Ц.Сэрээтэр: Өрсөлдөөн ихтэй, үзүүштэй тэмцээн болно

Энэ сарын 11-12-ны өдөр Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болно. Энэ талаар МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэрээс тодрууллаа.
Энэ сарын 11-12-ны өдөр Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болно. Энэ талаар МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэрээс тодрууллаа.

-Оны шилдэг шүүгч болсонд баяр хүргэе!

-Баярлалаа. Зуны олимпийн наадамд манай чөлөөт бөхийн шүүгчид 1968 оноос хойш байнга оролцсоор ирсэн. Тэр уламжлалыг үргэлжлүүлж зохих шалгалтыг нь өгч Лондоны зуны олимпийн наадамд эх орноо төлөөлж ганцаараа шүүгчээр оролцсон. Тэр зүтгэлийг минь үнэлж “Оны шилдэг шүүгч”-ээр шалгаруулсанд баяртай байгаа.

-Насанд хүрэгчдийн УАШТ удахгүй болох гэж байна. Тэмцээний талаар танилцуулахгүй юу?

-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 11-12-ны өдөр “Буянт- Ухаа” спорт цогцолборт гурван дэвжээн дээр болно. Эрэгтэй чөлөөт бөхийн ХХХҮI, эмэгтэй чөлөөт бөхийн ХII удаагийн УАШТ-ийг манай холбоо Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран зохион байгуулж байна. Бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Энэ удаагийн тэмцээн нь олимпийн шинэ мөчлөгийн эхлэл болж байгаа. Мөн Үндэсний шигшээ багийг шинээр бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой тэмцээн болно. Олимпийн мөчлөг дуусч зарим туршлагатай бөх зодог тайлж байна. Өмнөө том зорилго тавьж байгаа залуу бөхчүүд юу чаддагаа харуулах байх. Ер нь л хурц өрсөлдөөнтэй, үзүүштэй тэмцээн болно.

-Шүүгчид болон бөхчүүдийн бүрэлдэхүүний талаар юу хэлэх вэ?

-УАШТ-д нийт 40 шүүгч ажиллана. Ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч, доктор Б.Төмөрбаатар томилогдсон. Бөхчүүд төдийгүй дасгалжуулагчдын хувьд УАШТ нь тухайн оны хамгийн том чухал тэмцээн байдаг болохоор бүх аймаг, спорт хороо, клуб бөхчүүдээ оролцуулдаг. Энэ сарын 10-ны өдөр бүртгэл явагдана. Тухайн үед баг, тамирчдын нэрс тодорхой болох байх.

-Энэ онд МЧБХ олон тэмцээн зохион байгуулахаар болсон байна. Энэ тухай сонирхуулбал?

-2013 онд манай улсад чөлөөт бөхийн дэлхий, тивийн хэмжээний гурван том тэмцээн болно. Гуравдугаар сард эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээн, тавдугаар сард “Mongolia Open-2013” олон улсын тэмцээн, долдугаар сард Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн долдугаар сард ОХУ-ын Казань хотод Оюутны зуны Универсиад наадам зохиогдоно. Энэ удаагийн Универсиад наадмын хөтөлбөрт чөлөөт бөхийн төрөл орсон болохоор манай залуу бөхчүүдэд ур чадвараа харуулах том боломж олдож байгаа юм. УАШТ-ий дараа ОХУ-ын Красноярск хотод болдог И.Ярыгиний нэрэмжит олон улсын “Алтан Гран-При” тэмцээнд манай бөхчүүд зодоглоно.

З.ЦЭЦЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)