Саудын Араб хаант улсуудын холбоо байгуулахыг хүсэв
- 2012-12-26
- Дэлхий
- 0
Саудын Араб холбоотнуудынхаа дунд Арабын хаант улсуудын холбоо байгуулахыг хүсчээ. Тус улс Ойрхи Дорнод буюу Арабын ертөнцийн нөлөө бүхий орон бөгөөд олон холбоо, эвсэлд багтдаг юм.

Саудын Араб холбоотнуудынхаа дунд Арабын хаант улсуудын холбоо байгуулахыг хүсчээ. Тус улс Ойрхи Дорнод буюу Арабын ертөнцийн нөлөө бүхий орон бөгөөд олон холбоо, эвсэлд багтдаг юм. Арабын ертөнцийн баян, нөлөө бүхий орнууд бүгд хаант засагтай агаад хаант засагтай орнуудын холбоо байгуулахыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Салман бин Абдул Азиз Аль Сауд хүссэн байна.
Хэрвээ ийм холбоо байгуулбал Персийн булангийн орнууд, тэр дундаа Газрын тос экспортлогч орнуудын байгууллага / ОПЕК/-ын нөлөө бүхий гишүүн Саудын Араб тэргүүнээр нь сонгогдох магадлал хамгийн өндөр гэж “Аль-Арабия” мэдээлжээ. Түүнчлэн Салман бин Абдул Азиз Аль Сауд Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийг ирэх онд Саудын Арабын нийслэл Рияд хотод дээд хэмжээний уулзалт зохион байгуулж холбоо байгуулах асуудлыг авч хэлэлцэхийг хүсчээ.
Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл ирэх оны дээд хэмжээний уулзалтаа Бахрейний нийслэл Манама хотод зохион байгуулахаар тогтжээ. Гэсэн ч Саудын Арабын титэмт хунтайж Манамад болох уулзалтыг цуцлахыг хүсч “Бидний хүсэл зорилгод нийцэхгүй байгаа учраас энэ уулзалтад Саудын Араб оролцохгүй” гэжээ.
Үүний хариуд Бахрейний хаан Хамад бин Иса Аль Халифа “Ирэх уулзалтаар бид Персийн булангийн орнуудын ард иргэдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэнэ” гэж мэдэгджээ. Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл 1981 онд байгуулагдсан бөгөөд Бахрейн, Кувейт, Катар, Арабын нэгдсэн эмират, Оман, Саудын Араб гэсэн зургаан хаант засагт гишүүн оронтой юм.

Сэтгэгдэл (0)