Сирийн иргэний дайнд амиа алдагсдын тоо 60 мянгад хүрчээ
- 2013-01-04
- Дэлхий
- 0
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжигч болон сөрөг хүчний тулааны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 59648-д хүрснийг НҮБ-аас мэдээллээ. НҮБ-ын Хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Нави Пиллай өнгөрөгч оны арваннэгдүгээр сар хүртэл Сирийн иргэний дайнд 59648 хүн амь үрэгдсэн гэжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжигч болон сөрөг хүчний тулааны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 59648-д хүрснийг НҮБ-аас мэдээллээ. НҮБ-ын Хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Нави Пиллай өнгөрөгч оны арваннэгдүгээр сар хүртэл Сирийн иргэний дайнд 59648 хүн амь үрэгдсэн гэжээ.
Тэрбээр долоон өөр эх сурвалжаас цуглуулсан мэдээлэлд тулгуурлан дээрх тооцоог гаргасан байна. “Арабын хавар” хэмээх Арабын ертөнцийн олон арван жил төр барьсан удирдагчдыг албан тушаалаас нь авч хаях жирийн иргэдийн эсэргүүцлийн ажиллагаа Сирийг нөмөрсөн 2011 оны гуравдугаар сарын 15-наас хойш 21 сарын хугацаа өнгөрөөд байна.
Харин арваннэгдүгээр сараас хойш Сирид өдөр бүр амиа алдагсдын тоо буурах бус нэмэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч сарын 23- нд 60 хүн амь үрэгдсэн юм. Сирийн сөрөг хүчнийхний мэдээлснээр тус улсад өдөр бүр 10 хүн амьсгал хурааж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 23 хамгийн олон хүн амь үрэгдсэн өдрүүдийн нэг болжээ.
Эл өдөр Засгийн газрын агаарын дайралтад өртөж 60 хүн амь үрэгдсэн байна. Хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Н.Пиллай “Сирийн хүчирхийлэл иргэний дайн болон хувирсан. 60 мянган амь үрэгдсэн гэсэн тооцоо намайг үнэхээр их цочролд оруулсан” гэжээ.
Үүнээс өмнө Сирийн сөрөг хүчнүүд 45 мянган хүн амь үрэгдсэн гэж мэдэгдэж байв. Харин Сирийн Засгийн газар өнгөрөгч 20 сарын хугацаанд 2539 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн аж. Юутай ч Н.Пиллайн хэлснээр өнгөрөгч оны наймдугаар сар Сирийн иргэний дайны үеийн хамгийн их хүн амь үрэгдсэн сар байж.
Уг сард 6000 гаруй хүн амь үрэгдсэн байна. Харин амиа алдсан 59648 хүний 76.1 хувь нь эрэгтэй, 7.5 хувь эмэгтэй байсан бөгөөд 16.4 хувийнх нь хэн болохыг тогтоож чадаагүй гэнэ. Тэгвэл иргэний дайны гал Хомс муж, нийслэл Дамаск хотын зах болон Иблиб, Алеппо хотод хамгийн ширүүн дүрэлзэж байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)