Д.Номин-Эрдэнэ: Монголын гурван эрдэнэ болно доо
- 2012-12-25
- Спорт
- 0
Монголын хамгийн залууу дэлхийн аварга шатарчин Д.Номин- Эрдэнэтэй ярилцлаа.
Монголын хамгийн залууу дэлхийн аварга шатарчин Д.Номин- Эрдэнэтэй ярилцлаа.
-Дэлхийн аварга охиноор сонин сайхан юу байна? -Тайван даа. Дүүгээ хараад бэлтгэлээ хийгээд л байж байна.
-Өдөр бүр бэлтгэл хийдэг хэрэг үү?
-Тийм ээ. Миний шатрын анхны багш Х.Эрдэнэдоржтойгоо дөрвөн жил гаруй ажилласан. Олон улсын мастер Ц.Лхагвасүрэн багштайгаа хоёр жил орчим бэлтгэл хийж байсан. Харин одоо Ч.Баттүвшин багшийнхаа удирдлага дор хичээллэж байна.
-Аав тань шатрын клубтэй шүү дээ. Багш чинь биш юм уу?
-Миний багш яах аргагүй аав маань мөн л дөө. Гэхдээ аав гэр бүлийн хүн болохоор арай л өөр санагддаг.
-Юу нь өөр гэж?
-Миний багш багш шиг байх ёстой. Өөрөөр хэлбэл багш хатуу шаардлага тавьж надад өндөр чадвар эзэмшүүлэх хэрэгтэй. Аав надад багшлахад би бүх хүчээ дайчилж чадахгүй байх. -Яагаад? -Миний аав болохоор би эрхэлдэг байх л даа /инээв/.
-Миний дүү том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Одоогоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан том шатарчин болохоо мэддэг. -Чи одоо том шатарчин шүү дээ? -Үгүй ээ, би том шатарчин биш.
-Яагаад. Дэлхийн аварга болсон хүүхэд том шатарчин биш гэж үү. Миний хувьд мундаг том шатарчин?
-Энэ бол дөнгөж эхлэл нь шүү дээ. Цаашдаа их мастер болно.
-Ингэхэд шатар тоглохоос гадна ямар авьяастай вэ?
-Зөндөө олон авьяастай. Тэр дотроос сагс, усан спортод сонирхолтой. Одоогоос зургаан жилийн өмнө Арабын Эмериат улсын Ал-Айн хотод болсон Ази тивийн аваргад эхлээд туршлага муутай очсон. Тус тэмцээнд ганцаараа явсан. Тоглолт болгоныхоо өмнө бассейнд ороод ядраад муу тоглосон. Гэхдээ би есдүгээр байр эзэлж байсан. Тэр үед л би сэлж сурсан даа. Усанд сэлэх үнэхээр гоё. Энэ миний бас нэг хобби.
-Миний дүү дандаа л дүүгээ хараад байж байх юм. Аав ээж хоёр нь хаашаа явсан бэ?
-Аав шатрын клубээ ажиллуулахаар явсан. Харин ээж том дүүг цэцэрлэгээс нь авахаар явсан.
-Чи дүүгээ цэцэрлэгээс нь авдаг уу?
-Би гурван удаа л авч байсан. Дүүгээ хөнгөн байсан бол олон удаа авах байсан. Даанч дүү маань их хүнд л дээ. Тэгээд надаар тэврүүлнэ гээд байдаг болохоор их хэцүү байдаг юм. Би хоёр дүүгээ шатарчин болгоно гэж боддог. Манай том дүү гурван ойтой. Жаахан байж шатар нүүнэ шүү. Дүүд маань хэн ч шатар зааж өгөөгүй. Орчин нь л нөлөөлдөг юм шиг байна лээ. Харин бага дүү маань шатар сурахгүй “зодолдоод л” явж байна. Би хоёр дүүгээ гайхалтай том шатарчин болгоно. Яг л Пойлгерь шатарчин эгч дүүс шиг Монголын гурван эрдэнэ болно доо.
-Ямар гоё мөрөөдөлтэй хүүхэд вэ. Та гурав хэдэн жилийн дараа тийм мундаг болох бол?
-Бага дүүгээ 12 хүрэхээр. Яагаад гэвэл миний хоёр дүү их ухаантай.
-Ингэхэд Номин маань ямар бэлэг авах дуртай вэ?
