С.Берлускони ялсан ч засгийн газрыг тэргүүлэхгүй
- 2013-01-09
- Дэлхий
- 0
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони ирэх парламентын сонгуульд
Эрх чөлөөт ард түмэн намаа удирдан оролцохоор болсон бөгөөд ялалт
байгуулсан ч Ерөнхий сайдын албан тушаал түүнийх болохгүй гэж “РИА
Новости” агентлаг Италийн “РТЛ 102.5” фм-ийн мэдээллээс эш татан
мэдээллээ.

Италийн хамгийн нөлөө бүхий улстөрч, хэвлэлийн магнат С.Берлускони Ерөнхий сайдаар гурван удаа томилогдон ажиллаж, сүүлийн жилүүдэд “шар сэмжилсэн” хэргүүдийнхээ улмаас нэр хүндээ ихээхэн алдаад байгаа юм. Хэрвээ Эрх чөлөөт ард түмэн нам ялалт байгуулж олонхи болбол Хууль зүйн сайд асан Анжелина Алфано Ерөнхий сайдаар томилогдох аж. Гэхдээ энэ удаагийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Марио Монти “Италийн төлөөх Монтигийн хөтөлбөр” хэмээх эвсэл байгуулж оролцож байгаа юм.
Түүнчлэн өнгөрөгч парламентын сонгуульд Эрх чөлөөт ард түмэн намтай хүчтэй өрсөлдөж, дөрвөн хувийн саналаар олонхи болж чадаагүй Пьер Луижи Берсани тэргүүтэй Ардчилсан нам нэлээд хүчтэй өрсөлдөх бололтой. Ирэх парламентын сонгуульд үүнээс гадна Беппе Грилло даргатай Таван од хөдөлгөөн оролцож байна. Гэхдээ гол өрсөлдөөн дээрх дурдагдсан гурван нам, эвслийн хооронд болох гэнэ. Италийн Ерөнхий сайд парламентын сонгуулийн адил таван жилийн хугацаатай сонгогддог хэдий ч 2008 онд Ерөнхий сайдаар томилогдсон С.Берлускони өнгөрөгч онд ард иргэд, улстөрчдийн шахалтаар Ерөнхий сайдын албан тушаалаа нам бус Марио Монтид шилжүүлсэн.
Тус улс Евро бүсийн санхүүгийн хямралд өртөөд байгаа. Улстөрчид Европын холбооны санхүүгийн хэлтэст багагүй хугацааг өнгөрүүлсэн туршлагатай эдийн засагч Марио Монтиг Италийг өрийн хямралаас гаргаж чадна хэмээн Ерөнхий сайдад томилсон юм. Харин “Супер Марио” гэгддэг нэрт эдийн засагч энэ удаагийн парламентын сонгуульд оролцохгүй хэмээж байсан ч С.Берлускониг улстөрд эргэн ирсний дараа оролцохоор болсон.
Энэ зуур С.Берлускони “М.Монти намайг улстөрөөс авч хаяхыг санаархаж байна. Надад оноогоод буй татвараас зайлсхийсэн хэрэг, насанд хүрээгүй охиныг садар самуунд уруу татсан хэрэгт би огт буруугүй” хэмээн мэдэгдэж, Ерөнхий сайд Марио Монтиг шүүмжлэхийн сацуу шаардлагатай тохиолдолд парламентыг тараана гэж мэдэгдэж байв. Учир нь өнгөрөгч парламентын сонгуульд ялалт байгуулсан С.Берлусконийн Эрх чөлөөт ард түмэн нам парламентад олонхи байгаа юм.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)