэгтэй хүн ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ерөнхийлөгчийн сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдсөн ч гол өрсөлдөөн эрх баригч Сэнури намын Пак Гын-Хэ, Ардчиллын нэгдсэн намын Мун Жэ-Ин нарын хооронд болсон бөгөөд Пак Гын- Хэ нийт сонгогчдын 51.6 хувийн санал авчээ. Эсрэгээрээ түүний гол өрсөлдөгч Мун Жэ-Ин 48 хувийн санал авсан байна.
Харин бие даан өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигч нийлээд 0.4 хувийн санал авсан аж. Сонгууль тухайн өдрийн үүрийн 06.00 цагт /орон нутгийн цагаар/ эхэлж үдшийн 18.00 цагт өндөрлөж, дүн нь оройн 23.00 цагт гарсан ба хамгийн цэвэр сонгууль гэгдэж байна. Тус улсын Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, санал хураалт 75.8 хувьтай явагджээ. Энэ нь 30.7 сая хүн саналаа өгсөн гэсэн үг аж. Харин Пак Гын-Хэ 15 сая 773128, Мун Жэ-Ин 14 сая 692632 хүний санал авчээ. Пак Гын-Хэ өдгөө 60 настай. Тэрбээр амьдралынхаа энэ хугацаанд нэг ч удаа гэрлэж байгаагүй бас хүүхэдгүй. Тэрбээр Өмнөд Солонгосын Үндсэн хуулиар таван жилийн бүрэн эрхийн хугацаа эдлэх буюу 65 насандаа Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө. Пак Гын-Хэ нь 1961-1979 онд Өмнөд Солонгос Улсыг удирдаж байсан Пак Жон Хюин ууган хүүхэд юм. Пак Жон Хюи Манж гүрний цэрэг байсан агаад Өмнөд Солонгосын генерал байв.
Тэрбээр 1961 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхийг авч 1963 онд болсон Ерөнхийлөгчийн албан ёсны сонгуульд ялалт байгуулж 1979 онд амь үрэгдэх хүртлээ төрийн тэргүүнээр ажиллажээ. Тэрбээр төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Хойд Солонгосын нууц ажилтнуудын амь насыг нь хөнөөх хоёр ч халдлагаас эсэн мэнд гарч байжээ. Тэрбээр 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн аюулгүй албаны тэргүүний гарт амь эрсэджээ. Солонгосын төв тагнуулын алба /өдгөө Үндэсний тагнуулын алба/- ны тэргүүн, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны дарга Ким Жэ-Кю түүнийг толгойд нь буудан хөнөөсөн бөгөөд 1980 оны тавдугаар сарын 24-нд энэ хэргийнхээ төлөө дүүжлэн хороогдсон байна. Пак Жон Хюи АНУ-ын алдарт “Тайм” сэтгүүлээс тодруулсан “Зууны 10 ази хүн” жагсаалтад багтжээ.
Хэдийгээр Пак Жон Хюи төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авч, өдгөө ч дарангуйлагч, удирдагч гэгдэж байгаа ч хүний эрхийг дээдлэгч, сурган хүмүүжүүлэгч нэгэн байжээ. Мөн хэд хэдэн шинэчлэлийн онол санаачилсан байна. Тэрбээр буддын шашин шүтдэг байсан бөгөөд шинэ Ерөнхийлөгч буюу түүний охин ямар нэгэн шашин шүтдэггүй. Тэрбээр 1974 онд эцгийг нь хөнөөх гэсэн Хойд Солонгосын явуулгын улмаас ээж нь амь үрэгдсэний дараа улстөрд хөл тавьжээ. Тухайн үед тэрбээр дөнгөж 22 настай байсан бөгөөд харьцангуй эрт улстөрд орсон хүмүүсийн нэг юм.
Энэ цагаас эхлэн тэрбээр 1979 он буюу таван жилийн хугацаанд албан бусаар Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай гэгдэж байв. Тэрбээр “Ариун зүрх” хэмээх охидын дунд сургуулийг дүүргэж “Соганг” их сургуульд элсч, сонгуулийн технологийн бакалаврын зэрэгтэй төгсчээ. Үүнийхээ дараа Францын Греноблдийн их сургуулийг зорьсон ч ээжийгээ нас барсны дараа уг сургуулиа хаясан юм. Хэдий тийм ч генералын охин Хойд Солонгостой харилцаагаа сэргээх бодолтой байгаа аж.
Мөн Өмнөд Солонгост нийгмийн хүрээнд тулгамдаад буй асуудлууд болон авлигыг арилгахад гол анхаарлаа хандуулах гэнэ. Үүнээс гадна гадаад байдлыг тогтворжуулж, эрүүл мэнд, боловсролын өртгийг бууруулна гэдгээ сонгуулийн кампанит ажлын үеэр мэдэгдсэн юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдсон нь тус улсын гадаад болон дотоод бодлогод зөөлөн, эерэг өөрчлөлт гарна гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүрч байна. Гэхдээ Пак Гын-Хэ Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Хойд Солонгосын эсрэг аюулгүй байдлыг чангаруулна хэмээн мэдэгдэж хүчтэй удирдагч гэдгээ нотолсоор байна. Пак Гын-Хэ консерватив Аугаа үндэсний намын даргаар 2004-2006, 2011-2012 онд ажиллаж байсан бөгөөд уг нам энэ оны хоёрдугаар сард Сэнури хэмээн нэрээ өөрчилжээ. Түүнчлэн тэрбээр Үндэсний ассамблей /-н парламент/ гишүүн юм.
Тус улсын парламентын гишүүн дөрвөн жилийн хугацаатай сонгогддог бөгөөд 1998 оноос өнөөг хүртэл тасралтгүй Үндэсний ассамблейд сонгогдон ажиллаж байна. Тэрбээр өнгөрөгч зургадугаар сард болсон парламентын сонгуулиар тав дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдон 2016 он хүртэл ажиллах эрхээ халааслаад байжээ.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (2)
zochin (202.179.26.61)
mundag orchuulagch bna daaa
zochin (202.179.26.61)
sain orchuulaga sain orchuulagch bna amjilt