Жон Керри төрийн нарийн бичгийн дарга болно

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон үүрэгт хугацаагаа дуусгаад албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны тэргүүн Барак Обама өөрийн хамгийн өндөр албан тушаалтныг сонгох хэрэгтэй болсон юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон үүрэгт хугацаагаа дуусгаад албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны тэргүүн Барак Обама өөрийн хамгийн өндөр албан тушаалтныг сонгох хэрэгтэй болсон юм.

Хэдийгээр Б.Обама Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж улиран ажиллахаар болбол Х.Клинтоныг албанд нь дахин дөрвөн жил ажиллуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан ч Х.Клинтон сайн дураараа огцрох хүсэлтээ илэрхийлсэн.

Үүний дараа Төрийн нарийн бичгийн даргад хэд хэдэн нөлөө бүхий хүн нэр дэвшиж, тэдний дотроос НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Сьюзан Райс хамгийн өндөр магадлалтай байсан ч Ливийн Бенгази хотод болсон халдлагатай холбоотой мэдэгдлийнхээ төлөө бүгд найрамдахчуудаас хүчтэй шүүмжлэл хүлээсэн.

Уг халдлагын улмаас АНУ-ын дөрвөн дипломатч, түүний дотор Бенгази хот дахь Консулын газрын тэргүүн Крис Стивенс амь үрэгдсэн юм. Юутай ч Б.Обама Сьюзан Райсын нэрийг татаж сенатч Жон Керриг Төрийн нарийн бичгийн даргад дэвшүүллээ. 

Хэрвээ Төрийн бичгийн дарга, Тэргүүн хатагтай асан Х.Клинтон бодлоо өөрчлөхгүй бол ирэх нэгдүгээр сарын сүүлээр түүний албан тушаал Ж.Керрид шилжинэ. Ингэснээр АНУ албан ёсоор найман жилийн дараа дахин эрэгтэй Төрийн бичгийн даргатай болох нь.

Тус улсын түүхэнд эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эмэгтэйчүүдийн цувааг Сьюзан Райс үргэлжлүүлж чадсангүй. Дашрамд дурдахад, АНУ түүхэндээ гурван эмэгтэй Төрийн нарийн бичгийн даргатай байсан бөгөөд Мадлен Олбрайт 1997-2001, Кондолиза Райс 2005-2009, Хиллари Клинтон 2009-2013 он хүртэл ажиллаж байв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)