-Шатар л авах дуртай.
-Одоо хэчнээн шатартай болсон бэ?
-Одоогоор хүмүүсийн бэлэглэсэн зургаан шатар бий. Түүнээс хамгийн үнэтэй, том бэлэг гэвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн өгсөн шатар.
-Ямар шатар өгөв?
-Хаш чулуун шатар өгсөн. Одоогоор тэр шатраараа нэг ч тоглоогүй байгаа. Харин энэ шатраараа анхныхаа нүүдлийг өөрөө хийж амилуулсан. Тэгээд бас Монголын оюун ухааны музейд оны өмнөхөн шинээр бүтээгдсэн есөн эрдэнийн шатрыг тус музейн захирал Түмэн-Өлзий гуай бид хоёр нүүж амилуулсан.
-Ямар бэлгэшээлтэй юм бэ. Миний дүү ямар нүүдэл хийсэн бэ?
-Би хараас нүүсэн болохоор Е5 гэдэг нүүдэл хийсэн.
-Е5 гэдгээ тайлбарлаад өгөөч?
-Шатрын том том онол бий. Тэр том онолуудын гарааны эхний нүүдэл юм.
-Шатарчин хүн их удаан сууж тоглодог болохоор тарган байдаг байх гэж боддог. Харин чи эсрэгээрээ юм аа?
-Оюуны спортыг хөдөлгөөний спорттой хослуулах хэрэгтэй байдаг юм. Одоо хүйтэн цастай байгаа болохоор би өглөө босч гүйхэд бэрхшээлтэй байна. Харин зуны улиралд өглөө босоод биеийн тамирын дасгал хийдэг.
-Миний дүүгийн хамгийн дуртай баяр нь юу вэ?
-Бэлтгэл их хийдэг учраас баяр ёслолыг төдийлөн сонирхдоггүй. Гэхдээ шинэ жил, цагаан сар, төрсөн өдөрт дуртай.
-Хоол хийж чадах уу?
-Хөнгөн хоол хийж чадна. Аав ээж маань хоол сайн хийдэг. Тэр дундаа аав ээжээс илүү гоё хоол хийдэг болохоор би зарим хоолыг нь заалгадаг юм. Тухайлбал, ганбургер, шорлог гээд л. Би аавын тухай нэг сонин юм ярих уу.
-За тэг?
-Манай аавыг хүмүүс “ТВ-9” -өөр гардаг “Хоолондоо”-гийн ахтай их андуурдаг. Нэг удаа гэрийнхээ үүдэнд шорлог хийж байхад машинтай хүмүүс хажуугаар явахдаа “Хоол захиалгаар хийх үү. Гэрт хоол хийх үү” гээд л байсан/инээв/.
-Миний дүү ямар хичээлд дуртай вэ. Шатарт сайн юм чинь тооны хичээлд үү?
-Тийм ээ. Би математикийн хичээлдээ сайн. Шатар тоглоод бэлтгэл их хийдэг болохоор хичээлдээ суух ч зав бараг гарахгүй дээ.
-Миний дүүгийн медаль зүүсэн тууз нь бараг дүүрэх нь ээ. Одоо улам олон медаль авна. Тэр медалиудаа яах вэ?
-Дахиад бүр том тууз авч байгаад эхнээс нь ээж, эмээгээрээ оёулна даа. -Өөрөө оёж чадахгүй юу? -Мэдэхгүй л дээ. Зав чөлөө олдохгүй байх аа.
-Энэ олон медалийг нэг бүрчлэн оёохоор их удах байх?
-Их хугацаа орно доо /инээв/.
-Гадаадын олон оронд очиж оюун ухаанаа сорьдог хүн. Гадаадаас ирэхдээ хоёр дүүдээ ямар бэлэг авчирч өгдөг вэ?
-Орон орны үндэснийх нь өмсдөг, зүүдэг хувцас эдлэл авчирч өгдөг. Тухайлбал, Туркээс охины нүдтэй зүүлт, мод, гар утас, түлхүүрийн оосор авчирч өгсөн.
-Үеийн найз нартаа хандаж юу хэлэх вэ?
-Найзууддаа урлаг спорт, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Б.АНХЦЭЦЭГ

Сэтгэгдэл (2)
(202.179.10.34)
SAIN OHIN MUNDAG BNA
(202.179.10.34)
YOSTOI AGUU OHIN DOO