Стивен Жеррард: Ж.Биберийг надаас илүү гэсэн
- 2012-12-25
- Спорт
- 0
Английн хөлбөмбөгийн ертөнцийн нөлөө бүхий сэтгүүл “Match of the day” өнгөрсөн сарын дугаарын “Оддын энгийн хариулт” буландаа “Ливерпүүл” багийн ахлагч Стивен Жеррардыг урьжээ. Ногоон талбайд үргэлж л хөмсөг зангидаж явдаг тэрбээр гэр бүл дотроо нэр хүндгүй болсон гэдгээ нуугаагүй байна. Ингээд уншигч Танд “Ливерпүүл” багийн ахлагчийн “Энгийн хариулт”-ыг хүргэе.
Английн хөлбөмбөгийн ертөнцийн нөлөө бүхий сэтгүүл “Match of the day” өнгөрсөн сарын дугаарын “Оддын энгийн хариулт” буландаа “Ливерпүүл” багийн ахлагч Стивен Жеррардыг урьжээ. Ногоон талбайд үргэлж л хөмсөг зангидаж явдаг тэрбээр гэр бүл дотроо нэр хүндгүй болсон гэдгээ нуугаагүй байна. Ингээд уншигч Танд “Ливерпүүл” багийн ахлагчийн “Энгийн хариулт”-ыг хүргэе.
-Стивен Жеррардын шүтдэг хөлбөмбөгч хэн бэ? -Мэдээж Жон Барнс. “Ливерпүүл”-ийн тоглолтыг үздэг болсноос хойш тэр багийнхаа шилдэг нь байсан. Түүний тайван тоглолт, ухаалаг шийдвэр гаргадаг нь үнэхээр таалагдсан. Саяхан түүнтэй уулзсан. Тэр өдөр миний амьдралд тохиосон хамгийн аз жаргалтай өдрийн нэг байлаа.
-Мэргэжлийн хөлбөмбөгч болоогүй бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бол?
-Энэ тухай огт бодож байгаагүй юм байна. Бараг төрсөн цагаасаа л хөлбөмбөгч болохыг мөрөөдсөн /инээв/. Хэрвээ хөлбөмбөгч болоогүй бол аавынхаа нэгэн адил барилгын салбарт хүч үзэх байсан болов уу.
-Тамирчин хүн болгонд сайхан дурсамжтай үе байдаг. Сайхан дурсамжаасаа сонирхуулаач?
-Надад олон сайхан дурсамж бий. Гэхдээ хамгийн сайхан нь “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод “Милан”-ыг хожсон үе. Тэгэхэд би дөнгөж 24-хөн настай байжээ. Нэр хүндтэй тэмцээн, сонгодог хөлбөмбөг үзүүлсэн тоглолтод багийнхаа ахлагчаар тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Мөн 2001 онд оролцсон гурван тэмцээндээ түрүүлснээ хэзээ ч мартдаггүй юм.
-Сайхан дурсамжууд юм. Хамгийн таагүй дурсамж гэвэл ямар зүйл байх бол?
-“Милан”-д Афинд хожигдсон явдал. Багаараа хүчээ шавхаж тоглосон ч ялж чадаагүй. Тэгэхэд миний сэтгэл үнэхээр их гонсойсон шүү. 2005 онд “Английн лигийн цом”- ын тэмцээний шигшээ тоглолтод багаа хөөдөж өөрийнхөө хаалганд гоолдчихсон /инээв/. Үүнээс болж манай баг хожигдож байлаа. Энэ мөчүүдийг би хэзээ ч мартдаггүй.
-Энэ асуулт таагүй санагдаж магадгүй. Хэрэв танай гэрт гэнэт гал гарвал хамгийн эхэлж хэнийг аврах вэ?
-Эргэлзэх зүйлгүй Алекс болон охидоо аварна. Дараа нь гэртээ хадгалсан “Ливерпүүл”, Английн шигшээ багийн өмсгөлүүдийг аварна даа. Нэр хүндтэй олон хөлбөмбөгчийн гарын үсгээ зурсан өмсгөл байдаг юм. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам нэмэгдэнэ гэж боддог шүү.
-Эрэгтэй хүүхдэд аав нь уулын чинээ түшигтэй байдаг. Танд зөвлөсөн хамгийн сайхан зөвлөгөө нь юу байв?
-“Хөлбөмбөгт чин сэтгэлээ зориул. Тэгвэл хөлбөмбөг чамд бүх зүйлийг бэлэглэнэ”. Намайг дөнгөж хөлбөмбөг тоглож сурч байхад аав минь надад энэ үгийг хэлж байлаа.
-Хааяа найзуудтайгаа наргих үе байна биз?
-Залуу хүн юм чинь наргилгүй яахав.
-Караокед ордог уу?
-Дуулах дургүй хэн байх билээ.
-Тэгвэл караокед ямар дуу дуулдаг вэ?
-Дажгүй дуулчихдаг болохоор бүх л дууг дуулах дуртай /инээв/. Наргиан байсан шүү. Ихэвчлэн “Битлз”- ийн дуунаас дуулдаг. Гэхдээ миний хамгийн сайн дуулдаг дуу бол “King of leon” хамтлагийн “Use somebody” дуу. 30 насныхаа төрсөн өдрөөр хүндэт зочдын өмнө энэ дууг дуулаад алга ташилтаар удтал шагнуулсан юм.
-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Муу нуухаар сайн илчил гэдэг дээ. Үнэнийг хэлэхэд ном уншаад суух зав гардаггүй юм. Гэхдээ сая бэртэлтэй байх хугацаандаа Нил Уорнокийн намтар бүтээлийг уншсан.
-Тоглолтын өмнө ямар нэгэн хоол иддэг үү. Иддэг бол ямар хоол вэ?
-Гоймонг амтлагчтай холиод идчихдэг.
-Та хэр сайн тогооч бол?
-Тийм ч сайн биш. Бүр тодруулбал гал тогооны ажилд дэндүү муу. Харин манай эхнэр бүгдийг нь зохицуулдаг. Миний хийж чаддаг ганц хоол байдаг нь амталсан гоймон.
-Хэзээ нэгэн цагт Таны амьдралаас сэдэвлэн кино бүтээх байх. Тэр үед Таны дүрд хэн тогловол тохирох вэ?
-Дэниел Крейг. Нэгдүгээрт, тэр манай багийн хөгжөөн дэмжигч. Хоёрдугаарт, миний дуртай жүжигчин.
-Ямар нэгэн нууцаасаа дэлгэх байх. Төгсгөлийн асуултыг Танд үлдээе?
-Баярлалаа. Сүүлийн үед манай гэр бүлд нэг ойлгомжгүй асуудал бий болчихоод байна. Гэрийн тэргүүн би байтал охидынхоо дунд ямар ч нэр хүндгүй болчихлоо. Тэд Жастин Биберийг надаас илүү гээд байгаа шүү /инээв/. Үнэнийг хэлэхэд миний охид надад биш Биберт илүү хайртай болсон гэдгээ ний нуугүй хэлсэн.
З.ЦЭЦЭНБИЛЭГ

Сэтгэгдэл (0)