У.Чавесын тангараг өргөх ёслол хойшилж магадгүй

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрөгч аравдугаар сарын 7-нд болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон билээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрөгч аравдугаар сарын 7-нд болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон билээ. Тэрбээр энэ сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж албаа цааш үргэлжлүүлэх ёстой.
Гэсэн ч энэ ёслол хойшилж магадгүй гэж тус улсын дэд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд Николас Мадуро мэдэгдлээ. У.Чавес ирэх 10-ны өдөр Үндэсний ассамблей /парламент/-д тангараг өргөх ч эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй байна. Тэрбээр одоо Кубын нийслэл Гавана хотод эмчлүүлж байна. Венесуэлийн Үндсэн хуульд 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёстой гэж заасан байдаг аж. Үүнтэй холбогдуулан сөрөг хүчнийхэн У.Чавесыг заасан хугацаанд тангаргаа өргөх ёстой гэж мэдэгджээ.
Өдгөө 58 настай У.Чавес 1998 оноос хойш Венесуэлийн төрийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд тангаргаа өргөснөөр албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дахин зургаан жилээр сунгана. Юутай ч өнгөрөгч арванхоёдугаар сарын 11-нд Кубад дөрөв дэх удаагаа хорт хавдар авахуулах мэс засалд орсон У.Чавес Ерөнхийлөгчийн тангараг өргөх эсэх нь туйлын эргэлзээтэй байна. Учир нь түүний биеийн байдал нэлээд хүнд байгаа юм. У.Чавес өөрийн залгамжлагчаар дэд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдын албыг давхар хашигч Николас Мадурог сонгосон ба тус улсад улстөрийн тогтворгүй үүсч болзошгүй байгааг ажиглагчид сануулж байна.
Үүнээс өмнө тус улсын сөрөг хүчнийхэн У.Чавесыг ажил үүргээ цалгардуулж байна хэмээн Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохыг шаардаж, эмх замбараагүй байдал бий болгож байсан юм. Мөн Венесуэлийн Үндэсний ассамблей өнгөрөгч бямба гаригт Диосдадо Кабельог парламентын даргаар дахин сонгожээ. Мөн түүнийг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр давхар сонгосон байна.
Хэрвээ У.Чавес хоёрдугаар сарын 10- наас өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөхгүй бол төрийн тэргүүний сонгуулийг дахин явуулах гэнэ. Хэдийгээр Д.Кабельо, Н.Мадуро хоёул У.Чавесын үнэнч холбоотон ч Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө тэмцэлдэж магадгүй тухай эх сурвалжууд тэмдэглэжээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)